Хөрөг зургийн гайхамшгийг “Эмээгийн хөрөг” үзэсгэлэн толилуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

“Цагаан дариум” арт галерейд өчигдөр ОХУ-ын урчуудын хорооны гишүүн, зураач Б.Отгонтүвдэн “Эмээгийн хөрөг” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. Тус үзэсгэлэнд суурь уран зураг буюу реалист уран зургийн арга барилаар туурвигдсан 25-26 бүтээл тавигджээ. Эмээгийн хөрөг уран зургийн үзэсгэлэнгээ тэрээр  ихэвчлэн хөрөг зургаар бүрдүүлсэн ба дүрийн онцлог зан авир, бодол санаа, хүсэл сонирхлыг илэрхийлж, дүр дүрслэл, өнгө бичилтийн уламжлалт техникийг орчин үеийн арга барилтай хослуулан ашиглажээ.

“Эмээгийн хөрөг” анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж буй Б.Отгонтүвдэнгийн тухай сонирхуулахад, Монгол улсаас анх удаа И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академид багшлах эрх авсан авьяаслаг залуу уран бүтээлч юм.

Түүний бие даасан анхны үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд манай нэрт уран зураачид ирж оролцон өөрсдийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Ингээд тэдний сэтгэгдлийг хүргэе.

-Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Сүхээ:

-Дэлхийн сонгодог уран зурагтай Монголын зурагт хайртай үзэгчдийг танилцуулж байгаад баяр хүргэе. И.Е.Репиний нэрэмжит дүрслэх урлагийн сургуулийг нэр төртэй төгсөж, Монголын нэрийг өндөрт өргөж яваа Отгонтүвдэндээ баяр хүргэе. Цааш цаашдын уран бүтээлд чинь өндрөөс өндөр амжилт хүсье. Улам ихийг хийж бүтээгээрэй.  

-МУИС-ийн багш, дэд профессор Ч.Болдбаатар:

-Энэ өдөр Даваа, Гаваа гуай нар байсан бол маш их баярлах байлаа. Энд тавигдсан уран бүтээлүүдийн арга барилыг энд хэлэх хэрэгтэй. Уран зураг дотроо маш олон чиг хандлагатай. Өнөөгийн манай уран зурагт бийрийн бичлэгийн экспрэсс, солонго тавих аргууд мартагдсанаас гадна их уран зургийн ай сав руу хазайж орохоо больсон. Харин энэ уран бүтээлүүдээс Оросын уран зургийн тогооноос хутгаж авсан маш их зүйл харагдаж байна.

ОХУ-ын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийг амжилттай дүүргэн анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаад буй авьяаслаг залуу уран бүтээлч Б.Отгонтүвдэнтэй цөөн хором ярилцсан юм.

-Уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт маш сайхан боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

 -Бие даасан анхны үзэсгэлэн маань маш амжилттай болж байгаад сэтгэл өндөр байна. ОХУ-д энэ жил И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийг төгсөөд сургуульдаа багшлах эрх авсан. Мөн ОХУ-ын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн боллоо. Цаашдаа И.Е.Репиний нэрэмжит уран зургийн сургуулийг Монголын дүрслэх урлагийн сургуультай холбож Монголынхоо авьяаслаг залуучуудыг сургахын төлөө хамаг хүч хөдөлмөрөө дайчилж ажиллана.

-Яагаад “Эмээгийг хөрөг” гэж нэрлэсэн бэ?

-25-26 зураг тавигдсан байгаа. Ихэнх нь хөрөг зураг. Энд хичээлийн этюд хөргүүд тавигдсан. Ер нь үзэсгэлэн нэг сэдвийн агуулгатай байдаг. Тиймээс ойр дотныхоо хүмүүстэй ярилцаж байгаад "Эмээгийн хөрөг" зургаараа нэрлэсэн.

-Цаашдын зорилго?

-Дараа жил дахин нэг үзэсгэлэн гаргана гэж бодож байгаа. Тэрхүү үзэсгэлэндээ цэвэр үйл явдлын зургуудаа тавина.

Д.Төгсөө

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top