УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих эсэх талаар ярилцсан байна. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаан завсарлахтай холбогдуулан одоо хэлэлцэж буй асуудлаа нягтлах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзсэн байна.
Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх гол асуудлын нэг нь Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа. МАН-ын гишүүдийн хэлсэнээр, Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, төрөөс баримтлах бодлогын бичиг баримт гаргахыг дэмжиж байгаа. Гэхдээ Иргэний нисэхийн бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудал дээр төрийн бодлогын зүгээс анхаарах ёстой. Аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийг биеэ даасан байгууллага болгож гаргах нь өнөөгийн нөхцөлд илүү тохиромжтой гэсэн байр суурьтай байгаа гэлээ. Дээрхи УИХ-ын тогтоолын төсөл эцсийн хэлэлцүүлгийн шатанд явж байгаа ч тус намын бүлэг энэ байр сууриа байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болжээ.
Үүний дараа бүлгийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ асуудлаар МАН-ын бүлэг хоёр ч удаа завсарлага аваад байгаа юм. Энэ асуудалд мөн хуучин байр суурьтайгаа ижил байгаа гэлээ.
МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Төрийн нууцын жагсаалтаас хасах тухай хуулийг дэмжихгүй байгаа. Ялангуяа, иргэний, хувь хүний мэдээллийг нууцын жагсаалтаас гаргахыг дэмжихгүй байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ болон олон улсын байгууллагын дүрэм, конвецид нийцэхгүй. Тодруулбал, хувь хүний нууцтай холбоотой НҮБ-ийн конвенц байдаг. Үүнд, иргэн хүн өөрөө хүлээн зөвшөөрөхгүй бол түүний хувийн мэдээллийг ил тод байлгах асуудлыг төр дэмжиж болохгүй гэсэн байдаг. Бид ч мөн ийм байр суурьтай байгаа” гэлээ.
МАН-ын бүлгийн хэлэлцсэн дараагийн асуудал нь “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Зөвхөн нийслэлийг хөгжүүлэх хөрөнгийг дангаар ярихаас илүү, хот суурин газар болон аймгийн төвүүдийг хөгжүүлэх, хүн амын нягтрашил, шилжилтийг зогсоох талаар цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Хотын хөгжил, орон нутгийн хөгжлийг зэрэг авч явахгүй бол нийслэлийн хүн амын төвлөрөл, нягтаршил байсаар байх болно гэж үзэж байгаа юм байна. Тиймээс МАН-ын зүгээс хотыг хөгжүүлэх 2020 хөтөлбөрийн хамт хот суурин газар, орон нутгийн хөгжлийг хамтад нь шийдэх, хэрэв хамтад нь шийдэж чадахгүй бол хаврын чуулганаас өмнө боловсруулж, хэлэлцүүлэх ёстой гэсэн заалтыг тогтоолын төсөлд тусгах байр суурийг байнгын хороо болон чуулганы хуралдаанаар илэрхийлнэ гэлээ. Энэхүү хөтөлбөрийг зарчмын хувьд дэмжиж байгаа гэв. Мөн энэ төсөлд нийслэлийн ойролцоох газар хөдлөлт нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн нөхцөл байдлыг хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголд оруулж өгөх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзсэн байна.
Тус намын бүлэг хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэж, санал оруулсан байна. Өмнөх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар ажлын хэсэг гарч, үнийн өсөлтийн талаар судалгаа хийсэн байна. Бүлгийн хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүн Су.Батболд ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан юм.
Ажлын хэсгийн гишүүн Су.Батболд: Өнгөрсөн бүлгийн хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайд Ц.Тувааны хийсэн мэдээлэл хэр зэрэг бодитой мэдээлэл вэ гэдгийг судалж үзэхээр ажлын хэсэг байгуулсан. Төрийн болон төрийн өндөр албан тушаалтан мэдээлэл өгөхдөө бодит мэдээлэл өгөхгүй байгаа тал өнгөрсөн хугацаанд ажиглагдсан. Бид бараа бүтээгдэхүү, ялангуяа гурил, махны үнийн өсөлт болон Засгийн газраас гаргасан үнийг тогтворжуулах хөрөнгийн зарцуулалтын тухай ажлын хэсэг шалгасан. Үндэсний статистикийн гаргасан судалгаа болон ажлын хэсэг хоёрын дүн зөрүүтэй байсан. Тухайлбал, Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдын хийсэн мэдээлэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээс 18-31хувийн зөрүүтэй байсан. Махны үнэ тогтвортой байгаа гэсэн боловч бидний судалгаа зах дээр, худалдааны төв зэрэг бодит байдал дээр хийсэн судалгаа юм. Тиймээс бид бүлэгт буруу мэдээлэл өгсөн гэж үзэж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн санал гаргасан байгаа. Өнгөрсөн хугацаанд махны үнийг тогтворжуулахын тулд 87 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргасан. Өвлийн улирал буюу нэгдүгээр сард махны үнэ хамгийн тогтвортой байдаг боловч тогтворжоогүй, нэмэгдсэн байна.
Мөн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх шааррдлагыг Засгийн газарт тавьж ажиллана. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт инфляциас үл хамааран цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн заалт бий. Тиймээс бид цалин тэтгэвэрийн нэмэх талаар Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх талаар шаардах, тайлагнах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа өнөөдөр тэд мэдээллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )