“Хүн” нэртэй зураг олны анхаарлыг ихэд татжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс “Зураг” нэртэй уран зургийн галерей ажиллуулж зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан Э.Отгонбаярын бие даасан “ОТГО арт” нэртэй үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Уг үзэсгэлэн Цагаандариум Арт Галерей музейд энэ сарын 30-ыг хүртэл олны хүртээл болох юм.

“Зураг” галерейг үүсгэн байгуулагч, галерейч, зураач, урлаг судлаач Э.Отгонбаяр нь эх орондоо Монгол зургийн ангийг 1998 онд дүүргэж улмаар уран бүтээлч, Монгол зураг болон Монголын түүх судлаачаар бие даан ажиллаж байжээ. Мөн 2005 онд Берлинд ирж тус хот дахь Герман Улсын Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр гурван жил суралцан магистерийн зэргээр төгсчээ. Тэрбээр Европын холбооны ихэнх улсад бие даасан болон хамтын үзэсгэлэнгүүдэд оролцон зохион байгуулж байсан туршлагатай уран бүтээлч билээ.

Өнгөрсөн онд Германы телевизээр бүтээл туурвилынх нь тухай “Зураг” баримтат кино гарч, урлагт дуртай германчуудыг бишрүүлсэн аж. Уг баримтат киног дараа нь манай Үндэсний телевизийн уран бүтээлчид эх орон даяар цацаж олны хүртээл болгосон.

Сүүлийн долоон жил Монголдоо үзэсгэлэн гаргаагүй тэрээр энэ удаагийн үзэсгэлэндээ их ач холбогдол өгсөн гэнэ. Түүний шинэ үзэсгэлэнд том, жижиг 20 орчим уран бүтээлүүдээс 660 x 217 см хэмжээ бүхий “Хүн” нэртэй зураг нь олны анхаарлыг ихэд татаж байлаа. Энэхүү зурганд 11000 гаруй хүн амьтны дүрслэл орсон нь Монголдоо төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд өмнө байгаагүй хамгийн олон хүн дүрслэгдсэнээрээ онцлог юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top