Хүмүн төрлийг олж төрөхийг зүүний үзүүр дээр тогтсон будаатай жишин зүйрлэдэг. Шашны үүднээс тайлбарлавал тэнгэр огт-оргүйд тэнүүчлэн яваа үй түмэн сүнснээс сонгогдсон нь л зүүний үзүүр дээр тогтсон будаан чинээ их хувь заяаны эзэн болно. Үүнээс гадна хүүхэд хэзээ ч өөрийн эцэг эх, эх орноо сонгож төрдөггүй. Хүйс тэр ч бүү хэл нүүр царай, бие хаа, заяа тавилан гээд л энэ орчлонгийн хүн болох бүхий л зам мөрийг “Тэр” өгдөг. Өөрөөр хэлбэл хувь заяаны эзэн “Азтан”-г хэнээс хаана төрөх, эр эм болж төрөхийг нь заадаг төдийгүй гомосекс, бисекс, трансжендер чиг хандлагатай болж төрөхийг нь ч мэддэг гэдгийг эрдэмтэд баталлаа. Тодорхой хэлбэл гомосекс, бисекс, трансжендер зэрэг бэлгийн цөөнхийн энэ чиг хандлага нь өвчин биш. Гаж дон ч биш. Хэн ч сонголт хийх эрхгүйгээр заяагдсан бурханы “бэлэг” аж. Тиймээс бэлгийн цөөнхийг 1990 оны тавдугаар сарын 17-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага ижил хүйстнээ сонирхох нь ямар нэг өвчин биш бөгөөд хүний бэлгийн чиг хандлагын нэг юм хэмээн тодорхойлж “Сэтгэц мэдрэлийн өвчний жагсаалт”-аас хассан байдаг. Ийм учраас 2004 оноос эхлэн энэ өдрийг дэлхий даяар “International Day Against Homophobia and Transphobia” буюу “Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтжээ.

Энэ өдөр бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа зэрэг илэрхийллийг үл харгалзан бүх хүний эрхийг хангах, хамгаалах, дэмжих болон бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхах, хүчирхийллийг эцэслэн зогсоохыг уриалдаг онцлогтой. Гэхдээ даяарчлалыг эрхэм болгосон энэ зуунд бэлгийн цөөнхийг дэмжих, тэдний эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах, хүчирхийллийг зогсоох “Тусгай” өдөртэй болсон нь талархалтай хэдий ч тухайн өдөр хэлсэн, ярьсан, идэвхижсэн бүхэн өдөр бүр тохиодог бол ямар гоё вэ. Хүн, хүн болж төрснийхөө эрхийг эдлэх боломж нээлттэй болох цорын гарц нь өдөр бүр эрх чөлөөний агаарыг амьсгалах. Гэтэл өдгөө бэлгийн цөөнхөд эрх чөлөөг амьсгалах агаар дутагдаж, бүр зарим тохиолдолд эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна.
Өнгөрсөн зуун буюу 19-р зууны сүүлчээс ижил хүйстний бэлгийн чиг хандлагыг судалж бэлгийн цөөнхийг “Өвчин” хэмээн тодорхойлсон нь олон сөрөг үзэгдлийг араасаа дагуулсан байдаг төдийгүй өдгөө ч тэд амьд хог хаягдал мэт сэтгэгдэл төрүүлж нийгмээс шахагддаг. Тэр ч бүү хэл өөрийгөө ийм “Өвчтэй” гэдгийг нь мэдсэн залуус амиа егүүтгэх, бусдаас айх эмээх, насаараа нийгмээс нуугдаж амьдрах эмгэнэлт хувь заяаны эзэд болсон гэх гашуун түүх бий. Өнгөрсөн зууны эл түүх өдгөө Азид төдийгүй манай улсад ч үргэлжилж байна.
2011 онд бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах “Лесби, Гей, Бисекс, Трансжендер” ТББ байгуулагдан дээрх өдрийг албан ёсоор тэмдэглэх уриалга гаргаж тэдний эрхийн төлөө дуугарч эхэлсэн бөгөөд “Зориг зүрх амьдаараа” баримтат киног орчуулан цацсан нь бэлгийн цөөнхийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах, хүний эрхийг зөрчих зэрэг асуудлыг анхаарсан анхны том алхам болсон юм.

Ер нь манай улсын тухайд тэдний талаарх мэдээлэл, судалгаа дутмаг, тэднийг хүлээн зөвшөөрөх хэмжээний мэдлэг, мэдээлэл байдаггүйтэй холбоотойгоор ялгаварлан гадуурхах, нийгмээс тусгаар байлгах нийтлэг хандлага ажиглагддаг. Харин барууны өндөр хөгжилтэй орнуудын тухайд бол өөр. Энэ сэдэв нээлттэй, мэдээлэл сайтайн дээр тэдний эрхийг нь хуульчлан өөрөөр хэлбэл “Эрх чөлөөний агаар”-ыг нь бий болгож өгсөн байдаг. Тиймдээ ч бэлгийн цөөнх хамтдаа амьдрах, хуримлах нь нээлттэй бөгөөд тэд нийгмээс тусгаарлагддаггүй.
Манай улсын тухайд лесби, гей, бисекс, трансжендер хүмүүс нуугдмал байдлаар амьдарч байна. Харин тэдний төлөөлөл болсон цөөн хүмүүс эрхийнхээ төлөө тэмцэж байгаа ч нуувчинд орсон нэгнийгээ ил гаргах хэмжээний эрх чөлөөг бий болгож, нийгмийн сэтгэлзүйг өөрчилж чадаагүй. Тэдний тухайд нуувчинд байх нь сэтгэл санааны хүнд дарамтнаас гадна байнгын стресстэй байдаг талаар гей залуу Дорж /Нэрийг нь өөрчлөв/ учирлан, нэрээ нууцлан ярилцлага өгч байсныг санаж байна. Тэдэнд тулгардаг асуудал гол төлөв нийгмийн харилцаанд байдаг гэх. Өөрөөр хэлбэл ойр тойрныхон нь цэрвэж хөндийрөх, олон нийтийн газраар үйлчлүүлж байх үед дагуулж харах, хоорондоо шивэр авир хийн ярих, ялангуяа ажлын байран дээр тулгардаг асуудал болон ажилд орох үеийн ярилцлага байдаг талаар ярьж билээ. Хэзээ ч худал ярьж сураагүй тэрбээр нэгэнтээ ажлын газрынхаа залуустай чөлөөт цагаа өнгөрүүлж суухдаа өөрийн үнэнээ өчиж. Гэхдээ зүгээр ам халсандаа хэлчихсэн юм биш. Хамт байсан залуус нь “Өдий насны сайхан залуу хань бүлгүй ганцаараа байж таарахгүй. Найз бүсгүйгээ дуудчих, эсвэл чи гомо юм уу” хэмээн улалзлуулан, нүүрний хувиралаар нь гадарлаж шахсаар хэлүүлж амжжээ. Харин маргааш өглөө нь ажлынхаа газрын хаалгаар орсон цагаасаа эхлэн олон хүний нүд түүнийг цоо ширтэж байгааг мэдэрч тэр цагаас эхлэн амьдрал нь там болсон төдийгүй тун удалгүй ажилгүйчүүдийн эгнээнд шилжин, дараагийн албан газрын хаалгыг татахаас ч эмээж амьдрах болсон гэдэг. Ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн өдөр бүр нь түүний хувьд хүнд сорилт байсан бөгөөд аажмаар нийгмээс шахагдаад байгаагаа мэдэрч, тэр хэрээр өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй болон стресст орж тун удалгүй цайсан үсээ буддаг, цагаан цамц, зангиа зүүдэг ажлаас татгалздаг, харин энд тэндгүй ажилладаг хар бор ажлын “мал” болон хувирч улмаар гадагшаа дүрвэсэн гунигт түүхтэй. Харин одоо бол “Эрх чөлөөний агаар” амьсгалсан учраас өргөмөл хүүтэйгээ, хайртай залуутайгаа хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа. Энэ бүхнээс харахад “Аз жаргалаа олж амьдрах нь өвчин биш” гэдгийг нийгэм хүлээн зөвшөөрч, “Аз жаргал, эрх чөлөөний агаар”-ыг нь чөлөөлөх цаг болжээ.
Жич: Хуучнаар БНМАУ-ын Засгийн Газар нийгэмд ёс суртахуунгүй байдлаар бэлгийн хүслээ хангах хэмээн Эрүүгийн хуулийн 113-р зүйл ангид оруулсан байсан ба ЗХУ буюу хуучнаар Орос болон хуучин ТУХН-ийн социалист орнуудад ардчилал, өөрчлөн байгуулалттай хамт ижил заалтуудаа хасахад Монгол Улс бусдын жишгээр хассан байна.
Ж.Нарангарав
Сэтгэгдэл ( 0 )