Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд яг одоо хэлэлцэж байна. Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн тавдугаар сарын 7-нд тэдний гэм буруутай нь нотлогдсон тул ял оноожээ. Тодруулбал, Засаг дарга Э.Цасчихэрт албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жил хасч, гурван жил хорих ял оноосон. Мөн ИТХ-ын дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасах шийдвэр гаргасан юм.
Э.Цасчихэрийг Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн Нарийны голын 325 м, Тээлийн голын 75.3 м зам гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын орон сууцны хөрөнгөөс завшсан, төрийн алба хаагчдын цалинг барьцаалан зээл авсан гэх хэд хэдэн үндэслэлээр АТГ-т шалгасан юм. Харин ИТХ-ын дарга Д.Батсайханыг орон сууцны хөрөнгөөс завшихад оролцсон гэж буруутгасан. Нийслэлийн Прокурорын газраас Э.Цасчихэрийг төрийн албан хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөг завшсан гэж буруутгажээ.
Иймд Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )