Сургууль, цэцэрлэгийн засвар удахгүй дуусах нээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гээд бэлтгэл ажлаа базааж буй энэ үед хотын дарга боловсролын байгууллагуудаас төлөөлөл болгож Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэг, 61 дүгээр сургуулийн бэлтгэлийг шалгалаа. 43 дугаар цэцэрлэг болон Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 75 ортой хоёр цэцэрлэгийн нэг. Оршин суугаа хүн амтай нь харьцуулбал дахиад 280 ортой гурван цэцэрлэг шаардлагатай. Ачаалал ихтэй тус цэцэрлэгийн барилгын насжилт дууссан учир ирэх жил буулгаж, шинээр барихаар төлөвлөгджээ. Тиймээс барилгад засварын ажил хийхгүй юм. Харин 120 метр газарт цэвэр усны шугам татах шаардлагатай байгаа гэнэ. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан 61 дүгээр сургуулийн хувьд чанар сайтай баригдсан учир ямар нэгэн засвар хийх шаардлагагүй. Харин дулааны шугамаа хос болгож солих шаардлагатай байгааг хотын даргад дуулгасан. ЖАЙКА  байгууллагаас нийслэлд барьж өгсөн анхны сургуулиудын нэг учир спорт заалгүй баригдсан бөгөөд шинээр заал барих тендер нь зарлагджээ. Хотын дарга эдгээр сургууль, цэцэрлэгийн засварт шаардлагатай зардлуудыг газар дээр нь шийдвэрлэж, санхүүжилт олгохоор боллоо.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 110 сургууль, 180 цэцэрлэгээс 55 цэцэрлэг, 46 сургуульд 105 багц их засварын ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 16 ажил бүрэн дуусч, 23 ажил 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй байна. Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн спорт заал, 14 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо болон Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдаж буй 100 ортой хүүхдийн цэцэрлэг зэрэг улсын төсвийн хөрөнгөөр баридаж буй зургаан шинэ барилгын ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй 52 дугаар сургууль, Амгалан цогцолборын өргөтгөлийн барилгууд ашиглалтад ороход бэлэн болжээ. Мөн Хужир булан болон 361-ийн гарамын шинэ сургуулийн барилгыг 11 дүгээр сар гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top