Н.Удвал Испанийн төв телевиз TVE болон Bloomberg-ийн сэтгүүлчдэд ярилцлага өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Нацагийн Удвал өнөөдөр Испанийн төв телевиз TVE болон Bloomberg интернэшнлийн сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Монгол Улс түүхэндээ анх удаа эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байгаа нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Нацагийн Удвалтай, сонгуульд өрсөлдөх болсон шалтгаан болон түүний Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаар ярилцлаа.
Bloomberg: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн зам тань тийм ч амаргүй байсан болов уу? Яагаад энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр шийдэв?
Нацагийн Удвал: Тэгэлгүй яахав амаргүй байлаа. Гэхдээ энэ бол зөвхөн миний шийдвэр байгаагүй намын шийдвэр байсан. МАХН-ын дарга, гишүүд надад үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бүрэн тусгаар тогтнол, улс орны эрх ашгийг хамгаалах цаг болсныг сануулж, энэ байдлыг засаж чадах хүн гэж итгэл хүлээлгэн ийнхүү нэрийг минь дэвшүүлсэн юм.
Bloomberg: Тэгэхээр нэр дэвших нь таны гэхээсээ илүүтэй намын зүгээс илгээсэн даалгавар байх нь ээ?
Нацагийн Удвал: Тийм ээ. Энэ бол намаас хүлээлгэсэн том итгэл хариуцлага. Нөгөө талаар нийгмийн хүлээлт, шаардлага байсан учраас нэр дэвшүүлэх шийдвэрийг намынхан маань гаргасан гэж бодож байгаа.
Bloomberg: Та бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй анхны эмэгтэй нэр дэвшигч. Эмэгтэй хүн гэдэг талаасаа таньд янз бүрийн улс төрийн дарамт, шахалт ирж байна уу?
Нацагийн Удвал: Би одоогоор ямар нэгэн дарамт шахалтанд орсон зүйл алга. Дарамт шахалт ирсэн ч тэрийг даваад гарах сэтгэлийн тэнхээ, хүч чадал надад байна. Манай улс эртнээс арвин түүхтэй, хүчирхэг өвөг дээдэстэй. Бид түүхэндээ олон эмэгтэй удирдагчтай байсан хүмүүс шүү дээ. Амжилтанд хүрсэн олон хатан байдаг юм. Тухайлбал, Өүлэн эх, Мандухай, Ану хатан гээд олон хатдыг нэрлэж болно. Мандухай сэцэн хатнаас хойш сүүлийн 500 жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хүн төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж байна. Одоо бол Монгол Улсын Их Хурал арван нэгэн эмэгтэй гишүүнтэй. Тэгэхээр олон зүйл өөрчлөгдөж, иргэд улс төрчдөөс өөр зүйлийг хүсдэг болж байгаа нь харагдаж байна.
Bloomberg: Монгол эмэгтэйчүүд хүчирхэг байдаг. УИХ-д эмэгтэй гишүүдийн төлөөлөл харьцангуй өссөн байна. Хэдийгээр улс төр, бизнесийн салбарт эмэгтэйчүүд хүчирхэг, чадварлаг байдаг ч Засгийн газарт яагаад маш цөөхөн төлөөлөлтэй байдаг юм вэ?
Нацагийн Удвал: Би тантай санал нэг байна. Одоогоор манай УИХ-д арван нэгэн эмэгтэй гишүүн байна. Эмэгтэй гишүүд маань өөрсдийн бүлэгтэй. Ер нь манай улсад боловсрол, эрүүл мэндийн салбарт 90 орчим хувь нь зөвхөн эмэгтэйчүүд байдаг. Би 2001 онд Нью-Йорк хотноо олон улсын хуралд сууж байх үедээ нэг зүйлийг ойлгосон. Яагаад манайд улс төрд эмэгтэйчүүд олноороо орж чадахгүй байгаа шалтгаан нь энэ сонгуулийн гажиг тогтолцоотой холбоотой юм байна. Манай сонгуулийн тогтолцоо өөрөө болохгүй байна. Сонгуульд өрсөлдөхийн тулд улс төрийн намууд мөнгө хаядаг. Мөн эмэгтэйчүүдэд бол хүнд даваа. Учир нь намынхаа хатуу ширүүн дүрэм журмыг давж байж л нэр дэвших боломжтой болдог. Тиймээс энэ буруу тогтолцоог өөрчлөхөөс нааш эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхгүй. Гэхдээ манай намын хувьд аливаа асуудлыг өөр нүдээр харж байгаа. Учир нь бид бусад улс төрийн хүчнийг бодвол асуудалд эрүүлээр ханддаг, авилгагүй.
Bloomberg: Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгааг эмэгтэйчүүд хэрхэн хүлээж авч байгаа бол?
Нацагийн Удвал: Нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Би Монголын бүх эмэгтэйчүүд, ээжүүд надтай хамт байж, дэмжиж байгаа гэж боддог. Би Монголын улс төрд эмэгтэйчүүдийн оролцох, оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ингэснээр эмэгтэй улс төрчдийн өмнө тулгамдаж байгаа шилэн таазыг нэвтлэх боломж гарч ирж байна.
Испанийн төв телевизийн сэтгүүлч /TVE/ Marian Seren: Өглөөний мэнд. Энэ их ажлынхаа хажуугаар бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Та их “аялж” байна уу?
Нацагийн Удвал: Тиймээ, маш их аялж байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн сонгогчидтойгоо уулзчихаад урьд шөнө ирлээ. Одоо 10 цагт Завхан аймаг руу нисэх гээд байж байна. Испанийн төв телевизийн хамт олон намайг зорин ирж, ярилцлага авч байгаад талархлаа илэрхийлье.
Marian Seren: Энэ богино хугацааг ашиглаад би танаас хэд хэдэн зүйлийг тодруулах гэсэн юм. Та Ерөнхийлөгчийн сонгуульд ямар давуу талтай өрсөлдөж байна вэ?
Нацагийн Удвал: Миний улс төрийн байр суурь бол маш тодорхой бөгөөд би таван зорилго, таван зорилтыг өмнөө тавьж байгаа. Нэн тэргүүнд би шударга ёсны төлөө тууштай зогсож байгаа гэдгээ хэлмээр байна. Хээл хахууль, улс төрийн сонгуулийн булхай луйврыг таслан зогсоох цаг нь болсон. Монгол улсын хувьд хамгийн үнэт зүйл болоод баялаг нь Монгол хүн өөрөө юм. Үүнийг дагаад хоёрдугаарт мэдээж Монгол хүний аюулгүй байдал, байгаль орчны аюулгүй байдал орж байна. Дараагийн зорилт маань үндэсний аюулгүй байдал. Тэр дундаа эдийн засгийн аюулгүй байдал буюу хараат бус байдлыг би энэ мөрийн хөтөлбөрийнхөө чухал хэсэг болгосон. Энэ нь юу вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг харилцан ашигтай, шударга байх зарчмыг баримтлахын сацуу дотоодын хөрөнгө оруулагчиддаа давуу талтай мөн үндэсний аюулгүй байдалд халгүй байх ёстой гэж үзэж байна. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг учраас эдгээр хөрөнгө оруулагчид ч найрсаг бас нийгмийн хариуцлагыг бамбайгаа болгодог байх ёстой.
Marian Seren: Таны яриаг сонсоод нэг зүйлийг асуумаар санагдлаа. Хэрвээ Ерөнхийлөгч боллоо гэж бодвол уул уурхайн салбар дахь лицензийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ ?
Нацагийн Удвал: Уул уурхайн зөвшөөрлийн асуудал бол манай хамгийн тулгамдаад байгаа асуудлуудыг нэг болоод байна. Өнөөдөр зөвшөөрөлтэй газрууд хэрхэн байгалийн баялагийг олборлож яаж ашиглаж байна вэ гэдэгт хяналт тавьж чадахаа байсан. Мөн хууль бусаар олгогдсон зөвшөөрлүүд ч олон байна. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол эдгээр зөвшөөрлүүдийг дахин нэг нягталж үзнэ. Ингэснээр хэн байгаль орчны нөхөн сэргээлтээ хийж, байгальд хэр ээлтэй байна, нөгөө талаар хэр нийгмийн хариуцлагатай байна вэ гэдгээс шалтгаалж бүхий л талаар шаардлагатай сонгон шалгаруулалт хийж зөвшөөрлийг сунгах цуцлах асуудлыг шийднэ.
Marian Seren: Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд уул уурхайн салбарт Засгийн газартай ямар түвшинд хамтран ажиллах ёстой гэж та бодож байна вэ?
Нацагийн Удвал: Мэдээж хуулийн хүрээнд гэрээ хэлцэл байгуулах асуудлаас гадна, тухайн гэрээнд хоёр талын ашиг сонирхол тусгагдсан байх хэрэгтэй. Нэн тэргүүнд үндэсний эрх ашиг, дараа нь тухай компанийн эрх ашиг. Энэ хоёрын тэнцвэртэй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал юм. Түүнээс биш огт гадаадын хөрөнгө оруулалт байх ёсгүй гэж ярих нь утгагүй л дээ.
Marian Seren: Маш их баярлалаа. Тантай ярилцах сайхан байлаа. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 1 )
Дээр үед улс задарч бутрах үед эмэгтэй хүн гарч зангидсан гарт нэгтгэж байсан эцэг өвгөдийн түүх эргэж ирж байна Улсаа боддоггүй ардаа хаясан авилгачин түшмэдүүдээс ард олон залхаж байгааг мэдүүштэй одоо бидэнд шударга тууштай эх оронч элгэн халуун нутгаа бусдад худалдахгүй хүн хэрэгтэй тэр нь Удвал байна