Эрдэнэтийн “Энэрэл” төв гэхээр хүмүүс андахгүй мэднэ. Хорвоод хагацал зовлон үзсэн олон зуун хүүхдүүдийн амьдралд гэрэл гэгээ нэмж, итгэл найдвар төрүүлсэн газар бол яах аргагүй бүтэн өнчин хүүхдийн Энэрэл төв юм. Энэ төв байгуулагдаад өдгөө 20 жил болж байна.
Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх асрамжийн “Энэрэл” төвийг анх 1992 онд одоогийн хүүхэлдэйн театрын харьяа үүсгэн байгуулж байсан түүхтэй. Өдгөө энэ төв 300 гаруй хүүхдийг асран хамгаалж, амьдрах арга ухаанд сурган, амьдралын их замд хөл тавиулжээ. Зовлон гэж хэлж биш хийсч ирдэг хойно. Эцэг эхээсээ өнчирч үлдсэн хүүхдүүд энэ төвд харьяалагдах болсоор мөр бүтэн, гэдэс цатгалан, сэтгэл өөдрөг амьдрах сайхан боломжийг олгосон нь зөвхөн энд амьдарч байх хугацаанд бус нас биед гүйцэж үүрээ орхин нисдэг шувуу шиг явахдаа ч хүний дор орохооргүй хүмүүжил боловсролтой, ямар ч үед өөрийгөө зөв боловсон аваад явчих сэтгэлийн их хаттай байдаг нь тэдний төгсөгчдөөс харж болно. Одоогоор тус төвийг төгссөн нийт хүүхдүүдийн 90 гаруй хувь нь их дээд сургууль төгсч мэргэжилтэй болж, гэр бүлтэй, ажил төрөлтэй хүний дайтай сайхан амьдарч байна.
Өнөр гэр бүлийнхээ баяр дээр багш ажиллагсад бяцхан дүү нартайгаа уулзахаар зорин ирсэн ах эгч нарын цуваа ч тасрахгүй байна. Энэрэл төвийг байгуулагдаад тун удаагүй байхад “Эрдэнэт” үйлдвэр дэргэдээ авч, хайр халамж хэрэгтэй зуу зуун хүүхдүүдийн бүхий л хэрэгцээ шаардлагад анхаарал хандуулж өдий зэрэгтэй өргөжин тэлж, тогтвортой ажиллахад нөлөөлсөн тус үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, хамт олонд Энэрэл төвийнхөн баярлаж талархсанаа илэрхийлж байна.
20 жилийн ойн баярт тус төвийн хүүхдүүдэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, БФ, эмэгтэйчүүдийн зөвлөл, “Сэлэнгэ” амралтын бааз, Залуучуудын холбооныхон бэлэг барихаар зорин ирсэн байна. Хүүхдүүдэд чухал хэрэгцээтэйг бодож явуулын хими цэвэрлэгээний машин, оюунд нь оч нэмэхээр номын санд нь төрөл бүрийн ном зэрэг хүндтэй сайхан бэлгүүд хүүхэд багачуудын баяр дээр баяр нэмлээ.
Энэрэл төвд өнөөдрийн байдлаар 56 хүүхэд амьдарч байна. Харин 21 багш ажиллагсад эдгээр хүүхдүүдэд аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болон төрөл бүрийн уран бүтээлд, мөн оёж хатгах, ногоо тарих амьтан тэжээх гээд амьдралд хэрэгцээтэй олон сайн зүйлийг зааж сургаж байна. Хүүхдүүдэд чин сэтгэлээ гарган ажиллаж байгаа багш ажиллагсдаас “Багшийн гавьяа” одонгоор н.Оюунбаяр багш, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр н.Болормаа, н.Мөнхжаргал, н.Энхжаргал нар, “Хүүхдийн төлөө сайн үйлстэн” алтан медалиар гурван хүнийг тус тус шагнаж урамшууллаа.
Мөн аймгийн ЗДТГ, БСГ, Хүүхэлдэйн Театр, Эрдэнэт хотын JCI байгууллага, “Солонго” зайрмагны үйлдвэрийнхэн гээд маш олон байгуулага, аж ахуй нэгж “Энэрэл”-ийн хүүхдүүдэд өөрсдийн бэлгээ задалж байлаа. Ийнхүү амьдралын хүндийг бага балчраасаа нуруундаа үүрсэн хүүхдүүдийн ачааны хүндийг өргөлцөж, амьдралд нь итгэл найдвар гэрэл гэгээ нэмсэн өнөр өрх өнөөдөр ийнхүү 20 нас хүрлээ.
“Эрдэнэт” ТВ. Сэтгүүлч Б.Учрал

Сэтгэгдэл ( 0 )