2015 он гэхэд улсын бүх мал сүргийг ээмэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

“Монгол мал хөтөлбөр”-ийн тэргүүлэх чиглэл нь малын үржлийн аргачлалыг сайжруулах, малаас авах ашиг шимийг дээшлүүлэх зорилготой томоохон ажлуудыг төлөвлөж байгаа аж. Үүний нэг нь малыг бүртгэж хувийн дугаар гэрчилгээ мэдээллийн нэгдсэн сантай болох ажил юм. Энэ утгаараа 2011 оноос малыг ээмэгжүүлэх ажлыг баруун бүсийн аймгуудаас эхэлсэн. Малыг ээмэгжүүлнэ гэдэг нь хүнээр авч үзвэл “иргэний үнэмлэхтэй” болгож байгаа юм. Энэхүү бүртгэл нь малын гарал үүсэл, угсаа үүлдэр зэргийг нарийн тэмдэглэж, мал арилжаалахад “баталгаат хүнс” гэдгийг гэрчлэх бөгөөд хулгай буурахад нөлөөлнө хэмээн мэргэжилтнүүд тайлбарладаг. Ээмэг нь чиптэй учраас тухайн мал хаана явааг тогтоож болох юм. Улсын хэмжээнд малын бүртгэлийн сантай болох ажил ийнхүү одоог хүртэл үргэлжилж байна. Өнгөрсөн жил 1.1 сая толгой малыг ээмэгжүүлж бүртгэсэн.

Энэхүү улсын мал сүргийг ээмэгжүүлэх ажил 2015 он гэхэд бүрэн дуусах аж. Малыг ээмэгжүүлдэг ээмгийг өмнө нь импортоор оруулж ирдэг байсан бол одоо дотооддоо үйлдвэрлэж байгаа юм. Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд найрамдах Чех улсын Засгийн газрын хамтарсан төслийн хүрээнд эхний ээлжинд жижиг үйлдвэр ажиллуулж байгаа юм байна. Энэхүү үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүнээр төвийн бүсийн аймгуудын мал сүргийг ээмэгжүүлэх юм. Мөн манай улс гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцинаас шувууны томуу, шүлхий өвчний вакцинуудыг дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй. Тиймээс бусад халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх вакцинийг Биокомпинатад захиалж хийлгэдэг. Энэ жил гоц халдварт өвчнөөс сэргийлэх гурав, халдварт өвчнөөс сэргийлэх долоон төрлийн вакцин хийх бөгөөд 1.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэнэ.  

Д.Шинээ      

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жавзаа(122.201.21.183) 2025 оны 03 сарын 13

Мал

1  |  0
Top