Одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2010 оны хавар 120 мянгатын зүүн талд, өөрөөр хэлбэл автобусны буудлын хажууд 9000 м.кв хэмжээ бүхий газарт “Алтай констракшн” компани хашаа тойруулан хатгаж, цөөн хэдэн модыг нь ум хумгүй огтолж, барилга барих ажлаа эхэлсэн билээ. Уг газрыг тухайн үед Улаанбаатар хотын ерөнхий менежер байсан Г.Мөнхбаярын зөвшөөрлийн дагуу олгосон байдаг. 120 мянгатын оршин суугчид хашаа хатгасан даруйд эсэргүүцэж, гурав хоног тэмцсэний үр дүнд хотын дарга уг зөвшөөрлөө цуцалсан юм. Ийн газрын зөвшөөрлийг нь цуцалсан даруйд “Алтай констракшн” ХХК хотын даргыг шүүхэд өгсөн.


Анхан шатны шүүхийн шийдвэр барилгын компанийн талд гарсан бол давж заалдах шатны шүүх харин уг маргааныг иргэд, оршин суугчдын талд шийдвэрлэж байжээ. Хамгийн сүүлд зургаадугаар сарын 19-ний өдөр дээд шүүх уг хэргийг шүүн хэлэлцсэн байна. Дээд шүүхээс тус компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр барилга барих нь хуульд нийцэхгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх иргэдийн тав тухтай орчин, амьд явах баталгааг хангахын төлөө шийдвэрээ гаргасан. Харин Алтай констракшн хотын захиргаанаас нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн. Уг газар дээр дэд бүтэц байгуулах, барилгын суурь хийх зэрэгт зарцуулсан мөнгө нь ийм хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа бололтой юм.
Өдгөө иргэдийн хэлж буйгаар “Шинэ Хан-Уул” нэртэй цэцэрлэгт хүрээлэнг тус газар дээр байгуулах болсон аж. Уг хэсэг газар нь Хан-Уул дүүрэгт үлдсэн цорын ганц ногоон байгууламж байв. Гэвч амралт чөлөөт цагийн цогцолбор болгох ажил товлосон цагтаа эхлээгүй, ”Алтай констракшн” компани энэ хэсгийг ухаж сэндийлсний дээр хамгаалалтын пост, хашааны төмөр зэрэг нь овоолттой байсаар байгаа нь энэ хэсгийн өнгө үзэмжид нөлөөлөхийн дээр уг хэрэг эцэслэгдээгүй бололтой гэсэн харыг төрүүлсээр байна. Учир нь ”Алтай констракшн” компани дахин зарга нэхэн зохих шатны шүүхэд хандаж, хэрэг сунжрахыг үгүйсгэх аргагүй юм.






ХУД-ийн 1-р хорооны иргэд хоёр жил заргалдаж, шүүхийн шийдвэр иргэдийн талд гарсан ч ахин ямар асуудал үүсэх нь тодорхойгүй байгаа энэ үед нь өмнөх маргаан үүсгээд байсан газраас нь 100 хүрэхгүй метрийн зайд буюу 18,19-р байрны голд хашаа хатгаад барилга барьж эхэлжээ. Оршин байгаа хэсгийнхээ газрыг хууль бусаар алдаж хаширсан иргэд бухимдангуй очтол хорооны байр барих тухай мэдээллийн самбар байсанд зөөлөрч дуугүй өнгөрсөн биз. Орцны нэг давхарт, эсвэл 0 тоотод байрлах эмнэлэг, цагдаагийн хэсэгтэй байснаас нэгдсэн шинэ байртай болсон нь дээр юм даа хэмээн гэрт нь тусах гэрлийг хаах байсан ч заргалдаж асуудал үүсгээгүй байна. Гэтэл залгуулаад цагдаагийн албан хаагчдын лавтай таван давхар орон сууц барьж гэрт нь тусах байгалийн гэрлийг хугаслах болсонд эсэргүүцэж хэвлэлийн хурал хийж байв. Ингээд дийлээгүй цагдаагийн алба хаагчдын барилга дөрвөн давхар хүртлээ баригджээ.




Хорооны газрыг нийслэлийн газрын алба, харин цагдаагийн орон сууцны зөвшөөрлийг Хан-Уул дүүрэг өгсөн байна. Хороотой болох чухал байж болох ч цагдаагийн алба хаагчдын барилгыг чухам яагаад иргэдийнхээ ая тухтай, амгалан тайван амьдрах нөхцөл байдлыг алдагдуулан барих болсон нь асуулт хэвээр үлдлээ. Одоогоор цагдаагийн алба хаагчдын барилгын ажил дөрөвдүгээр давхартаа орсон байна. Энэ барилга 19-р байрны нэлээд олон өрхийг гэртээ нарны гэрэл үзэхээргүй нөхцөлд хүргэжээ. Барихаас нь өмнө эсэргүүцсэн ч иргэд дийлсэнгүй бололтой. Ингээд зогсоогүй иргэдийн тав тухыг алдагдуулж шөнөжин хүнд даацын машин ажиллаж, нойргүй хоноход хүргээд байгаа гэв. Ийн алба хаагчдын барилга сүндэрлэн босч байхад хорооны барилга нэг давхраа ч барьж эхлээгүй байх юм.




Энэ мэт хууль бус, орчин тойрныг нь судлаагүй газар олголт Хан-Уул дүүргийн хувьд анх удаа гарч байгаа санамсаргүй хэрэг биш. 2008 онд тус дүүргийн 14,15-р байрны зэргэлдээ 13 давхар зочид буудал барьж, иргэдийнхээ эгдүүцлийг хүргэж байв.


Ер нь ч Хан-Уул нь үйлдвэрүүд түлхүү, гэр хороолол харьцангуй бага дүүрэг юм. Дүүргээсээ баруун тийш Яармаг, Нисэх, 120 мянгатаас Зайсан хүртэл орон сууцны барилга олноор баригдаж байхад цагдаагийн алба хаагчдын барилга барих багахан хэмжээний газар олдоогүй нь загасчны морь усгүй хоцорсонтой ялгаа юу байх билээ. Ашгийн төлөө ажилладаг барилгын компаниудад их хэмжээгээр газар өгч болоод байхад иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө цаг наргүй зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын орон сууцны барилга барихад давчуухан газар ногдож байгаа нь ашгийн ямар нэг сонирхол байгаа бололтой юм.
Ийн хорооны хэмжээнд үүсээд буй барилгын болон газрын маргааны талаар ХУД-ийн нэгдүгээр хорооны засаг дарга Р.Ганболдоос тодруулсан юм.
-Өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдөр 120 мянгатын автобусны буудлын дэргэдэх 9000м.кв газрын асуудлыг шүүн хэлэлцэж, иргэдийн талд шийдвэр гаргасан гэсэн. Гэтэл өнөөдөр ч Алтай констракшны хураалттай хашаа, хамгаалалтын пост байгаагийн дээр газрыг нь ч ухаж сэндийчсэн яг тэр хэвээр байна. Энэ ямар учиртай вэ?
-Зургадугаар сарын 19-ний хурлаар шүүхийн шийдвэр иргэдийн талд гарсан. Одоо шүүхийн шийдвэр хэрэгжих шатандаа буюу Алтай констракшны тавьсан хашааг албадан нүүлгэх л болов уу гэж бодож байна. Би саяхан амралтаа аваад орж ирсэн юм. Одоо шүүхийн шийдвэр биелүүлэх газарт л хандана гэж бодоод байна. Илүү нарийн зүйлийн талаар НИТХ-ын төлөөлөгч Д.Байдраг тодорхой мэдээлэлтэй байгаа.
-Энэ газраа иргэд тохижуулах тухай ярьж байсан. Энэ хэзээ хэрэгжих вэ?
-Дүүргийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс нийтийн эзэмшлийн газрын тохижилтын асуудлыг бүрэн шийдвэрлэж байгаа. Одоо “Алтай констракшн” газраа чөлөөлчихвөл тохижилтын санхүүжилт төсөвлөгдчихсөн.
-Мөн уг газраас холгүй нэгдүгээр хорооны барилга болон цагдаагийн алба хаагчдын орон сууц барьж байна. Үүнийг барьж эхлэхэд л иргэд таагүй хандаж, эсэргүүцэж байсан. Ингээд зогсоогүй шөнө иргэдийн амгалан тайван амрах байдлыг алдагдуулж, хүнд даацын машин ажиллаж, барилгын ажлын дуу чимээ ихтэй байна гэсэн. Энэ талаар иргэдээс гомдол ирсэн үү. Гүйцэтгэгч компанитай холбогдож энэ талаар шаардлага тавив уу?
-Иргэдээс ер нь байнга гомдол ирж байгаа. Хорооны нэг цэгийн үйлчилгээний байр, цагдаагийн орон сууцтай давхар барьдаг нь ямар учиртай юм бэ гэсэн гомдол тасралтгүй ирсээр байна. Үүний талаар зохих шатны газар олгодог дарга нар л зөв хариулт өгөх байх. Барилга дээр очиход холбогдох албан тушаалтан, эрх мэдэл бүхий хүмүүс компанийн зүгээс байдаггүй. Барилгын ажилчид л байдаг. Ажилчид нь энэ талаар мэдэхгүй гэсэн хариулт өгдөг. Ингээд компанийн зүгээс ирж уулз гэдэг шаардлага тавиад байдаг. Ирж уулзахгүй байна. Гэхдээ одоогоор надад шөнө ажиллаж, амгалан тайван байдал алдагдуулсан тухай гомдол ирээгүй.
-Та иргэдийнхээ гомдлыг зохих шатны хүмүүст хандаж дамжуулж өгч байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Нийслэлийн Засаг даргын захирамж хүчингүй болсон тогтоол надад ирсэн. Үүнийг дүүргийнхээ төрийн сан, ЗДТГ-т хүлээлгэн өгсөн. Иргэдээс маань байнга гомдол ирээд байна. Ерөөсөө л нийслэлийн Засаг даргын захирамж хүчингүй болсон. Иймд иргэдэд маань хариулт өгч, шийдвэр гаргаж өгөөч ээ гэдэг хүсэлтээ ЗДТГ-т бичгээр өгчихсөн байгаа.
-Цагдаагийн алба хаагчдын байр нэлээд хурдан баригдаж дөрвөн давхар болсон байна. Гэтэл хамгийн хэрэгтэй, шаардлагатай байгаа хорооны барилга нэгдүгээр давхар нь ч бүрэн босоогүй харагдлаа. Энэ ямар учиртай вэ?
-Үндсэн шалтгаан нь хорооны байр барих газар дээр орон сууц барьж байгаагаас шалтгаалан зай талбай бага байна. Иймд материалаа бага багаар авчирч барихаар ажил урагшилж өгөхгүй байна гэж тайлбарласан. Уг нь хоёр давхар байшин юм л даа. Гэхдээ хугацаандаа хийж гүйцэтгэнэ гэж хэлсэн.
-Хоёр барилгыг гүйцэтгэгч компани нэг үү. Эсвэл тусдаа юу?
-Хоёр өөр компани гүйцэтгэж байгаа.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )