Энэ гайхамшигтай тос (маск, гель, эссенц) танд мөнхийн залуу сайхан, толигор арьсыг бэлэглэнэ, цаг хугацааг одоо та өөрөө удирд, энэ гоё шилэн саванд зөвхөн натурал бүрдэлтэй, хамгийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн ... бла – бла – бла... А тийм, төгсгөлд нь бас “Зөвхөн танд зориулав” , “Та үүнийг хэрэглэх гавъяатай” гэх маягийн тэнэг юм хэлнэ ээ. Зарим нь бүр арай дэндүү солиорно: “Энэ балай их жимсээр яах вэ, ямар ч хэрэг байхгүй, харин манай витамин бол...!”.
Ийм улайм цайм ичгүүргүй ярих нь ховор л доо, ихэнхи нь арай зальтай байдлаар үзэж “ухаантай” үгнүүдээр халхавч хийдэг. Олон хүн үүнд нь итгэдгээс гоо сайхны барааны тухай буруу ойлголт түгээмэл байдаг. Хүмүүсийн толгойд хамгийн гүн суусан байдаг буруу ойлголтуудыг авч үзье. Рекламчид бидний тархийг хэрхэн эргүүлдэг вэ?
Гоо сайхны бүтээгдхүүн арьсыг залуужуулах чадвартай?
Хүний нас явах тусам бие организмд нь эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд гардаг. Арьс бол хүний нэгэн эрхтэн, хамгийн том эрхтэн нь. Арьсан доорхи өөхний хэмжээ багасна, арьсны уян хатан чанар буурна, унжина, үрчлээтнэ, тэр байтугай нүүрний яс ч бага зэргээр хэлбэрээ алддаг. Зарим нэг эм бэлдмэл энэ процессийг удаашруулах нөлөө үзүүлж чадах ч, ДЭМБ – ын шаардлагын дагуу ямарваа гоо сайхны бүтээгдхүүнд эм холих хориотой байдаг. Тиймээс зарим нэг “залуужуулах” тос бэлдмэлийг “зөвхөн эмийн сангаар худалдаалагдана” гэж рекламдахыг нь сонсоод урхинд нь битгий ороорой. Гоо сайхны бүтээгдхүүн зөвхөн өнгөцхөн өөрчлөлт л өгөх чадалтай, түр зуурын хугацаанд арьсыг татаж, чийгшүүлж арай залуу харагдуулахаас илүүгүй. Хэрэглэхээ болингуут маш хурдан “нормондоо орно.”
Чийгшүүлэгч бодисыг байнга хэрэглэж байх хэрэгтэй?
Чийгшүүлэх үйлчилгээтэй гэх бүтээгдхүүн байнга хэрэглэхэд арьс үрчийхгүй, ядаж л арьс хөгшрөх явц удааширдаг гээд баталчихсан зүйл огт байхгүй. Арьсаа чийгшүүлэх хамгийн сайн арга бол – хангалттай их шингэн ууж байх. Арьсны бүх проблем бол организмын дотоод нөхцөл байдал, дотор эрхтэнүүдийн болон бие организмын ерөнхий эрүүл мэндтэй уялдаатай байдаг. Рекламны урхинд ороод зөвхөн чийгшүүлэгч хэрэглээд бусад асуудлаа орхигдуулаад суувал буруу. Чийгшүүлэгч бол зөвхөн арьсны одоо байгаа хэмжээг л барисхийх үйлчилгээ үзүүлнэ үү гэхээс сайжруулна гэдэг нь – молиго.
Гоо сайхын бүтээгдхүүн ямар ч аюулгүй?
Задлаагүй шинэ байхдаа аюулгүй гэдэг нь үнэн (хуурамч биш бол). Харин хэрэглээд эхэлсэн хойно бол микроб үржих таатай орчин болдог. Хэрэв та сормуусны будгаа нээгээд 3 сар болж байгаа бол – шинийг авах цаг болсон гэсэн үг – хуучин будганд таны нүдийг өрөвсүүлэх нян хангалттай хэмжээгээр үржчихсэн байгаа. Будагныхаа сойзыг шүлсээрээ хэзээ ч битгий норгож бай, шүлсэнд маш их нян байдаг. Унтахдаа заавал будгаа сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Үсний будгаар сормуусаа будаж хэрхэвч болохгүй, сохорч ч мэднэ. Гоо сайхын бүтээгдхүүний саван дээр байгаа хугацаа бол задлаагүй байдлаар хадгалах хугацаа, харин хэрэглээд эхэлсний дараа аюулгүй байдлаа хадгалах хугацаа бол – өөр: танаас л шалтгаална. Аль болох бохиртуулахгүй хэрэглээд таглаж хадгалж байх ёстой. Тосыг гараараа бус тусгай халбага, хусуураар таслан авч хэрэглэх, зовхины тенийг цэвэр багсаар авч байх, энэ багсаа үе үе угааж ариутгаж байх, эсвэл хэрэглэх тоолондоо нэг удаагийн хөвөнтэй савхаар авч байх гэх мэтээр бохиртуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Натурал бүтээгдхүүн – хамгийн сайн?
Натурал гээд байгаа бодисыг амьтны ба ургамлын гаралтай бүтээгдхүүнээс ялгаж авдаг. Ямар ч төгс технологи байгалийн гаралтай бүрдлийг бүрэн цэвэрлэж чаддаггүй, тэгээд ч чухам юунаас нь салгаж цэвэрлэх ёстой нь ойлгомжгүй байдаг. Бүрэн цэвэрлэж чаддаг юмаа гэхэд энэ цэв цэвэр болсон эд нь хиймлээс огт ялгарахгүй эд болно, харин үнэ нь л хэд дахин их байна. Олон бодис бүхий найрлагатай бүрдлийг хянах, турших хэцүү. Ер нь байгалийн гаралтай бодис харшил өгөх нь элбэг байдаг. Тэгээд ч аливаа гоо сайхны бүтээгдхүүн бүрэн натурал байх бололцоогүй: ядаж л муудуулахгүй хадгалахын тулд зайлшгүй химийн бодис орно шүү дээ.
Үсийг тань тэжээж...?
Таны үс өвддөг үү? Тайруулж байхад өвдөөд, үснээс чинь цус гараад байдаг уу? Үс бол – амьгүй эд, тиймээс түүнийг тэжээнэ гэдэг огт утгагүй асуудал. Үсний байдал зөвхөн бие организмын эрүүл мэнд, зөв хооллолт, мөн үстэй харьцах зөв харьцаанаас л хамаарна. Шампунь үсэнд шингэж тэжээх гэж байхгүй, хуйхаар дамжаад ч тэжээхгүй. Өдөр бүр хэрэглэвэл харин ч хор болно: үсийг хамгаалж байх үүрэгтэй тосон бүрхүүлийг өдөр бүр угаан арилгаж нүцгэлээд байх юм бол үс хэт хатаж хугарамтгай болдог. Өдөр бүр үсээ халуун сэнсээр сэнсдээд, байсгээд л будаад байх юм бол мөн үсний хамгаалалт арилж өнгөгүй бүрсгэр болдог. Тэгэхээр үс тэжээдэг гээд байгаа бүтээгдхүүнүүд сайндаа л үсний гадуур хамгаалалтын пленк үүсгэдэг. Хумс ч үстэй яг адил.
Шинжлэх ухааны үг хэллэг
Хүмүүс ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагддаг. Нэг хэсэг нь шинжлэх ухааны ямар ч ойлголт байдаггүй учраас шинжлэх ухааны үг хэллэгийг “үзэн яддаг”, нөгөө хэсэг нь мөн л юу ч ойлгохгүй ч ийм үг хэллэгийг бишрэнгүй хүлээж авдаг. Чухам энэ хүмүүсийг татахын тулд л рекламчид шинжлэх ухааны үг хэллэгийг хэрэглэдэг (өөрсдөө энэ үг хэллэгнүүдийнхээ утгыг мэддэггүй ч байж магад). Тэгээд л “протеин”, “липосом”, “коэнзим” гэх мэтээр биднийг булж өгдөг. Худалдан авагчдад бараатайгаа хамт тайлбар толь өгч бай гэж шахвал таарна. “Карбамид” – тай бохь гээд л рекламдаад байдаг, гэтэл карбамид гэж юу вэ? Энэ бол – шээсний гол бүрэлдхүүн бодис. (Та энэ бохийг одоо хүссэн хэвээр л байна уу?). “Протеин” – уураг (шинжлэх ухааны хэлээр бол гоё сонсогдож байгаа биз?) Коэнзим гэдэг нь ердөө л амин дэм. Байдаг л зүйлүүд байгаа биз, шинэ юм байхгүй.
Харин эхний бүлэгт хамаарагддаг, шинжлэх ухаанд дургүй хүмүүсийг эсрэг аргаар татдаг. Реклам “натурал”, “байгалийн” гэх үгээр дүүрэн байдаг даа? Үүнийгээ батлах гэж “наргил модны самрын хандтай”, зуун настын хандтай гэх мэтээр ярих. Алив хаана байна тэр нь? Найрлаганы хамгийн сүүл рүү л бичигдсэн байгаа(аливаа бүтээгдхүүний найрлагыг хамгийн их орцтойгоос нь эхэлж бичих дүрэмтэй). Дусал ханд хийснээр чанарын ялгаа гарах уу? Сүүлийн үед нэг “солиорол” нэмэгдээд байгаа нь - “ноолуурны ханд” (экстракт кашемира). Тэр нь одоо юу байж таарах вэ? За яахав, ноолуурыг хандалдаг юм гэхэд “ноолуурны хандыг” нэмчихээр бие угаах шингэн саван арьсыг зөөлөн болгох увидастай болчихно гэж байх уу? Ноолуурыг зөөлөн сайхан гээд хошуураад байхаар нь нэг мэргэн ухаантан нь үүнийг сэдсэн бололтой.
Шалгалт туршилт хийгдсэн...?
Рекламанд тухайн бараа шалгалтанд амжилттай тэнцсэн, үр дүн нь 90 %, 100%, 150% (энэ тоо рекламчид – үйлдвэрлэгчдийн ичих булчирхайнаас нь хамаарна) гээд л ярьдаг. Сайн харах юм бол жижгээс жижгээр бичсэн харагддаг: сорилтонд 50 хүн, 20 хүн оролцсон (дүрмийн дагуу бичихээс өөр аргагүй учраас л бичиж байгаа нь энэ). Бас судалгааны хугацаагаа бичих ёстой, тэрийг нь харвал хэдхэн долоо хоног, сайн л бол 3 сар байх.
Гэтэл энэ бол зүгээр л анхны сорилын дүн шүү дээ. Анхны сорилын зорилго нь – айхтар хор хөнөөлтэй, шууд илрэх дагавар муу үр дүн байна уу гэдгийг л тогтоох. Харин жинхэнэ үр дүнг бол хэдэн мянган хүн дээр олон жилийн турш судалгаа хийж байж л гаргадаг учиртай. Энэ тохиолдолд л тухайн бүтээгдхүүнийг хэрэглэхэд гарах “холын” үр дүн тодорно.
Тиймээс рекламанд сохроор итгэлгүй, эрүүл ухаанаараа бодож үзэж байя. Рекламчидийн аманд ордог нь бид биш!
Эх сурвалж: Гоолингоо.mn
Сэтгэгдэл ( 0 )