Сүүлийн жилүүдэд манай улсад түнхний мултралтай хүүхдүүд төрөх явдал ихэсч байгаа. Гэмтэл, согог судлалын үндэсний төв дээр Япон улсын бариа заслын эмч нар үнэ төлбөргүй эмчилгээ хийхээр манай улсад долоо хоногийн хугацаатай ирсэн юм. Эдгээр мэргэжлийн эмч нар түнхний мултралтай 3-5 сартай нярай болон үе мөчний буруу хөгжилтэй 1-10 насны хүүхдүүдэд болон том хүмүүсийг үнэгүй үзлэгт хамруулж, эмчилгээ хийж байгаа. Ингээд Монгол-Японы дорно дахины анаагах ухааны ниймгэмлэгийн эмч, М.Гүрбадамтай цөөн хором ярилцлаа.
-Японы эмч нар түнхний мултралтай хүүхдүүдэд үзлэг, эмчилгээ хийж байна. Дархан хотод очиж үзлэг хийх гэнэ, энэ талаар?
-Өнөөдөр Улаанбаатар хотод хоёрдахь өдрөө үзлэг, оношлогоо, эмчилгээг хийж байна. 14-ний өдөр Дархан хот руу явна, тэнд хоёр өдөр 3-5 сартай нярай болон үе мөчний буруу хөгжилтэй 1-10 насны хүүхдүүдэд үнэгүй үзлэгт хамруулж, эмчилнэ. Японоос ирсэн багш эмч нар маань долоо хоногийн хугацаатай ирсэн. Монголд 2003 оноос хойш ирж байгаа энэ удаа 13 удаагаа Монголд ирж хүүхдүүдийг үзэж байгаа юм.
-Одоогийн байдлаар нийт хэчнээн хүүхдэд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийсэн бэ?
-Өчигдөр /бямба гаригт/ 12 цагаас хойш орой 18 цаг хүртэл үзлэг хийхэд 100 гаруй хүүхэд үзсэн байгаа. Өнөөдрийн үзлэгийн цаг дуусаагүй байгаа болохоор тоо гараагүй байна. Үзүүлэх гэж ирсэн хүн бүрийг хамруулахын төлөө ажиллаж байгаа.
-Юунаас болж хүүхдүүд түнхний мултралтай төрөөд байна?
-Манай Монгол улс хүйтэн уур амьсгалтай түнхний мултрал гэдэг чинь есдүгээр сараас нэгдүгээр сар гээд хүйтэн улиралд төрсөн эмэгтэй хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог. Яагаад гэвэл хүйтний улирал болохоор зузаан хувцас өмсгөдөг. Энэ нь хүүхдийн хөдөлгөөнийг барьчихдаг ингэхлээр цусны хангамж муу болдог. Үүнээсээ болж хүүхэд чөлөөтэй байж чадахгүйн улмаас хувцсандаа түүрдэг. Халууцаад хөлөөрөө тийрдэг, энэ үед хүчтэй тийрээд түнх нь мултардаг юм. Мөн эцэг, эхчүүд тэврэхдээ буруу тэвэрч байна. Хүүхдээ тэврэхдээ хөлийн сайн алцайлгаж таашаандаа тэврэх ёстой. Буруу тэврэлт нь хүүхдэд муу нөлөө үзүүлдэг гэдгийг аав, ээж нар ойлгох хэрэгтэй.
-Монголчууд хүүхдүүдээ өлгийдөж өсгөдөг. Энэ нь сүүлийн үед түнхний мултралтай болох шалтгаан нь болоод байгаа гэж ярих болсон. Ер нь өлгийдөх нь зөв юм уу?
-Энэ нь яг үнэн. Дээр үеэс хүүхдээ өлгийдөж ирсэн. Өлгийдвөл гар, хөл тэгшхэн болно гэдэг энэ нь сүүлийн үед андуурал болоод байна. Японд дэлхийн II-дайны дараа 1950-аад онд манай улс шиг олон түнхний мултралтай хүүхдүүд төрж байсан. Тэр үед бүгд хүүхдээ өлгийддөг байсан. Тэгээд хүүхдийг түнхний мултралтай төрдөг болсоноос хойш улсаас нь гурван сартайд нь үзлэг хийж түнхний мутралтай эсэхийг үзлэгээр үзэж эмчилгээ хийж эхэлдэг. Манайхан болохоор хожим мэдэж авдаг.
-Дархан хотод түнхний мултралтай хүүхэд ихээр төрөх болсон. Энэ нь ундны устай нь холбоотой гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн болов уу?
-Тийм. Дархан хот үйлдвэр олонтой газар. Ус нь түнхний мултаалд нөлөөлж байна гэж шууд хэлж болохгүй. Бас янз бүрийн өвчтэй хүүхдүүд байна. Тухайлбал, мэнэнгийтэй, төрөлхийн хөгжил муутай, тархины хөгжил муутай гээд янз бүрийн өвчтэй хүүхдүүд Дарханд их байдаг. Энэ нь ундны устай нь холбоотой.
-Монголд хэчнээн түнхний мутралтай хүүхдүүд байна. Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу? -Судалгаа байдаггүй. Манай гэмтэл согог судлалын клиникийн төвөөс энэхүү судалгааг хийж гаргах боломжтой.
-Сүүлийн үед хүүхдийг манеж буюу хөлд оруулагч дээр суулгах болсон. Ингэж суулгах ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Манежинд суулгах нь буруу. Хүүхэд эхлээд мөлхөнө дараа нь ганцаараа юм түшиж зогсож эхэлнэ. Үүний дараа ганцааараа алхдаг. Гэхдээ оройтож хөлд орж байгаа хүүхдийг хөлд оруулагчид суулгаж болно.
-Та өөрийнхөө зүгээс эцэг, эхчүүдэд зориулж зөвлөгөө өгнө үү, юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?
-Эцэг, эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдээ хамгийн гол нь зөв тэврэх нь чухал гэдгийг хэлье. Хөдөлгөөнийг нь дэндүү битгий хорьж бай. Хүүхдээ чөлөөтэй дураар нь хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол цусан хангамж нь мууддаг.
Х.Даваанаа
Сэтгэгдэл ( 0 )