Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургууль “Khaan quest” буюу “Хааны эрэлд-2012” энэ сарын 12-24-ны өдрүүдэд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болох гэж байна.
Найм дахь жилдээ болох гэж буй энэхүү хамтарсан сургуульд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, Энэтхэг, Солонгос, Япон, Канад, Австрали, Герман, Франц, Сингапур зэрэг 12 орны 1000 гаруй цэргийн алба хаагч оролцох бөгөөд БНХАУ, ОХУ, Казахстаны Зэвсэгт хүчнийхэн ажиглагчаар оролцох юм. Энэ удаагийн “Хааны эрэлд-2012” сургуульд манай улсын Зэвсэгт хүчний 600 гаруй цэргийн алба хаагч оролцох бөгөөд АНУ-ын 200 гаруй албан хаагч оролцох ажээ.
Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штаб нь АНУ, Бельги, Энэтхэг, Хятад, ОХУ-тай хамтарсан бэлтгэл хийдэг бөгөөд “Хааны эрэлд” сургууль нь хамтын ажиллагааны хүрээнд хийгддэг хээрийн сургуулийн нэг юм.
Өнгөрсөн хугацаанд “Хааны эрэлд” хээрийн сургуульд 15 орны 6000 гаруй мэргэжилтэн оролцсон бөгөөд тэд туршлага солилцохоос гадна цэргийн нөхөрлөлөө бэхжүүлдгээрээ онцлогтой.
НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох байнгын хамтын ажиллагааг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хээрийн сургуулилт анх 2003 онд Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулилтаар эхэлж байсан түүхтэй. Улмаар 2006 онд олон улсын сургууль болж өргөжин Ази, Номхон далайн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр хэрэгждэг таван том арга хэмжээний нэгд тооцогдох болжээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )