Халаасны өрөөнийхөн ба нийтийн байрныхан

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

Сүүлийн жилүүдэд халаасны өрөө, нийтийн байранд залуу гэр бүл, оюутнууд ихээр амьдрах болжээ. Хэзээнээс халаасны өрөө, нийтийн байр эрэлттэй болж, үнэд орох болов. Мэдээж 2000 оны эхээр маш бага хувь нь ийн амьдардаг байсан бол сүүлийн жилүүдэд олноороо ийм л нөхцөлд амьдралаа залгуулахаас өөр аргагүй болсон нь нийгмийн олон нөхцөл, шалтгаантай холбоотой. Тухайлбал, хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоо олширч, сүүлдээ суурьших газар ховордохоос гадна үнэ нь нэмэгдэж худалдан авах чадвар буурсан. Мөн их, дээд сургуулийн боловсрол эзэмшигчдийн тоо эрс нэмэгдэхийн дээр оюутны дотуур байр хүрэлцээгүй болсон. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутгийн хөгжил нэгэн үе зогсонги болж, орон нутагт их дээд боловсрол эзэмшүүлэх нөхцөл, боловсон хүчин муу байсан зэрэг шалтгаанаас нийслэлд хүн амын нягтрал, төвлөрөл бий болоод байна.

Ялангуяа нийтийн байр, халаасны өрөө наймдугаар сараас 10-р сар хүртэл буюу оюутан сурагчдын хичээл эхлэх үед хамгийн өндөр үнэтэй болдог. Байр түрээслэгчид ихэнхдээ том, жижиг, гал тогооны өрөөгөө түрээсэлдэг. Энэ жилийн тухайд талбай том гал тогооны өрөө 210-230 мянга, жижиг өрөө 180-200 мянга, том өрөө 250-300 мянган төгрөг байна. Гэхдээ эдгээр үнэ байршлаасаа шалтгаалаад харилцан адилгүй. Хотын төвд ойр дүүргүүдэд үнэ өндөр. Хамгийн хямд нь 21-р хороолол, таван шар, ээрмэл, Улаанхуаранд байгаа аж. Харин гэр хороололд хашаа байшин түрээслэе гэвэл 150-180 мянга байна. Ийм үнэтэй байгаагийн дээр төлбөрийг 3,6,9 сар, жилээр авна гэдэг нь түрээслэгчдэд бүр хүнд тусдаг.

Яагаад залуу гэр бүл, оюутнууд үнэтэй нийтийн байр, халаасны өрөөг сонгон амьдраад байна вэ. Оюутнуудын хувьд гал түлэхгүй, тохьтой дулаан байхыг эрхэмлэж байгаа. Учир нь гал түлдэг нөхцлийг сонговол өвлийн улиралд хичээлдээ явж, замдаа түгжирч ирэхэд хүйтэн гэр угтах бэрхшээл тулгардаг. Харин залуу гэр бүлүүдийн хувьд нийтийн байранд амьдрах нь элбэг. Учир нь хажуу өрөөнд гэр бүл тэр дундаа хүүхэдтэй бол олддоггүй гэнэ. Мөн оройтож болохгүй, найз нөхөд, хамаатантайгаа гэртээ уулзаж болохгүй, архи тамхи хэрэглэхгүй, дуу чимээ гаргаж болохгүй гэх мэт эрх чөлөө хязгаарлагдмал байдаг байна. Ийм ч учраас түрээслэгчид ихэнхдээ ганц бие эмэгтэй, эгч дүүст түрээслэх сонирхол өндөр аж. Нийтийн байр дунджаар 90 мянга гэж бодоход жилдээ нэг сая 80 мянган төгрөг, хажуу өрөө 200 мянга гэвэл хоёр сая 400 мянган төгрөг төлж байгаа.

Харин бага дунд орлоготой иргэдийг хамруулахаар зорьж буй “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т хамрагдахад сардаа 300-400 мянган төгрөгийг 20 жилийн хугацаанд төлнө. Гэвч энэ хөтөлбөрт хамрагдъя гэхэд өнөөг хүртэл нөхцөл нь бүрдэхгүй л байна. Өрхийн сарын орлого, барьцаа хөрөнгө, орон сууц эзэмшиж байгаагүй байх ёстой гэх мэт бэрхшээл бий. Харин дээрх хөлсний байранд өгч буй жилийн үнийг 20 жилд үржүүлбэл халаасны өрөөнд 20 жил амьдрахад 48 сая, нийтийн байранд 21 сая 600 мянган төгрөг төлөхөөр дүн гарч байна. Гэвч энэ жил байранд төлж буй үнэ ирэх жил өөрчлөгдөх буюу нэмэгдэх магадлалтай. Гэхдээ дундаж үнээр бодоход ийм дүн гарч байгаа. Иймд бусдын эрхэнд эрх чөлөөгүй амьдарснаас өөрийнхөө ая тухтай амьдралын төлөө сардаа 300-400 мянган төгрөг төлөөд байх боломж олон гэр бүлд бий. Гагцхүү ОССК болон банкнаас тавьж буй шаардлагуудыг өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top