Онлайн Парламентын Америк болон бусад тойргоос сонгогдсон төлөөлөгч Алтангэрэлийн Урангоог энэ удаагийнхаа зочноор урьлаа.
А.Урангоо: Колорадо их сургуулийг улс төр, олон улс судлалын мэргэжлээр сурч төгссөн. UA консалтинг компанийг үүсгэн байгуулагч, “Эх орондоо эргэж ирцгээе” төслийн санаачлагч, Америк дахь Монголчуудын нэгдсэн холбоог үүсгэн байгуулагчдын нэг. Онлайн парламентын Америк болон бусад тойргийн төлөөлөгч. Олон улс оронд сургуулиа төгсөн эх орондоо ирж буй залуусаа энэ цаг үед тэр болгон яригдаад байдаггүй чадварлаг боловсон хүчнээ эх орондоо татах том ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа залуу бүсгүй юм.
Онлайн парламентын төлөөлөгч болж гадаадад суугаа иргэдийн төлөөлөлөөр сонгогдсон сэтгэгдэл?
А.Урангоо: Миний хувьд онлайн парламентад нэр сонгогдон нэгдэх болсон нэг л шалтгаан бий. Гадаад улс оронд суугаа чадварлаг боловсон хүчнээ эх орондоо татах, тэднийг ажлын байраар хангах чиглэлээр өнгөрсөн жил монголд ирсэн цагаасаа ажиллаж эхэлсэн. Гадаадад байгаа монголчуудтай харилцах цорын ганц арга зам онлайн ертөнц байдаг. Өнөөдрийн интернэт хэрэглэгчдийн нилээдгүй хувийг гадаадад байгаа монголчууд эзэлж байна. Тэр утгаараа гадаадад, тэр тусмаа америк дахь монголчуудын төлөөлөл болж ажиллаж чадна гэж сонгосон болов уу гэж харж байгаа.
Өөрийн тойргийн хүрээнд ямар ажлуудыг хийгээд байна?
А.Урангоо: Эхний ээлжинд “Эх орондоо эргэж ирцгээе” уулзалтаа АНУ-ын Вашингтон, Чикаго, Денвэр, Сан Франциско, Сакраменто, Лос Анжелос зэрэг Америкийн 6 муж, Азиас японы Токио хот, Солонгосийн Сөүл хот, Хятадын Бээжин хотуудаар явж хийсэн. Төслийн хүрээнд Европын дөрвөн орноор уулзалтууд үргэлжлэн хийгдэнэ. Мөн гадаадад удаан хугацаагаар сурч ажилласан монголчуудаа ажлын байраар хангах тал дээр илүү түлхүү ажиллаж байна. Дотоод болон гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн компаниудтай гэрээ хийн ажилд зуучиллан ажиллаж байна. Эдгээр ажлууд Онлайн парламентаар дамжуулан нийгэмд хүрээсэй гэж боддог. Нийт 9 удаагийн лекц хийхэд дор хаяж 3 цаг үргэлжилж нилээдгүй хүмүүсийн сонирхолыг татаж бусад улс орнуудаас урих болсон нь тэдний эх орондоо ажиллах чин хүсэлтэй байгаагийн илрэл болов уу.
Онлайн парламентийн цөөн эмэгтэй төлөөлөгчдын нэг, мөн нийгмийн бодлогын ажлын хэсэгт харъяалагддаг төлөөлөгчийн хувьд тойрогтоо хандаж хийх ажлын төлөвлөгөө?
А.Урангоо: Гадаадад байгаа монголчуудад хандсан засгийн бодлого дутагдалтай байгаа. Нэгдүгээрт тавигдах асуудал бол гадаадад байгаа монголчууд болон гадаадад төрсөн шинэ иргэдийн хэл соёлын асуудал байдаг. Тиймээс тэнд нээгдэж байгаа монгол сургууль болон монгол хүн гэсэн боловсролыг дэмжиж ажиллана. Түүнээс гадна нийгмийн халамжийн асуудал байгаа, тэнд 8-10 жил ажилласан хүмүүсийн тэтгэвэр тэтгэмж, мөн давхар иргэншлийн асуудлуудыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй гэж бодож байна. Шинэчлэлийн засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт гадаадад байгаа монголчуудад хандсан хэдхэн заалтууд оруулсан байдаг. Тэрний дотор гадаадад байгаа монголчууд, иргэдийн байгуулсан сайн дурын холбоод, нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжих гэсэн заалт бий. Энэ хөтөлбөрийн талаар онлайн парламент онлайн орчинд нь хэлэлцүүлгийн шатанд илүү ил тод болгож өгөх зорилго тавьсан. Мөн чадварлаг боловсон хүчнийхээ оюуны хөрөнгө оруулалтыг хэрхэн монголын хөрсөн дээр буулгах болон давхар иргэншлийн асуудлыг хэлэлцүүллэгийн түвшинд шийдэж ямар нэгэн дорвитой саналыг шийдвэр гаргагчид хүргүүлэх төвшинд авч хэлэлцэхээр төлөвлөж байна.
Манай төрийн бодлого дэлхийн чиг хандлага, олон улсын харилцаатайгаа хэр нийцэж байгаа юм бол?
А.Урангоо: Иргэн бүр ажилтай, орлоготой байх явдал бол бидний яриад байдаг эдийн засгийн бодит өсөлт, чинээлэг Монгол улсыг бий болгох үндэс гэж би боддог юм. Засгийн газрын бодлогоор нийгмийн халамжуудыг зөвхөн зайлшгүй хэрэгтэй зорилтот хэсэгт л зориулж, ажлын байрны тоог нэмэгдүүлж хүн бүрийг ажилтай орлоготой болгохыг хамгийн эхний зорилт болгон ажиллаасай. Үндэсний том том компаниуд яах аргагүй гадаадын зах зээлийг сонирхоод эхэлсэн тэгэхээр дэлхийн стандартад нийцэн ажиллаж чадах боловсон хүчиндээ анхаарах нь хамгийн эхний алхам юм болов уу гэж бодож байна.
Гадаадад байгаа монголчуудад эх орондоо ирэхгүй байх хэд хэдэн шалтгаан байдаг. Тэр нөхцөл бололцоог эндээ бүрдүүлэх боломж бий юу? Энэ талаар төлөөгчийн хувьд ямар ажил хийж байна?
А.Урангоо: Энийг тайлбарлахад мэдээж асуудалтай. Тэгэхдээ Монгол улс харьцангуй хурдацтай хөгжиж байна. Энэ их бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжлийн үед эх орондоо ажиллаж хувь нэмрээ оруулна гэдэг иргэн хүний үүрэг. Гадаад улсад бусдын бий болгосон нийгэмд ажиллаж, гадаад улсын хөгжилд хувь нэмэр оруулан зүтгэснээс монголдоо ирж тэр хөгжилтэй нийгмийг өөрсдөө бүтээж хувь нэмрээ оруулах алтан боломж байгаа гэдгийг ойлгуулах явдал юм.
Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн таньд баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )