Өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд монголын шоронд хоригдож байсан гурван иргэн 1991-1997 онд олон залуу цаг бусаар хорвоог орхиж байсан тухай хэвлэлийн бага хурал хийлээ.
М.Батлхагва, Ш.Ганбаатар, н.Ганбаатар нар олон жил хоригдож байсан бөгөөд цаг бусаар хорвоог орхисон залуусынхаа араас харамсдаг тухайгаа илэрхийлсэн юм.
Тэд хэлэхдээ ”1991-1997 оны хооронд олон хүнийг цаг бусаар үхэлд хүргэж байсан. Өөрөөр хэлбэл турааж алж байсан. Гэмт хэрэг үйлдсэн хүн хоригдож, ял эдлэх нь ойлгомжтой. Гэхдээ тэр олон залуусыг турааж алах гэж хориогүй биз дээ. Өдөрт нэг шоронд хоёр хүн үхэх юу ч биш. Заримдаа таван хүн үхэх тохиолдол ч олон байсан. Шорон гэж хүнийг засаж хүмүүжүүлдэг болохоос харгислан зовоож алахыг хэлдэггүй баймаарсан. Энэ үед хүний амьд явах эрх шууд зөрчигдсөн. Тухайн үеийн төр засгийн удирдлагуудад турж үхэж байгаа хүмүүсийг аваръя гэсэн сэтгэлтэй хүн байгаагүй. Иймд энэ олон хүний үхэлд төр засгийг буруутай гэж үзэж байна. Хүн амьдрах ямар ч нөхцөлгүй хоол хүнс, ариун цэврийн хэрэглэлээр нь хангаж чадахгүй бол шорон гэж байгаад яах юм. Тэр олон хүнийг турааж алчихаад ар гэр лүү нь сүрьеэ, бөөсөн тип, хөх гуя зэрэг өвчнөөр нас барсан гэж хэлж байв. Бүр “хүүрийн бригад” гээд ар гэр нь авахгүй нэгийг нь архины шилэнд овог нэрийг нь бичээд булдаг байсан. Угтаа бол төр засгийн буруу шүү дээ. Энэ үйлдлээ булзайруулах гэж оролдоод дэмий биз дээ. Тухайн үеийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байсан бүх албаныхан өөрсдөө мэдэж байгаа. Хоригдож амьд гарсан залуучууд ч мэднэ.
н.Ганбаатар: Би уйлаад хүүрийг нь харчихаад явж байсан. Хоол хүнсийг нь хангаж чадахгүй бол ялыг нь хойшлуулаач ээ гэж хэлж үзсэн. Хэн ч авч үзээгүй.”Тураалын бригад” гэж хүртэл байлаа шүү дээ. Өмссөн хувцасгүй хөл нүцгэн, куртканыхээ ханцуйгаар гутал хийж өмсөөд дээд талыг нь уячихсан байхад уйлуулж, чирээд ажилд аваад гарч байсан. Тэр үеийн төр засаг уучлалт гуйхыг л хүсч байгаа юм. Түүнээс надад шоу хийе гэсэн санаа огтоос алга.
Ш.Ганбаатар:Олон сайхан залуус үхэхийг нүдээрээ харж байсан. Хүн өлсөхөөрөө түүхий төмс, хонины толгойг иддэг юм билээ. Хүн засарна хүмүүжнэ шүү дээ. Бүгдийг нь тураагаад алчихсан. 1991 онд Удирдах газраас шалгалт ирэхэд 50 хүнийг нуугаад зооринд хийгээд цоожилчихсон. Турсан хүний гарын алга гэрэлтдэг юм билээ. Тухайн үед нас барсан олон хүнийг би овог нэрээр нь хэлж чадна. 1992 онд Үндсэн хууль батлагдаж монгол хүн амьд явах эрхтэй гэж заачихаад турааж алж байлаа шүү дээ” хэмээн тэдний харамсал барагдсангүй.
Цааш хэлэхдээ “Өдгөө хүмүүс үнэнийг хэлж чадахаа байчихсан юмуу даа. 20 гаруй жилийн өмнө ийм үхэл болсон байхад хэн ч энийг сөхөж яриагүй. Мөн манай улсын ялын бодлого буруу байна. 1993 оноос өмнө ялын дээд хэмжээ 13 жил байсан. Үүний дараа 25 жил болгочихсон. Ялын тоог сонсоход амархан. Яг туулаад гарах их хүнд. Сүүлийн үед том дарга нар их хоригдох болжээ. Тэр дарга нар 14 хонож чаддаггүйг харж байгаа биз дээ. Эмнэлгийн тусламж авч байгаа харагддаг. Ялын бодлого биеэр сууж байгаа хүмүүсийн хувьд хэцүү.
Тухайн үед шилжилтийн үе байсан ч монгол баян шүү дээ. Тэр үед төр засгийн сэтгэл дутсан юмуу даа гэж боддог. 2002 оны эрүүгийн хуулийг хар хууль гээд нэрлэчихсэн байгаа. Ардчилсан нийгэмд байж боломгүй хууль санагддаг юм. Хуулийн байгууллагынхан ч ингэж ярьдаг” хэмээн ярьж байв.
-Та гурав ямар зохион байгуулалтаар энэ талаар сөхөх болов?
-Би ч гэсэн ялгаагүй хохирсон иргэн хүн. Энэ тухай 10 жил тэмцэж байна. Өргөдөл гомдол явуулна. Хэн ч хүлээж авдаггүй. Ингээд би хүний төлөө явж үзье гэж бодсон юм. Өөр ямар ч зорилго байхгүй.
-Ямар үндэслэлээр уучлал гуйх ёстой гэж үзэж байна вэ?
-Хүнийг засаж хүмүүжүүлэх гэж шоронд хийдэг болохоос хүнийг турааж алах гэж хийдэггүй биз дээ. Энэ бүхэнд төр уучлал гуйхыг хүсч байна.
-Ер нь тухайн үед хичнээн хүн нас барсан юм бэ?
-Маш олон хүн нас барсан. Энэ тухай баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гаргаж өгөх боломжтой байх.
-Хориод жилийн өмнө болж байсан энэ хэргийг өнөөдөр яагаад ярих болов?
-Хүмүүс юм хэлэхээсээ их айдаг болчихсон юм байна. Би хоригдож байхдаа энэ зүйлийг өөрөө анзаарч, мэдээд хүний төлөө явъя гэж бодсон. Энэ төр засгийн буруутай үйл ажиллагаа. Маш олон залуусын амь настай холбоотой асуудал.
-Хүмүүс яг хэлмэгдэж байсан гэх нотлох баримт бий юу?
-Байгаа зөндөө гэрч бий шүү дээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )