Шөнийн цэнгээний газруудын цаг сунгалт бидэнд хэрэгтэй юү

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 25

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоолоор согтууруулах ундаа худалддаг болон үйлчилдэг аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарийг шинэчлэн баталсан билээ. Уг тогтоолоор хүнсний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж 08.00- 24.00, зоогийн газар 07.00- 24.00, баар 15.00-24.00, кафе 10.00-22.00 цаг хүртэл ажиллаж байхаар заасан бөгөөд энэ шийдвэрийн хэрэгжилт хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Гэвч үнэн хэрэгтээ энэхүү тогтоол шөнийн цэнгээний газруудын хувьд эрх тэгш бус үйлчлэн, зарим “дархлагдсан” газрууд бараг өглөөний нар мандтал ажиллаж байгааг мэдэхгүй хүн үгүй.

Тэгвэл өчигдөр эх сурвалжуудын мэдээллээр,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд  хотын захирагч Э.Бат-Үүлийн са­наачилгаар Улаанбаатар хо­тод шөнийн цэнгээний чиг­лэлээр үйл ажиллагаа эрхлэх цагийг 04:00 цаг хүртэл сунгах талаар салбарын яам хэлэлцэж байна гэсэн сураг сонсогдож эхлэв.  Хэрэв 04:00 цаг хүртэл ажиллах бол Хууль Зүй Дотоод хэргийн яамны тогтоосон стандартыг барьж ажиллахыг үүрэгдсэн юм байх. Энд тухайн объектын гадна, дотор талыг бүрэн камержуулан, бичлэгийн архиваа нэг сараас доошгүй хугацаагаар хадгалж байх ёстой гэжээ.

Энэхүү мэдээллийг сонсоод хүмүүс янз бүрээр хариу реакцалж эхлэв. Зарим нь эрс эсэргүүцэн ёстой элийрсэн, тэнэг шийдвэр, шөнөжин чөлөөтэй шоуддаг болсноор айл гэрийн эдийн засагт сөргөөр нөлөөлөн, гэр бүлийн хэрүүл маргаан улам ихэснэ хэмээн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь тэртэй тэргүй нууцаар шөнөжин ажилладаг юмыг харин ч ил болгон, чанар, стандартын шаардлагыг дээшлүүлснээр баарны оронцогууд нь шахагдан хаагдаж, цөөн хэдэн боломжийн газар нь үлдэнэ хэмээн дэмжиж байна.

Үүнээс үүдэн, архидалт хэмээх монголын нийгмийг эмзэглүүлсэн чухал асуудал хөндөгдөж байна. Зах зээлийн эхэн үеийн ороо бусгаа үед дээр дооргүй, эр эмгүй архиддаг байснаа бодвол одоо арай гайгүй болон, учраа мэдэх насныхны хувьд архи моодноос гарсан гэхэд болохоор. Харин бүрэн төлөвшөөгүй өсвөр насныхан, залуусын дунд харьцангуй өндөр хэрэглээтэй хэвээр байна. Шөнийн цэнгээний газруудын ихэнх орлогыг ч эд нар бүрдүүлж өгдөг. Ийм нөхцөлд шоудах цагийг сунган, чөлөөтэй тавьж өгөх нь хэр оновчтой зөв шийдвэр болохыг хараахан хэн ч төсөөлж чадахгүй биз ээ.

Уг нь санаснаар болдог бол архийг бүрмөсөн чангалмаар байгаам, ядаж хамгийн хямдхан архи 20 000 төгрөгний үнэтэй байхаар. Тэгвэл угийн түрийвч нимгэн манайхны хувьд уух санаа байвч сачий нь хүрэхээ болино. Саяхан манай хойд хөршийн мэдээн дотор архины үнээ доод тал нь 1000 рубль буюу манайхаар 43 000 төгрөг болгохоор хэлэлцэж байна гэсэн зүйл харагдаж байсан. Эндээс үзвэл, монголчуудын архины “их багш” орос Иван ах нар маань архидалттайгаа эрс шийдэмгий тэмцэхээр шийдсэн бололтой. Архи бол зайлшгүй идэж уух ёстой хүнс тэжээл биш учраас яаж ч үнийг нь нэмсэн сүйд болоод эсэргүүцээд жагсаад байхгүй байлгүй.

Архины “хуурай хуультай” Скандинавын хойгийн орнууд гэхэд, хөгжил, соёл, хүний эрхийг дээдлэх талаар толгой цохиж байна. Тэдний музейд байгаа 50-60 жилийн өмнөх архитай үеийнх нь фото зургууд одооны манайх шиг навсайж хөглөрсөн байдалтай харагдаж байгаа бол өнөөдрийн тэдний амьдрал тухайн үеэсээ өдөр шөнө мэт эрс тэс өөрчлөгдсөн байна. Энэ бол архи хэрэглэхээ больсны ач гавьяа!

Ямар ч сайхан, чанартай архи үйлдвэрлэдэг хүн байсан, улсад хичнээн их татвар төлдөг байлаа ч, би л хувьдаа үндэсний үйлдвэрлэгч хэмээн дэмжих сэтгэл огт төрөхгүй байгаа. Шөнийн цэнгээний газрууд ч ялгаагүй, нээх гоё гэгээлэг газар гэж санагддаггүй. Түүний оронд харин шөнө ажилладаг эмнэлэг ч юм уу байдаг бол хичнээн сайхан. Мөн энэ олон баар, цэнгээний газруудын оронд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлчихээр өөр аятайхан клубууд ажилладаг бол... гээд мөрөөдөх зүйл мөн ч их байна даа, бидний МОНГОЛД! 

Д.Мягмарсүрэн 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top