УМБГ-аас УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгыг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хориод байгаа нь эрхэм гишүүнийг суудлаас нь буулгаж ч мэдэхээр байна.
О.Эрдэнэсолонго нь 2009-2013 оны хооронд "Зоос", "Голомт", "Худалдаа хөгжлийн банк” –ин дахь дансандаа 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан нь хуулийнхны анхаарлыг татаад байгаа аж. Улмаар их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжих гэсэн үндэслэлүүдээр буруутгагдаж байна.
Тэгэхээр өнөөдөр цагдан хоригдоод байгаа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго гэж хэн бэ гэдэг нь анхаарал татаж байна. Тэгвэл хэвлэлийнхэнд танил бус О.Эрдэнэсолонго өнгөрөгч онд УИХ-ын сонгуулийн үеэр нөхрийнхөө талаар ийн ярьж байв.
-Таныг ханьтайгаа арван жилд байхдаа танилцсан гэдгийг дуулж байсан. Ер нь тэр үед Ё.Отгонбаяр гэж хөвгүүний чухам юу нь таныг татсан юм бэ?
-Бид хоёр аравдугаар ангид байхдаа 1981 оны аравдугаар сард танилцаж байлаа. Монгол, Зөвлөлтийн найрамдлын сарын дагуу манай 2 дугаар сургууль, Ё.Отгонбаярын 52 дугаар сургуультай шейф харилцаа тогтоож хоёр ангийн хүүхдүүд танилцацгаасан юм. Бид хоёрын тухайд сонирхол ойрхон байсан. Ё.Отгонбаяр оросоор ярьдаг, орос ном уншдаг. Москвад олимпиадад явж байсан гэхчлэн бидэнд сонирхол нийлэх зүйл олон байсан нь харилцаанд нөлөөлсөн байх. Нэг л мэдэхэд үерхцгээсэн дээ. Манай хүн аравдугаар ангиа төгсөөд нэг жил цэрэгт явчихаад Москва явж суралцсан юм. Уг нь өөр конкурст орж Москвагийн Удирдлагын их сургуулийн Хот төлөвлөлтийн ангийн хуваарь авсан байсан. Гэтэл Гадаад явдлын яамны нэр дээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцуулах таван хүүхдийн нэгээр шалгаруулсан байсан. Тиймээс энэ шугамаараа явж суралцсан юм.
-Та аль сургуулийг дүүргэсэн билээ..
Би Анагаахын дээд сургуулийг 1988 онд төгссөн.
-Та хоёр танилцсанаасаа хойш хэдэн жилийн дараа нэг гэрт орсон юм бэ?
-Бид хоёр чинь 1985 онд гэр бүл болсон шүү дээ..
-Тэгэхээр Орост сурч байх зуураа гэр бүл зохиогоод амжуулсан байх нь ээ?
-Тийм ээ./инээв/
-Нэг саваагүй асуулт байна л даа. Яг нэг гэрт ороод бие биенээ илүү таниад ирэхийн цагт анх төсөөлж байснаас тань хэр зөрж байсан бэ?
-Би яг тийм л хүнтэй суух ёстой гэсэн төсөөлөл, мөрөөдөл надад байгаагүй. Хүн ер нь өөрийнхөө сэтгэл дотор нэг “баатар” босгочихоод түүгээрээ л төсөөлж хайж явсаар байгаад хүнтэй суулаа гэхэд санаанд нь хүрэх нь юу л бол. Тэгж төсөөлдөг хүмүүс бодит амьдрал дээр сэтгэл нь их гундуу л явдаг шиг байгаа юм. Бидний хувьд үерхэж, нэг нэгийгээ таньж байгаад л гэр бүл болцгоосон. Бид гэр бүл болох учиртай хүмүүс. Хамтдаа сайхан амьдарцгаана. Сайхан үр хүүхдүүдтэй болцгооно. Үр хүүхдүүд маань ухаалаг хүмүүс болон өсцгөөж, улс орондоо хэрэгтэй чадварлаг мэргэжилтнүүд болно гэж л бодож гэр бүл болсон доо.
-Нээрээ нөхөр тань “би хүргэн орсон” хүн гэж хэлж байсан..
-Би айлын бага хүүхэд л дээ. Манай гэр УИД-ийн урд талд байсан. Би аав, ээжтэйгээ хамт амьдардаг байсан юм. Тэгээд л манайд хүргэн орчихгүй юу. /инээв/ Гэхдээ бид нэг гэртээ ороод удаагүй байхад манай хүнийг Энэтхэг дэх ЭСЯ-ны 2 дугаар нарийн бичгийн даргаар томилсон шүү дээ.
-Энэтхэгт 5 жил болсон байх аа?
-Тиймээ. Том хүү маань нэг настай байсан үе л дээ. Нөхөр маань томилолт авсан учраас дагаад явсан даа.
-Сургуулиа төгсөөд удаагүй байхад нь хариуцлагатай албанд томилсон нь тодорхой хэмжээний шалгуур байсан гэж ахмад дипломатч хэлж байсан шүү?
-Манай хүн улаан дипломтай төгсөж ирсэн л дээ. Ер нь бол Хинди хэлтэй хүн ховор байсан. Манай тухайд олон улсын харилцааны чиглэлд Энэтхэгээр мэргэшсэн хүн гуравхан байдаг юм билээ. Нөхрийг маань төгсөөд ирэнгүүт нь 1 дүгээр нарийн бичгийн даргаар ажилд авч байсан. Харин Энэтхэг рүү явуулахад дөнгөж 25 настай залуу хүүхэд учраас 2 дугаар нарийн бичгийн даргаар томилсон юм. Тэр үед зөвхөн тухайн улсын хэлийг мэддэг хүнийг л тэр улс руу нь явуулдаг байсан.
-Та тэр үед бас 25-тай л байж. Нөхрөө дагаад нутгаасаа хол явна гэхээр анх хэрхэн хүлээж авч байв?
-Тэр үед чинь нөхрөө дагаад л явна шүү дээ. Томилолт бол томилолт. Би явахгүй гэж болох л байсан байх. Гэхдээ хоёулаа 25 настай залуу гэр бүлд нэг нь яваад нөгөө нь үлдэнэ гэх ойлголт байхгүй л дээ. Тэгээд л явсан. Энэтхэгт анх очихдоо бол кинон дээрээс нь үзсэнээрээ л төсөөлж байлаа. Их сайхан цэцэг ногоо болсон газар. Дуулж бүжиглэсэн гоё хүүхнүүд л яваад байдаг юм шиг төсөөлөлтэй. Харин яваад очиход өөр байсан. Ямартаа л, нутаг руугаа буцаад явдаг юм бил үү. Сурсан мэргэжлээрээ эх орондоо ажилладаг юм уу гэх бодол хоёр, гурван ч удаа төрж байсан. Нөхөртөө ч тийм санал тавьж байсан удаа бий. Цаг агаар нь 45-50 градус ид халуун байх үед нь ч анх очиж таарсан нь нөлөөлсөн. Агаар дутагдаад. Дутуу амьсгалаад байгаа юм шиг санагдаад л. Заримдаа ч халуунаас нь айгаад хоёр долоо хоног гэрээсээ гараагүй байдаг. Бүр хүүхэд машинд гараа хүргэхэд түлчихдэг. Тийм айхтар халуун л даа.
-Залуу хосын таван жилийн амьдрал тэнд өнгөрч. Тэр хугацаанд гэр бүлийн тань төлөвшилд ч их өөрчлөлт орсон байх?
-Тиймээ. Энэтхэг хүмүүс ер нь их амгалан тайван шүү дээ. Хэдийгээр тус улсад баян ядуугийн ялгаа их боловч, бурхан шашин их хөгжсөн орон. Ядуу хүн бол “Ингэж амьдарч байгаа минь бурхнаас надад заяасан хувь тавилан л” гэж бодож явдаг. Тэрчлэн хүмүүс нь үнэхээр амгалан тайван. Эхний үед тэр нь хэцүү л байсан. Сүүлдээ Энэтхэгчүүдийнхээ амгалан тайван байдалд дасчихсан. Энэтхэг хүмүүсийн байнга хэлдэг нэг үг бий. Юу ч болж байсан “no problem” л гэнэ. Тэгээд дуундаа их дуртай. Ядуу хүмүүс нь дуугаа аялаад л сууж байна. Би ер нь одоо их тайван хүн л дээ. Энэтхэгт байсан жилүүдийн нөлөө байлгүй яахав.
-Нөхөр тань Энэтхэгээс буцаж ирээд удаагүй бизнес рүү орсон байдаг. Таны нөлөө байсан уу?
-Нөхрийнхөө сонголтыг дэмжилгүй яахав. Нөгөө талаас манай хүнд нөхцөл тавьсан учраас л, төрийнхөө албанаас явсан байгаа. Бид 20 дугаар тогтоол гараад л явчихсан хүмүүс шүү дээ. Эргээд ирэхэд монголчууд маань тэрчигээрээ бизнес рүү орчихсон юм шиг санагдаж байсан. Тэгэхэд манай хүн ч бизнес рүү ороход болохгүй юм байхгүй л санагдаж байлаа.
Ер нь манай хүн 2008 онд л сайд болсон шүү дээ. 2008 он хүртэл бидэнд 20 жилийн амьдрал байсан гэсэн үг. 20 жил гэдэг бол юу ч хийж, бүтээж болох хүний амьдралын хугацаа. Бүр хүний амьдралын хамгийн идэвхитэй оргилуун үе. Магадгүй зарим хүмүүс, тэр хүнийг өмнөх 20 жилд амьдраагүй юм шиг, 2008 онд л гэнэт гарч ирсэн юм шиг харж ярьж байж болно. Гэтэл тийм биш. Тэр хүн чинь гарч ирэхийн тулд сурсан, хөдөлмөрлөсөн.
-Танай хүн өнгөрсөн хугацаанд хариуцлагатай албуудыг хашиж ирлээ. Ер нь түүнийг мэдэх хүмүүс аливаа зүйлийг хийе л гэвэл хийдэг, няцдаггүй гэж тодорхойлдог юм билээ. Таны хувьд ханийгаа ажлын төлөө арай л их зүтгэх юмдаа гэж бодох үе гардаг л байх?
-Би одоо хэлэхээр магтсан л болох байх даа. Манай хүн гүргэр шүү дээ. Багаасаа л хичээлдээ нэг ч 4 авч үзээгүй. Дандаа л онц сурчихсан. Тэрчлэн ажил мэргэжил дээрээ ч дандаа л сайн гүйцэтгэлтэй байдаг хүн. Аливаа хийсэн ажилдаа, гаргасан шийдвэртээ баттай зогсдог. Улааныг харж урваж, шарыг үзэж шарвана гэдэг шиг байдал хэзээ ч гаргаж байгаагүй хүн.
-Ажилдаа хэт анхаараад гэрийнхэндээ цаг бага гаргах юм гэж гомдох үе байх уу?
Байна л даа. Гэхдээ миний хувьд эмэгтэй хүн өрх гэрийн ажилдаа илүү анхаарах л ёстой гэдэг ойлголтыг багаасаа, эмээгээсээ авсан хүн. Эмээ маань гэр орныхоо хамаг л ажлыг өөр дээрээ үүрч явсан хүн. Хүн бүр л Хандаа эмээ гээд андахгүй. Маш ажилсаг хүн байсан. Хүний хийж чадах ёстой бүхий л юмыг хийж сурах хэрэгтэй л гэж бидэнд захидаг байсан юм. Тиймээс ч эмээгийнхээ хэлсэнээр би явж ирсэн. Ер нь эмэгтэй хүн нэг хоол хийлээ гээд юу унах юм бэ. Угаалгын машинаар хувцасаа угаагаад, индүүдлээ гэхэд юу нь болохгүй байгаа юм бэ. Хийх л ёстой ажил.
-Ингэхэд хоёр хүү нь аав, ээжийгээ хэрхэн дуурайсан бэ. Магадгүй, сайдын хүүхдүүд гэхээр хүмүүсээс өөр хандлагыг мэдэрдэг л байх даа?
Том хүү бол ерөнхийдөө би. Царайгаараа ч, зан араншингаараа ч адилхан. Манай бага хүү бол бид хоёрын дундах юм уу даа. Гэхдээ аавын юм давамгай. Нийгмийн идэвхитэй, хөдөлгөөнтэй. Бас аав шигээ онигоо их ярьдаг. /инээв/
Ер нь сайд гэдэг бол алдар хүнд биш, хариуцлагатай ажил шүү дээ. Ажлаа дуусгаад хүүхдийнхээ сургуулийн босгоор алхахад, жирийн л эцэг хүн. Манайхан аливаа юмны зааг, хязгаар нь хэзээ хаанаас эхэлж, хаана дуусч байна вэ гэдгийг ялгаж салгахгүй асуудалд хандаад байдаг юм шиг санагддаг.
Та Булган нутгийг мэднэ биз?
Булган луу гурван жил дараалж явсан. Их сайхан байгальтай нутаг. Булганы айргийг анх удаа ууж, айрагтай танилцаж байлаа. Одоо бол айргийг нь уугаад энэ чинь Сайхан сумынх, энэ чинь Могодынх нь уу гээд амтных нь ялгааг гаргаад байдаг болсон шүү.
Манай хүн чинь Булган яваад ирэхээрээ их л сонинтой ирдэг юм. Дандаа л хөдөлмөрч айлуудынх нь тухай ярьдаг. Нэг удаа очоод ирэхдээ Сэлэнгэ суманд амьдардаг, загас үржүүлдэг мундаг хүн байнаа гэж ирсэн шүү. Би ч тэр айлуудаар нь очиж үзэх юмсан гэж боддог юм.
Нээрээ шаггүй сайн шүлэгч байсан гэсэн. Мэдээж танд олон шүлэг зориулсан байх?
Шүлэг бий, бий. /инээв/ Тэр үед чинь 5 төгрөгийн дэвтэр гээд зузаан дэвтэр байсан. Дүүрэн шүлэгтэй тийм дэвтрийг нь би хадгалж л байгаа. Тэгж байгаад тэтгэвэрт гараад зав чөлөөтэй болсон үедээ шүлгээ нэмбэл нэмнэ биз. Өөрөө л мэднэ биз гэж бодоод би хадгалдаг юм.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 7 )
нэг л өө сэвгүй яриа шаана биз зургий нь тавиа
iim emegtei 452 ter bumiig ugaasan gevel bi l lav unemshihgui ee !!!Tsaad ezniig n geed l Janjin heldeg dee....
yo yamar durgyi gyrmeer bayan yum be