УИХ-ын ТББХ-ны дэргэдэх Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооноос Төрийн ордны хуралдааны “Б” танхимд “Сонгогчийн бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр нээлттэй сонсгол зохион байгууллаа.
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга Ж.Батзандангийн даргалан явуулсан уг сонсголд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улс төрийн нам, иргэд сонгогчдын төлөөлөл, нийслэлийн бүх дүүргийн бүртгэлийн газрын дарга нар оролцож, сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцов.
Нээлттэй сонсголыг нээж, УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Сонгуулийн хуулиар элдэв будлианы талаарх мэдээллийг ажиглагчдад өгөх ёстой атал УИХ-ын өнгөрсөн сонгуулийн үеэр УБЕГ-ын даргаар ажиллаж байсан Амарсанаа энэ мэдээллийг өгөхгүй бултаж, сонгогчдын нэрсийн жагсаалтыг санаатайгаар будилуулан, 1100 хүний нэрийг хоёр удаа бичсэн гэдэг үндэслэлээр хуулийн хариуцлагад татагдсан. Энэ бол төрийн эсрэг гэмт хэргийн зүйл ангиар хариуцлага хүлээлгэдэг алба. Хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй бол Амарсанаа шиг болно” гэдгийг төрийн байууллагуудад ажиллаж буй нийт хүмүүст анхааруулаад “Одоо болох орон нутгийн сонгууль бол Ерөнхийлөгчийн сонгууль бус, тухайн иргэн заавал бүртгүүлсэн хаяган дээрээ оршиж байж өгдөг сонгууль. Ирэх сонгуулийг УИХ-ын сонгуулийн сургамжид тулгуурлан явуулна. Иргэний бүртгэлийг цэгцлэх нь зөвхөн сонгуультай хамаатай ажил биш, эмх замбараагүй бүртгэлийг цэгцлэх нь төрийн бусад ажлыг явуулахад ч чухал үүрэгтэй” болохыг тэмдэглэлээ.
Мөн сонсгол даргалагч Ж.Батзандан “Ардчилсан Нам, ардчилсан засаг ард түмний мэдэх эрхийг хангахын төлөө ажиллаж байна. Энэхүү арга хэмжээгээр Аймаг орон нутгийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль дөхөж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэл өгөх зорилготой”-г онцолсон юм.
Сонсголын эхэнд УБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвдорж “Сонгогчийн бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр тавьсан илтгэлдээ иргэний цахим үнэмлэх хэвлэх, олгох ажлын явц, Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх талаар зохиож буй ажил, сонгогчдын бүртгэл, түүний дотор тэдний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийн ажилд гарсан зарим асуудал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан болон сум хорооны иргэний бүртгэлийн ажилтны үндсэн чиг үүргийн талаар мэдээлэв. Түүний өгүүлснээр бол бүртгэлийн газрын ажилтнуудыг цаг хугацааны хувьд шахуу ажиллуулах шаардлага үүсээд байгаагийн дээр орон даяар хаягийн нэгдсэн сан, стандарт байхгүй, алслагдсан хөдөө орон нутагт дэд бүтэц хангалтгүй, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа сул, сонгуулийн хэсгийн зохион байгуулалт өөрчлөгдөж, баг хороо нэмэгдэж хасагддаг зэрэг олон хүндрэл, бэрхшээл гарч байгаа аж.
Гурван жил ажиллаж буй тус байгууллага боловсон хүчний хувьд сайн бэхжээгүй, бүртгэлийн ажилтнуудын сургалт, түүний дотор богино хугацааны сургалт тэр бүр хангалттай бус байгааг тэр дурдаад эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд эн түрүүнд хаягийн нэгдсэн сан, стандарт бий болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээллээ шуурхай солилцох боломжоор хангах, улмаар бүртгэлийн ажилтнуудын сургалт, нөөцөд зайлшгүй анхаарах шаардлагатай байгааг танилцууллаа.
Илтгэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд сонсголд оролцогчдод асуулт тавьж, мэдээлэл, тайлбар авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Бурмаа сонгогчийн нэрсийн жагсаалт гаргадаг байгууллагууд маш их зөрчил гаргадгийг тодорхой баримтаар шүүмжлээд шинэ хуулинд үүнтэй холбоотой зохицуулалтыг нэлээд сайн хийж өгсөн, жишээ нь, сонгогчийн бүртгэлтэй холбоотойгоор зөвхөн сонгогч өөрөө гомдол гаргадаг байсан бол гэр бүлийнхэн нь ийм эрхтэй болсны дээр хэн нэгний үзэмжээр бус, сонгох насанд хүрсэн л бол сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгүүлэх эрхтэй болсныг тэмдэглэв. Тэрбээр бас анх гаргасан сонгогчийн бүртгэлийн жагсаалт, сүүлд бүрдүүлсэн иргэний бүртгэлийн жагсаалт хоёр хоорондоо хэр их зөрүүтэй байгаа, энэ хугацаанд хэчнээн өргөдөл гомдол шийдвэрлэсэн, онлайн систем ашиглахтай холбоотогоор гардаг техникийн зарим саатлыг зассан эсэхийг лавлан асуулаа.
Мөн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх ИБЕГ-тай холбоотой асуудал тавихдаа “Тог тасрахаар гар ажиллагаанд шилждэг тухай зовлон яриад байх юм. Энэ гар ажиллагааг хэзээ зогсоох вэ, итгэмжлэгдсэн ажилтан найдвартай ажиллана гэдэгт итгэх ямар баталгаа байна?” гээд хүмүүсийн тавьсан асуултад улсын хэмжээний тоо баримтаар хариу өгч чадахгүй байгаа бол тодорхой дүүргээр тухайлбал, сонгуулийн үеэр хамгийн их асуудал гарч байсан Баянзүрх дүүргээр жишээ болгон ярихыг холбогдох хүмүүсээс шаардлаа.
Сонгогчийн бүртгэл хариуцсан итгэмжлэгдсэн ажилтанд найдахгүй байгаагаа цөөнгүй хүн нуулгүй хэлэхэд холбогдох албаныхан “3000 гаруй ажилтан хуулийн хүрээнд тухайн сум, баг хороонд ажиллана, бүртгэлийн ажилтны өөр нөөц байхгүй, зөвхөн сонгуулийн үеэр гэрээгээр ажилладаг, орон тооны бус, үндсэн ажилтан бус хүнийг томилохдоо улсын нууц мэдээллийн сантай харилцдаг учраас нууцын баталгаа авдаг, тэгээд ч сонгогчийн нэр иргэний цахим үнэмлэх, хурууны хээгээр баталгаажиж байгаа тул будлиан тун бага гарна” гэсэн хариу өгсөн юм.
Сонсголд оролцсон олон хүн шаардсаны эцэст СЕХ-ны албан хаагч “2012 оны есдүгээр сарын 17-ны байдлаар улсын хэмжээгээр 1 сая 991 мянга 147 иргэн хурууныхаа хээг бүртгүүлснээс 110 мянга нь 16-17 насны хүүхэд байгаа, Баянзүрх дүүргийн хувьд иргэний цахим үнэмлэхний 96,4 хувь нь хэвлэгдэж эзнийхээ гарт очсон, 3,4 хувийнх нь мэдээлэл зөрчилтэй байгаагаас үнэмлэхээ аваагүй, 10 дугаар сарын нэгний байдлаар сонгуулийн насны иргэдийн “масс хэвлэл” буюу мэдээлэл нь зөрчил будлиангүй иргэдийн сонгуулийн үнэмлэхийг хэвлэх ажил дуусна” гэсэн тоо баримт дуулгав.
Сонсголд оролцогчид бас Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны сонгогчдын эрхийг бүдүүлгээр зөрчсөн, ажиглагчдыг дарамталж, эрхэнд нь халдсан тухай жишээ баримтаас дурдаж, сонгогчийн бүртгэлтэй холбоотой зарим зөрчил одоо ч байсаар байгааг шүүмжиллээ. Түүнчлэн өнгөрсөн сонгуулийн үеэр яг хэдэн зөрчил гомдол гарсныг хэрхэн шийдвэрлэсэн, тэдгээр нь ямар төрлийн зөрчлүүд байсан, түүнээс сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой нь хэд болох, дотуур байрны оюутнуудын тоо болон ирэх 10-р сард цэрэг татахтай холбоотойгоор цэргийн ангиудад нэмэгдэж ирэх хүний тоог хэрхэн хянах талаар лавлаж, орон нутгийн сонгуулиас өмнө 10-аас дээш ам бүлтэй айл өрхүүдийг шалгах ажил зохион байгуулах тухай санал тавьж байв.
Энэ арга хэмжээнд иргэний хөдөлгөөнийг төлөөлөн оролцсон Д.Сүхжаргалмаа бусад орны, тухайлбал, Америкт болсон сонгуулийн үеэр гарсан бүртгэлийн зөрчлийн талаар тодорхой жишээ дурдаад сонгогчдын бүртгэлтэй холбоотой шалтгаанаар хэдэн хүн хэчнээн санал гаргаснаас хэд нь хүчингүй болоод байгаа, дэлхийн улс орнууд сонгогчдын бүртгэлийн талаар ямар концепци баримталдаг, тэдгээрээс аль нь манай нөхцөлд илүү байж болохыг лавлахад “Нийт өгсөн болон хүчингүй болсон санал СЕХ дээр гарах ёстой, бүртгэлийн байгууллагын хувьд тодорхой тоо баримт байгаа, саяхан болтол иргэнээ гүйцэд тоолж чаддагүй байсан Монгол Улс шинэчилсэн бүртгэл нэвтрүүлсэн нь маш том дэвшил болж, хурууны хээгээр бүрдүүлсэн мэдээллийн санд 16-гаас дээш насны нийт иргэдийн 96 хувь нь бүртгэгдээд байгаа. Улс орон бүрийн бүртгэлийн систем өөр өөрийн онцлогтой, гадаадын орнуудад хууль нь чанга, иргэд нь бүртгэлийн соёлоор илүү байдаг, харин манайх шиг хүн ам нь тархан суурьшсан оронд хүмүүсийн хувьд хурууны хээ болоод цахим үнэмлэхийг хэрэглээнд оруулснаар будилаан гарах магадлал эрс багассан” гэх мэт бүдэг бараг хариулт өгөв.
Монгол Улсын иргэн бус хүн санал өгөх эсэх талаарх асуултанд СЕХ-ны зүгээс хариу өгөхдөө “Энэ асуудлаар эрүүгийн хариуцлагад татагдсан хүн одоогоор байхгүй, шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх нь хуулиар хориотой” гэсэн юм. Харин хугацаат цэргийн албан хаагч, оюутнуудтай холбоотой асуултанд Р.Гончигдорж гишүүн хариулахдаа энэ асуудал байнга маргаантай явж ирснийг дурдаад “Эдгээр хүн орон нутгийн сонгуульд орохгүй, харин жинхэнэ оршин суудаг газраа саналаа өгөх эрх нь нээлттэй” гэв.
Оролцогчид СЕХ-ны зардалд иргэдээ сонгуульд идэвхтэй оролцуулахад зориулсан зардал тусгасан эсэхийг сонирхоход “Аймаг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд үүнд тусад нь зардал тусгаагүй, харин сургалт, сурталчилгаанд 300 орчим сая төгрөг суулгасан болов уу, УИХ-ын өнгөрсөн сонгуулиар энэ ажилд 14 орчим тэрбум төгрөг тусгасан” гэсэн хариулт сонстов.
Сонсголын төгсгөлд Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга Ж.Батзандан энэ арга хэмжээг дүгнэн үг хэлэхдээ “сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн ажилд технологийн дэвшил гарсан нь үнэн” болохыг тэмдэглээд орон нутгийн сонгуулийг холимог системээр явуулахын дээр хуулийн иргэний бүртгэлийн тухай заалтад сонгогчийн бүртгэл гэдэг зүйл заалт оруулсан нь шинэ хуулийн дэвшилттэй тал болсныг онцоллоо. Тэрбээр бас “Шинэтгэлийн Засгийн газар иргэний бүртгэлийн удирдлагыг өөрчилснөөс бус орон нутаг дахь хуучин бүтцийг нь өөрчлөөгүй, шинэ удирдлага, хуучин бүтэц хоёр хуулиа бариад илүү шударга ажиллах боломжтой” хэмээн захиад эндээс гарсан олон санал санаачилгыг СЕХ, УБЕГ-т зөвлөмж болгон өгнө гэлээ. Тэрхүү зөвлөмжид сонгогчийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой 180 хоногийн тухай заалтын тухайд Улсын дээд шүүхийн тайлбар гаргуулж олон нийтэд мэдээлэх, МАХН-ын төлөөллөөс гаргасан саналаар 10-аас дээш ам бүл бүхий өрхүүдийг шалгах, иргэд мэдээллийнхээ өгөгдлийг онлайнаар шалгаж болно гэж хуульд заасан ч буруу зөрүү мэдээллээ хэрхэн засуулах нь бүрхэг байгаа тул энэ талын зохицуулалтыг тодруулах, Амарсанаа даргын үед ихээхэн алдаа завхрал гарсантай холбогдуулан хариуцлагагүй ажилласан бусад хүмүүст арга хэмжээ авах, сонгуулийн үеэр ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчидтэй холбоотой болон ажиглагчдын эрхийг хамгаалах журам боловсруулан гаргах зэрэг тодорхой хэд хэдэн асуудлыг тусгахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )