Манай улс 100.000 айлын орон сууж хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд хотын утаа, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрэхүйц аюултай, гэр хорооллын нягтрал бий болж, үүнээс гарах арга замыг орон сууцжуулах гэж үзээд байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд орон сууцтай холбоотой үзэсгэлэн яармагууд зохион байгуулагдах болсон.
Тухайлбал энэ сарын 17-19-нд МҮЭСТО-д “Шинэ орон сууц-2012” намрын уламжлалт, төрөлжсөн үзэсгэлэн гарах гэж байна. Энэхүү үзэсгэлэнг барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны “Координат инфо” төв зохион байгуулж буй аж. Үзэсгэлэнд орон сууцны барилгууд, амины орон сууцны компаниуд оролцохын зэрэгцээ банк, санхүү болон даатгалын байгууллагууд оролцож, иргэдэд цогц мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх юм. Мөн үзэсгэлэнгийн хүрээнд 17-ны 14.00 цагт сургалт семинар зохион байгуулах бөгөөд орон сууцны барилгын үнэ, байршлын мэдээллийг танилцуулах, ЗТБХБЯ-наас орон сууц худалдан авахад анхаарах зүйлс, талбайн хэмжээг хэрхэн тооцох, мөн орон сууц захиалах гэрээний нөхцөлд анхаарах зүйлсийн талаар хуульч мэдээлэл, зөвлөгөө өгөхөөр болжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )