Филиппины Ерөнхийлөгч асан Фердинанд Маркосыг дэлхийн хамгийн алдартай мөнгө угаагчдын нэг гэж болно. Тэр АНУ, Швейцарийн банкуудаар дамжуулж эх орноосоо хулгайлсан тэрбум тэрбум ам.долларыг угааж байсан төдийгүй алдарт угаагчийн эхнэр 2500 хос гуталтай байсан гэдгээрээ алдаршиж байсан түүхтэй.
Харин Индонезийн Ерөнхийлөгч асан Сухартогийн мөнгө угаасан хэрэг Фердинанд Маркосын угаалгын ажлыг давж унана уу гэхээс ард нь орохгүй. Алдарт “Time” сэтгүүл түүний гэр бүлийн орлогыг 15 тэрбум ам.доллараар үнэлсэн байдаг гээд бод доо. Гайхалтай байгаа биз.
Харин дэлхийд зартай болсон эдгээр угаагчдын араас Монгол улс шил дарж мэдэхээр болоод байна.
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн 1.2 тэрбум ам.долларын үнэ бүхий 5261х дугаартай лиценз хахуульд авсан хэрэг, МИАТ компанийн дайны эрсдлийн даатгалын 700 сая ам.долларыг нь угааж 6 тэрбум төгрөг “унагаасан” хэрэг, “Зэлмэ” компанийн захирал Н.Бат-Ирээдүйн гэрт нэгжлэг хийхэд 11 сая ам.доллар гарч ирсэн хэрэг, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүхийн 2 тэрбум төгрөг, Төсвийн орлогын хяналтын хэлтсийн эрсдлийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбатын эхнэр Охиноогийнхоо данс руу 4 сая ам.доллар шилжүүлсэн зэрэг дуулиант хэргүүдийн чимээ намжиж амжаагүй байна.
Хэдэн тэрбум төгрөгийг угааж их хэмжээний мөнгийг хууль бусаар босгож байсан нөхдүүдтэй зэрэгцэн бас нэгэн мөнгө төгрөг угаасан хэрэг илэрчээ.
Энэ нь 250 сая ам.доллар угаасан хэрэг. Ёстой л “Зүүдэнд ч оромгүй явдал” гэдэг шиг санаанд буумгүй их ногоон угаасан хэрэгт улстөрийн намын нөхдүүд, бас манайдаа томд тооцогдох нэгэн компанийн удирдах ажилтныг шалгаж байгаа юм байна. Түүгээр ч их ногооныг угаасан хэрэгт холбогдуулан аав, хүү хоёрыг барьж, хорьж шалгаж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.
Угаагчид хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардлагатай болдог бөгөөд энэ шатанд бохир мөнгө угаагч нь мөнгөө хууль ёсны санхүүгийн байгууллага руу оруулна. Ихэвчлэн банкин дахь хадгаламж хэлбэртэй болгодог. Энэ алхам нь тэдний хувьд эрсдэлтэй алхам байдаг. Учир нь их хэмжээний бэлэн мөнгө нь хүмүүсийн хараанд өртдөг ба банкууд өндөр дүнтэй гүйлгээ хадгаламжийг бүртгэдэг байна. Манай мөнгө угаагчид ч ялгаагүй энэ шат дамжлагын дагуу мөнгөө хууль ёсны санхүүгийн байгууллагад буюу манайдаа том, найдвартайд тооцогдох нэгэн банкыг сонгосон ч өдгөө хэргийг илрүүлэх сэжүүрийг цагдаагийнхан гаргажээ.
Улстөр, бизнесийн хүрээний нөхдүүдийг хоморголон татаж их мөнгө унагаах ад мөрийн хүсэлд автуулсан 250 сая ам.доллар нь Хойт Солонгосынх байж болзошгүй гэнэ. Хэмжээ хязгааргүй мэт их мөнгөн далайд умбаж хөлөө газар хүргэхгүй шахам болтлоо тансаглаж, үнэтэй машин баруун солгойгүй сольж, дээдсийн хүрээнийхэн хэмээх алдрыг өөрсөддөө хүртээгсэдийн үнэн төрх нь мөнгө угаагчид байж шүү. Хэдэн жилийн өмнө 1500 төгрөг хулгайлсан ядуу эмэгтэй 10 жилийн хорих ял сонсож байсан эмгэнэлт түүх бий. Монголын хууль хяналтын байгууллага 1500 төгрөг хулгайлсан эмэгтэйд 10 жилийн ял оноож байсан чигч шударга багтайгаа явсан бол өнөөдөр хулгай хийж худал ярьдаг хүн үгүй байх байсан биз ээ. Түүгээр ч барахгүй 4-5 тэрбум төгрөг биш 250 сая ам.доллар угааж их хэмжээний шавхрагыг тосох бөх зүрх бүү хэл их мөнгө барих зүрх зориг ч байхгүй байх байсан биз ээ. Харин одоо 1500 төгрөг хулгайлсан эмэгтэйд 10 жилийн ял оноож чадсан юм чинь эх орноосоо их хэмжээний мөнгө хулгайлж улс үндэстэн дамнасан угаалгын ажил хийж байгаа нөхдүүдийг хэрхэн шийтгэхийг 2 сая 700 мянган хүний 5 сая 400 мянган нүдээр цоо ширтэн харж байя даа.
Ж.Ананд
Сэтгэгдэл ( 0 )