Хичээлийн шинэ жил айсуй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 11

Сургуульд сурах хүндрэлтэй болжээ...

Налгар сайхан зуны амралт дуусч түмний үрс хичээл сургуульдаа цуглах цаг хаяанд ирлээ. Хүүхэд бүр л хичээлийн шинэ жилдээ ирэхдээ шинэхэн хувцсаар гоёод нэг л шинэ болчихсон хүн хичээлдээ суудагсан. Олон сар бие биенээ хараагүй жаалууд анги танхимдаа бужигналдаад хэн хаана, яаж амарсан тухайгаа өөр хоорондоо шулганалдан ярилцана.

Дан ганц дунд сургуулийн сурагчдыг хэлэлтгүй шинээр оюутан болж элсэн орж байгаа мянга мянган дээд мэргэжил эзэмших гэсэн залуус эх нутгийнхаа өнцөг булан бүрээс чуулж байгаа. Энэ жилийн хувьд мөн адил өмнөх онуудынх шигээ олон оюутан элсэн суралцахаар болсон.

Өнгөрөгч хавар сургууль амрахтай зэрэгцэн бүх дунд сургуулиуд урсгал засвар болон шинээр хэд хэдэн шинэ сургуулиудыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар манай улсын боловсролын салбарын аль ч шатанд сургалтын орчин нөхцөл тийм ч хангалтгүй байгаа. Захын жишээ л гэхэд цэцэрлэгт хүүхдээ өгөх гээд авах цэцэрлэг олдохоо болиод удлаа. Ямар сайндаа таньдаг цэцэрлэгийн багш байхгүй биз хэмээхэв дээ. Дунд сургууль ч ялгаагүй шинээр хүүхэд элсүүлэн суралцуулахад сургалтын орчин байр савны хүрэлцээгүй гээд тэр болгон элсэе гэсэн бүхнийг элсүүлдэггүй.

Мөн танил тал харан дээгүүр доогуур гүйж байж сая нэг хүүхдээ сургуулийн бараа харуулдаг эцэг эхчүүд зөндөө бий. Манай улсын боловсролын системд 22 өөрчлөлт хийгдсэн гэж өнгөлөн далдлах боловч хачир дээрээ нэг их хийгдээд өөрчлөгдчихсөн зүйл одоогоор хараахан ажиглагдахгүй л байгаа.

“Кэмбэрээж” боловсрол...

Монгол Улсын боловсролыг кэмбрижчилэх /Кэмбрижийнх шиг болгох/, ерөнхий боловсролын үндэсний стандарт, хөтөлбөрийг Кэмбрижийн стандарт, хөтөлбөрт нийцүүлэх, Кэмбрижийн стандарт, хөтөлбөрийг хангахын тулд суралцах, Кэмбрижийн стандартын дагуу шалгуулах, Кэмбрижийн их сургуульд элссэн суралцах, монгол багш Кэмбрижийн стандарт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллах, давтан бэлтгэх, оюутныг Кэмбрижийн стандарт, хөтөлбөрийн дагуу сургах, сургууль, соёлын орчинг Кэмбрижийнх шиг болгох, сургалтыг хоёр хэлээр явуулах гэсэн утга агуулга бүхий зүйлүүд ноднингоос манайд дуулдаж эхэлсэн. Тэр нь одоо ажил хэрэг болоод Кэмбрижийн стандарттай сургууль хүртэл хэд гурваараа байгуулагдсан. Энэ хичээлийн жилээс эхлээд бараг бүх сургуулиудад “Кэмбэрээж”-ын стандарт тогтоохоор ажиллах байх даа бодвол. Тэгэхгүй бол ардын хүүхдүүд ардын сургуульдаа сураад, дарга нарын хүүхдүүд голцуу тэр “Кэмбэрээж” гээчид нь сураад явж байна.

Шинэ дэвтэр хэдэн төгрөг хүрч, шинэ номын үнэ хэд болж өссөн бол оо...

Гэж бодож байгаа хүүхдүүд эцэг эхчүүд олонтой л байгаа. Хичээл эхлэхэд хүүхэд бүр шинэ хичээлийн хэрэглэл хэрэглэдэг. Яахав зарим нэг боломж бололцоо муутай чадуухан хүмүүс л хүүхдээ хуучин дэвтэртэй нь явуулдаг байх. Гэхдээ хуучин дэвтэртэйгээ, хуучин формтойгоо явлаа гээд муудах юм байхгүй гэдгийг манай сурагчид санах хэрэгтэй.

Хичээл орох хугацаа дөхөж байгаа энэ үед гадуур зарагдаж байгаа хичээлийн хэрэгсэл болох дэвтэр, ном, үзэг бал, цүнхнүүд цөм үнэд оржээ. Дээр нь хувцас хэрэглэлийн үнэ ч мөн адил талийж өгсөн байна. Эцэг эхчүүдэд сануулахад бусдаасаа арай хямдхан нь “Нарантуул” зах болоод байх шиг байна шүү. Гадуур зарагдаж байгаа хичээлийн хэрэгсэл бусад зүйлийн талаар ажиглахад ийм л байна.

Сурагчдын өөр нэгэн шүдний өвчин болсон зүйл бол шинэ сурах бичиг. Шинэ сурах бичиггүйгээр хичээл хийнэ гэж байхгүй гэдгийг сургуулиас нь сурагчдад анхааруулж, шинээр гарсан сурах бичгийг сурагчид өөрсдийнхөө мөнгөөр авдаг болохоор энэ жилийн шинэ сурах бичгийн үнийн талаар тодруулахад ноднингийн үнээрээ гарна гэж яамны мэргэжилтэн хэлнэ лээ. БСШУЯ-наас 2012-2013 оны хичээлийн жилд хэрэглэгдэх сурах бичгийг хэвлэж дууссан бөгөөд тарааж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 1-12 ангийн 89 төрлийн сурах бичгийг нийслэлийн сургуулиудаар тарааж дууссан бөгөөд удахгүй орон нутгийн сургуулиудаар тараах ажээ.  

Оюутан...


Өнөөдрийн байдлаар хөдөө гадаанаас оюутнуудын аль хэдийнэ ирчихсэн түрүүч нь байр савандаа ороод байна. Энэ жил оюутнууд төлбөрөө төрөөр даалгахгүй болсон гэдгээ мэдэж байгаа байх. Өнгөрсөн жилийн хамгийн их тэтгэлэгт хамрагдсан нийгмийн давхрагаар оюутнууд толгой цохиж, араас нь хорин нэгэн мянгын очёрлогч иргэд бид болон тэтгэврийн хэдэн хөгшид шалгарсан. Оюутнуудын хувьд энэ жил тэтгэлэг туслалцаа ихтэй байгаа. Одоо ганцхан орох оромжоо олоод авчихвал тэдэнд санаа зовох зүйл үгүй болно. Манай улсын их дээд сургуулиудад нийт 130 гаруй мянган оюутнууд энэ хичээлийн жилд суралцахаар болсон. Гэвч өнөөдөр тэднийг байлгах байр сав үнэндээ хүрэлцэхгүй байна. За яахав, хэдхэн хувь нь гэртээ, хамаатан садныдаа байгаа бол ихэнх нь оюутны дотуур байр болон нийтийн байр түрээслэн амьдарна. Гэтэл үлдсэн 20-иод мянган оюутнууд хаана байрлах нь тодорхойгүй байна.

113 мянган оюутан автобусаар зорчино...

Жил бүр л оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх бүхий виза карт, наалт хүлээгдсэнээс болж олон асуудал үүсдэг. Энэ жилийн хувьд оюутнуудыг хүлээлгэхгүй байх үүднээс картын захиалгыг энэ сарын 25-наас авч эхлэх аж. Бүр шаардлагатай бол хугацааг нь наашлуулж ч болох талаар МОХ-ноос мэдэгдсэн.

Тодруулбал, энэ жил өмнөх жилүүдийн адилаар сургууль сургуульд нь захиалга авах юм байна. Өнгөрсөн жил энэ картаар 96 мянган оюутан зорчиж байсан бол энэ жил 113 мянган оюутныг хамруулах хүсэлтийг МОХ-ноос Нийтийн тээврийн газарт хүргүүлжээ. Картыг долоо хоногийн дотор хэвлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хугацаа нь дуусаагүй оюутнууд наалтаа захиална.

 

Тэтгэлэг...

Энэ хичээлийн жилд оюутнуудад дуулгах нэгэн таатай мэдээ байна. Оюутнууд энэ жил гурван төрлийн тэтгэлэг авахаар болжээ. Үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөг, сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлттэй 20 мэргэжлээр сурч байгаа оюутнуудад олгох урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөрийн тэтгэлэг болон буцалтгүй тусламж багтаж байгаа гэнэ. Үндэсний тэтгэлгийг оюутан бүр авах бол урамшууллын тэтгэлгийг 50, 75, 100 хувь гэсэн төрлөөр олгох юм байна.

Ингээд хичээлийн шинэ жил эхлэх болох нь хүн бүр хүүхдээ дагуулаад хөдөө орон нутгаас хот бараадах цуваа айсуй. Оюутан болж орж ирж байгаа залуучууддаа бага “шоудаж” их зүйлийг сурахыг захья даа. Онц сураарай.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top