Монголын эрэгтэйчүүдийн холбоо 2005 оноос эхлэн эцэг хүний үнэлэмж, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүлд аав хүүхдийн харилцааг бэхжүүлэх зорилгоор “Аав нарын өдөр”-ийг жил бүрийн 8 сарын 8-нд тэмдэглэдэг. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газрын албадан саатуулах, баривчлах төв, Монголын эрэгтэйчүүдийн холбоотой хамтран гурав дахь жилдээ “Аавуудын баяр”-ыг тэмдэглэж байна. Тус арга хэмжээнд Замын цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах хэлтэс, Архидалт мансуурлын эсрэг ассиоцаци хамтран гэр бүлийн харилцаанд эцэг хүний гүйцэтгэх үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр албадан саатуулагдаж байгаа иргэдийг ар гэрийхэнтэй нь уулзуулж үр хүүхдүүдийнх нь чин сэтгэлийн үгийг нь сонсгохын зэрэгцээ шатар, даам, билъяард, гэр өргөлтийн тэмцээнүүдийг зохион байгуулж ялагч нарыг урамшуулсан юм.
Албадан саатуулан баривчлах төвийн дарга н.Хүрэлбаатартай цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө таньд аавуудын баярын мэнд хүргэе. Өнөөдрийн байдлаар хичнээн хүн албадан саатуулагдаад байгаа вэ?
Өнөөдрийн байдлаар яг 270 хүн албадан саатуулагдаад байна. Өнөөдөр наймдугаар сарын 8 аавуудын баярын өдөр. Байгуулгын зүгээс бол эр хүн ямар байх ёстой, тэр дундаа гэр бүлтэй эцэг хүн хүнлэг, хүмүүнлэг байх ёстой гэсэн үүднээс энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Эрчүүд маань архи дарс, гэмт хэргээс хол байгаа ч гэмт хэрэгт өртөж, архи дарс ууж болзошгүй ийм тохиолдол байх юм бол өөрийгөө татаж авах хэрэгтэй. Гол нь гэр бүлдээ, үр хүүхэддээ хүнлэг байх сэтгэлийг олж авах ийм ач холбогдолтой арга хэмжээ юм.
-Эрэгтэйчүүдийн холбооноос ямар арга хэмжээ зохион байгуулдаг вэ?
Манай төвд эрчүүдийн зөвлөл гэж холбоо байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ байгууллага нь өдөр болгон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар, архины эсрэг мэдээлэл хүргэдэг.
-Албадан саатуулах газар нийт хичнээн хүн хүлээн авах багтаамжтай вэ?
Нийт 230 хүн хүлээн авах ёстой, гэхдээ одоогийн байдлаар 250 хүн хүлээн авч байгаа. Яагаад гэвэл захиргааны хариуцлагын хуулиар 7-30 хоног саатуулдаг. Эдгээр саатуулагдсан хүмүүс гарч амжаагүй байхад нь хүмүүс нэмэгдэж орж ирдэг болохоор ачаалал нь төдийлөн буурахгүй байгаа юм.
-Албадан саатуулагдах төвд ихэвчлэн ямар хэргээр, хэдээс хэдэн насныхан голчлон саатуулагддаг вэ?
Ер нь албадан саатуулах төвд ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүс байгаа. Ихэвчлэн 25-30 насны хүмүүс байна. Энэ хүмүүс маань ч цаашдаа залуужих хандлагатай байна. Тийм учраас эрчүүдийгээ, аавуудыгаа архинаас хол байлгах үүднээс ийм арга хэмжээ зохиох нэг шалтгаан болж байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )