Ирэх сарын 15-ныг хүртэл зам засварын ажил дуусахгүй нь ээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Нийслэлд зам засвар, дулааны хоолой шугам сүлжээний ажил ид өрнөж байгаа. Зам засварын ажил удаашралтай, цалгардаж байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа ч зарим замын ажил хугацаандаа дууссан. Мөн зарим замыг хааж ажлыг эхлүүлээд байна.

Хаалттай, засварын ажил хийгдэж байгаа зам Сэлбийн хос гүүрний урд талын гүүрийг өнгөрсөн сарын 16-наас эхлэн хаасан бөгөөд гүүрний нэг урсгалыг долоон метр байсныг 11 метр болгон өргөтгөж байгаа. Гүүр өргөтгөж, засварлах ажил ирэх сарын 7-нд дуусч ажлаа хүлээлгэж өгөх бөгөөд засварын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэж байна.

Түүнчлэн Сансарын туннелийн зүүн талын уулзварыг долдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 01 хүртэл хааж, нүхэн гарц хийхээр ажилласаар байгаа. Иймд Зүүн дөрвөн замаас хойш Сансарын ШТС хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Есдүгээр сарын 1-нд зорчих замын хэсгийг нээн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй явагдах юм. Харин нүхэн гарцны дотоод засал гаднах фасадны ажлыг аравдугаар сарын 31 хүртэл гүйцэтгэх юм. Энэ нүхэн гарц нь дөрвөн тал руугаа гарах гарцтай, 6.3 метр өргөн коридортой байх аж. Энэ ажлыг “Хотын зам” ХХК гүйцэтгэж буй.

Мөн Зүүн дөрвөн замаас Амгалан хүртэлх замыг өчигдрөөс хаах байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас түр хойшлогдлоо. Тус замын хөдөлгөөнийг хааснаар тролейбусны чиглэлийг хаана гэж яригдаж байсан боловч хэзээ хааж, нээх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top