Тэр гурван удаа “Оскар” хүртэж, арван долоон удаа “Оскар”-т нэр дэвшсэн нь кино урлагийн түүхэнд ямар ч, эрэгтэй, эмэгтэй жүжигчний гаргаж байгаагүй амжилт ба найман удаа “Алтан бөмбөрцөг"-ийн эзэн болж, хорин долоон удаа нэр дэвшсэн нь уг шагналын түүхэнд гарч байгаагүй үзэгдэл аж. Тоймтой томоос нь дурдахад энэ ба бусад шагналыг тоочно гэвэл бараг бүтэн нүүр болох буй заа. Энэ бол алдарт “Медисон гол дээрх гүүрийн” Мерил Стрип!
Мэри Луиз Стрип 1949 оны зургаадугаар сарын 22-нд Нью-Жерси мужийн Саммитэд төржээ. Эцэг Гарри Уильям Стрип эм хангамжийн компанид менежер, ээж Мэри Вульф зураачаар ажиллаж байв. Мерилийн хүүхэд нас Нью-Жерси мужийн Бернардсвилльд өнгөрсөн ба тэнд Бернардсын ахлах сургуульд суралцан, 1971 онд Вассар коллежид жүжгийн чиглэлээр бакалаврын зэрэг авчээ. Тухайн үед нэг хэсэгтээ Жин Артур жүжигчний шавь байсан ба дараа нь Йелийн жүжгийн сургуульд дүрслэх урлагийн магистрын цол хүртсэн байна. Тэнд сурч байхдаа Стрип орон нутгийн театрын дугуйланд төрөл бүрийн дүр бүтээж байжээ.
Йелийн жүжгийн сургуулийг төгсөөд Нью-Йоркт шилжин ирж, театрын янз бүрийн тоглолтуудад оролцон, Нью-Йоркийн Шекспирийн фестивальд олон жүжгийн шилдэг дүрийг бүтээсэн байна. Тэр үедээ өөрийн ирээдүйн нөхөр, жүжигчин Жон Казалетэй танилцаж байжээ.
1975 онд Стрип “Кинг-Конг” киноны эмэгтэй гол дүрийн шалгаруулалтыг давж чадсангүй. Продюссер Дино де Лаурентис Стрипийн талаар хүүтэйгээ хэлэлцэнгээ: “Чи яах гэж над руу энэ мэгжийг явуулсан юм бэ? Энэ чинь шал эрэмдэг хүүхэн байна ш дээ” хэмээн италиар хэлэхийг сонсоод Мерил яг тэр хэлээр нь: “Таныг ингэж их бухимдуулсандаа би маш их харамсаж байна” хэмээн өгүүлж, “ангайлгаж” байсан түүхтэй.
Хоёр жилийн дараа Мерил Стрип анхны бүрэн хэмжээний “Julia” кинонд Энн-Мари хэмээх туслах дүрийг бүтээн, уг кино дэлхийн кино шүүмжлэгчдийн талархлыг хүлээн, 50 дахь удаагийн “Оскарт” гурван шагнал авчээ. Жилийн дараа Стрип Майкл Чиминогийн “The Deer Hunter” хэмээх дайны сэдэвт киноны Линдагийн дүрд тоглохыг зөвшөөрсөн байна. Хожим түүний өгүүлснээр, уг кинонд хүнд эдгэршгүй өвчин туссан, хайрт Жон Казале нь тоглож байсан болохоор л тэр дүрийг хүлээн авсан хэмээн дурсжээ.Хоёр эрийн дунд явдаг хүүхний тухай энэхүү дүр жүжигчин бүсгүйд төдийлөн таалагдахгүй байсан ч тэр үнэхээр чадварлагаар уг дүрийг бүтээн, тухайн кино олны талархлыг хүлээж, “Оскарын” есөн төрөлд нэр дэвшсэнээс “Оны шилдэг кино” номинацийг оролцуулан тавыг нь авч, Мэрил Стрип “шилдэг туслах эмэгтэй дүрд” нэр дэвшсэн боловч Мэгги Смитэд ялагдсан аж. Тухайн үед кино шүүмжлэгч Дан Жарден болон The New York Times-ийн Винсент Кенби нар Мерил Стрипийн авьяасыг шагшин магтаж байлаа.Тэр ондоо Марвин Чомскийн “Holocaust” минисериалд еврей зураачтай гэр бүл болдог немец бүсгүй Инга Хельмийн дүрийг бүтээжээ. Хожим нь жүжигчин маань: “Надад мөнгөний хэрэгцээ байсан учраас би тэр дүрд тоглохыг зөвшөөрсөн. Би үүнийгээ хэнээс ч нуухгүй” хэмээн ярьж байв. Энэхүү жижиг цуврал кино хүмүүст машид таалагдан, “Эмми”-д арван таван номинацид нэр дэвшин наймыг авч, “Алтан бөмбөрцгөөс” хоёр шагнал авсан байна. Мерил Стрип анх удаа “Эмми”-гээс “Цуврал киноны шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртжээ.Кино зураг авалт дууссаны дараа түүнийг Германаас буцаж ирэхэд нөхөр Жон Казалийн биеийн байдал улам муудан, 1978 оны гуравдугаар сарын 12-нд уушигны хорт хавдраар нас барсан аж.
Дараахан нь Мерил Стрип уран барималч Дон Хаммертай гэрлэн дөрвөн хүүхэдтэй болсон ба Мэми, Грейс охид нь жүжигчин, хүү Хэнк хөгжимчин болж “Хенри Вульф” нэрээр тоглож байна.
Мерил Стрипийн бүтээсэн олон шилдэг дүрүүдийг тоочоод байвал барагдахгүй тул зөвхөн ганц содон дүр дээр онцлон дурдахаар шийдэв. Энэ бол 1995 оны зургаадугаар сарын 2-нд АНУ-д нээлтээ хийсэн алдарт “The Bridges of Madison County” кино. Манай телевизийн дэлгэцүүдээр “Мэдисон гол дээрх гүүр” хэмээх нэртэйгээр толилуулагдаж байсныг та бүхэн зарим нь санаж байгаа буй заа. Энэ киног алдарт жүжигчин, найруулагч Клинт Иствуд найруулан өөрөө гол дүрд нь тоглосон билээ. Мерил Стрип энэхүү кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг авч, “Алтан бөмбөрцөг”-өөс шилдэг кино, шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан нь үнэхээр үзэгчдийн сэтгэлд хүрэхээр сайхан кино болсныг гэрчилж байв.
Киноны эхэнд, 1987 онд Майкл\Виктор Слизак\, Кэролайн\Энни Корли\ ах дүү хоёр Айова мужийн Мэдисон тойрогт нас барсан ээж Франчески Жонсоны \Мерил Стрип\ -ийн бичиг баримтыг цэгцэлж байгаад өдрийн тэмдэглэлийн дэвтэр олж, уг дэвтэрт ээж нь 1965 онд дөрөв хоногт болж өнгөрсөн учралын талаар бичсэн байсан нь киноны үйл явдлыг тухайн үед шилжүүлнэ.
Франческа бол итали бүсгүй ба дайны дараа америкийн армийн цэрэг Ричард Жонсон\Жим Хэйни\-тэй гэрлэн,хоёр хүүхэдтэй, хангалуун амьдралтай гэр бүл болжээ.Нэгэн удаа Ричард хүүхдүүдтэйгээ Чикагод зохиогдох хөдөө аж ахуйн үзэсгэлэнд оролцохоор явж, Франческа гэртээ ганцаараа үлдсэн байхдаа санамсаргүй тохиолдлоор, National Geographic-ийн захиалгаар Мэдисон тойргийн хаалттай гүүрнүүдийн зургийг авахаар ирсэн фото зурагчин Роберт Кинкейд\Клинт Иствуд\-тэй танилцана. Зурагчин эр зам асуухад Франческа тодорхой тайлбарлаж чадахгүй байсан тул гүүр хүртэл замчлан хамт явдаг. Ингээд тэдний хоорондох харьцаа улам гүнзгийрэн, дөрөв дэх өдрийн өглөө Роберт Франческаг өөртэйгөө хамт явахыг хүсдэг. Бүсгүй америкийн хөдөөгийн амьдралд дургүй хэдий ч нөхөр хүүхдүүддээ хүндрэл үүсгэхийг хүссэнгүй. Киноны төгсгөлийн хэсгийн нэг үзэгдэл дээр бүсгүйн сэтгэлийн дотоод зөрчил маш тод томруун дүрслэгддэг. Тэрээр нөхөртэйгөө шатахуун түгээгүүр явах замдаа гэрлэн дохион дээр Робертийн машины ард хэсэгхэн хором зогсох тэр агшинд бүсгүйн дотоод сэтгэлд шийдвэр гаргах хурц тэмцэл өрнөн, Робертод хайртай сэтгэлээ дагавал машины хаалганы бариулыг доош нь дараад буугаад гүйчихмээр, гэтэл нөхөр хүүхдээ бас бодмоор...хажуугаар нь тэр үед орж байсан ширүүн, усархаг бороог хэлэх үү, энэ хором үнэхээр гайхалтай, мэдрэмжтэй дүрслэгдсэн.
Энэ кино бол он жилийн урсгалд ч элэгдэн үл арилах тийм агуу хайрын тухай, мөн хүмүүний амьдралд тохиолдох хоромхон зуурын учрал ч насан туршид үл мартагдах агуу мэдрэмжийг төрүүлдэг талаар өгүүлсэн, үнэхээр сэтгэл хөдөлгөм гайхамшигтай кино билээ. Хувь заяаны эрхээр энэ насандаа хамтран амьдрах хувь ерөөлгүй, зөвхөн “нөгөө ертөнцөд” учран золгох тавилантай энэ хижээл хоёр хүн \Мерил Стрип, Клинт Иствуд нарын дүрсэлсэн\ насны эцэст өөрсдийн чандрыг тэдний хоромхон хугацааны хайрын дурсамжтай нягт холбоотой Мэдисон гол дээрх гүүрэн дээрээс цацахыг гэрээсэлсэн нь энэхүү агуу хайрын хичнээн үнэ цэнэтэй, үнэнч болохыг илтгэн харуулдаг гэж болохоор. Жинхэнэ хайрын мэдрэмжийг амсаж үзсэн хэний ч сэтгэлийг хөдөлгөхөөр бүтээгдсэн энэхүү кино бол хэзээ ч моодноос гарахааргүй, хүн төрөлхтний мөнхийн бүтээл билээ.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )