УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Иргэний санаачилгын тухай” хуулийн төсөл санаачилж “ангийн дарга”-даа өргөн барихад бэлэн болсон гэнэ. Гэхдээ өргөн барихаасаа өмнө сэтгүүлчдээр дамжуулан иргэдээс санал авах хэрэгтэй байгаа ажээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын иргэн хууль, тогтоол, УИХ-ын шийдвэрийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах арга, хэлбэр, зарчим болон уг саналыг хэлэлцүүлэх журмын талаарх харилцааг зохицуулах зорилгоор хуулийн төслөө санаачилсан юм байна. Тэрбээр дөрвөн бүлэг, 17 зүйлтэй “товч” төслийнхөө талаар: Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэд, байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилж, хууль санаачлах эрхийг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар эдэлдэг өнөөгийн практикийг өөрчилнө. Хууль санаачлах эрхийг иргэдэд шууд олгох нь одоо байгаа төлөөллийн ардчиллыг амьдрал дээр хэрэгжихгүй байгаа шууд ардчилал болгон хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Ингэснээр Үндсэн хууль болон хууль санаачлагч гурван этгээдийн эрхэнд халдаж байгаа бус, харин ч Үндсэн хуульд заасан “хуулийн төслийн талаар санал гаргах иргэдийн эрх”-ийг бодит утгаар нь хэрэгжүүлэх юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль, тогтоолын талаар санал гаргах ёсгүй. Харин улс төрчдийн шийдвэрлэхээс зайлсхийдэг нийгмийн тулгамдсан олон асуудал, тухайлбал, хүний эрх, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол зэрэг хөгжлийн тодорхой асуудлаар санал дэвшүүлэх боломжтой аж. Сэтгүүлчдийн асууснаар иргэдийн зүгээс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцохтой холбоотой хууль, тогтоолын тухай санал уламжлах асуудлыг төсөлд тусгаагүй” гэж тайлбарлав.
Төсөлд зааснаар бол сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн 5 хувь нь тодорхой асуудлаар шинэ хууль, тогтоол гаргах юм уу хүчин төгөлдөр байгаа хууль тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тодорхой хугацаа, нөхцөл, журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагад уламжлах бөгөөд иргэний санаачилгыг бүртгэх, түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, санал хүлээн авах, саналын дүн гаргахтай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт жил бүр тусгах аж. Иргэний санаачилгын үйл ажиллагаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн талаас илүү хувийг хамарсан байх ёстой бөгөөд уг санаачилгын талаар олон нийтээс санал авах ажиллагааг тухайн санаачилгыг бүртгэсэн өдрөөс хойш гурав хоногийн дараа эхлүүлж, гурван сарын хугацаанд дуусгахаар төсөлд тусгасан аж.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )