Цахилгааны урамшуулал олгож байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын санаачлагаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 22-ны А-116/391 тоот тушаалд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн зургадугаар зүйлд заасан нөхцөл шалгуурын дагуу зөвхөн гэр хорооллын ахуйн хэрэглэгчдэд цахилгааны урамшууллыг олгоно гэж заасан. Гэхдээ үүнд үндсэн хоёр чиглэлийг баримтлах аж. Нэгдүгээрт тухайн орон гэр, байрныхаа халаалтын системийг зуун хувь цахилгаанаар шийдсэн байх. Хоёрдугаарт стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, газрын гүний дулаан, нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа, сайжруулсан буюу шахмал коксон түлш хэрэглэдэг зэрэг байгаль орчинд ээлтэй орон сууцанд амьдарч байгаа ахуйн хэрэглэгчдэд олгох боломжтой юм байна.

Мөн түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын зуух, тусламж, төсөл хөтөлбөрт хамрагдсан байж болох аж. Эдгээр нөхцлийг хангасан айл өрхийг шөнийн цагаар буюу 18.00-09.00 цагийн хооронд хэрэглэсэн 3000 кВтц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх юм. Харин хоёрдугаар шаардлага нөхцлүүдийг хангасан айл өрхөд ахуйн хэрэглээний сард хэрэглэсэн 200 кВтц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувиар бууруулах цахилгааны урамшуулал олгоно. Эдгээр цахилгааны урамшуулал нь аж ахуйн нэгжид бус, зөвхөн ахуйн хэрэглэгчдэд хамаарах юм. Иргэд энэхүү урамшуулалд хамрагдахыг хүсвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргаж өгөх юм. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Монгол улсын хуулийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа тохиолдолд дээрх хоёр урамшууллын аль нэгийг зөвшөөрсөн тодорхойлолтыг иргэдэд олгоно. Уг тодорхойлолт нь “УБЦТС” ХК-д ирсэнээр иргэдтэй “Цахилгааны үнийн урамшуулал олгох” гэрээ байгуулан хамтран ажилах боломжтой болох юм.

Д.Шинээ               

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top