Зоос банкны удирдлагуудыг шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

 “Зоос” банкийг дампууруулсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг шүүх хурал өнөөдөр 12.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болно.   
    Хуралд И.Ганбат, М.Сүхчулуун нар шүүгчээр оролцох аж. Уг хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Насанбат хяналт тавьж байсан ч тэрээр Завхан аймагт томилогдсон тул М.Сүхчулуун хяналт тавихаар болсон юм.
Шүүгдэгч Ж.Алтанцагийн өмгөөлөгч Б.Оюунбилэг гадаадад ажилтай, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан зэрэг шалтгаанаар хоёр ч удаа хойшлоод байв.
    Тэднийг Эрүүгийн тусгай ангийн 156.3-т зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ажээ.
    Мөн энэ хэрэгт тус банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдож өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноогоод байсан ч өршөөлийн хуульд хамруулан хорих ялыг хэрэгсэхгүй болгож, 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэр гаргасан юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top