Өвлийн тэргүүн сарын 25-ны өдөр буюу энэ сарын 28-ны пүрэв гарагт Төвд, Монголын бурханы шашны түүхэнд “Ялгуусан хоёрдугаар Бурхан”, мөн өөрөөр “Манзшир бурхны хувилгаан”, болон“Язгуурын гурван бурхан”-ы хувилгаанч хэмээн алдаршсан Их Богд Зонхаба гэгээний мэндэлсэн, нирваан дүр үзүүлсэн их дүйчин өдөр тохиож байна.
Энэ өдөр монголчууд төдийгүй шарын шашин шүтдэг бусад оронд махан хоол идэхгүй, цагаан хоол идэж, мацаг барьдаг байна. Мөн чин сэтгэлээсээ сүжиглэж буян номын үйл их хийсэн тохиолдолд тухайн хүнд буян нэмэхээс гадна хийсэн буян нь үр хүүхдүүдэд нь өвлөгддөг аж.
Бяцхан түүх өгүүлье. 2500 жилийн өмнө хоёр хөлтийн дээд, тэнгэр, хүмүүний багш, төгс гэгээрсэн Будда номын хүрд эргүүлж, нирваан дүрийг үзүүлснээс хойш 1200 жилийн дараа зургадугаар жарны улаагчин тахиа жил, аргын тооллын 1357 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үүр гэгээрэх цагт Богд Зонхаба Түвдийн орны Амдо мужийн “Сонгины ам” хэмээх газар эцэг “Дархач” Лүмбүм-гээ, эх Аа-чой нарын дөрөв дэх хөвгүүн болон мэндэлжээ. Төвдийн Үйзанд 16 наснаас эхлэн 61 нас хүртлээ гагцхүү Бурханы номыг судлах, бясалгах, хийд орон, хурал ном тогтоох үйлээр бүхий л насаа өнгөрөөсөн бөгөөд 61 насны гахай жил буюу 1419 онд таалал төгссөн ба эл өдөр нь өвлийн тэргүүн сарын 25-ны өдөр тохиосон байна. Тиймдээ ч Монголчууд бид энэ өдрийг “Зулын 25” хэмээн буян үйлдэх өдөр болгон тэмдэглэдэг.
Монголчууд эрт дээр үеэс эхлэн тэмдэглэж эхэлсэн тул тухайн үеийн хүмүүс Зулын 25-наас өмнө малчин айлууд өвлийн идэш уушаа бэлдэж, 25-ны шөнө гадаа зул өргөдөг ёс заншилтай байсан байна. Энэ журам анх үүссэн тухайд түүх сударт үзвээс Богд Зонхава гэгээнийг таалал төгсөж, Гандан тэнгэрийн орноо заларсан тэр шөнө, Гандан хийдийн сүмээс Богд Зонхава гэгээний өргөө хүртэл лам хуврагууд өөр өөрсдийн орон байшин, сүм дуган бүрийн дээврийн ирмэгүүд, Богдын өргөөний хаалганы дэргэд, хуврагуудын сургууль хийдэг газрууд зэрэгт олон зулыг эгнүүлэн асаасан нь шөнийн турш мандаж, дээд тэнгэр огторгуй хүртэл тэрхүү их зулын гэрэлтэхийг харагдах мэт болж байсан гэдэг. Тэр уламжлалаар эдүгээ болтол Зулын 25-ны шөнө зулыг бадрааж, буяныг хураах зан үйлийг үйлддэг аж. Нэгэн зулыг өргөсний буян цаглашгүй гэдэг аваас түг түмэн зулыг мандаасны буян нь тоолшгүй олон буян үйлдсэнтэй адил юм.
Энэ өдөр Гандантэгчилэн хийд ч хөл ихтэй байсан төдийгүй хийдэд өглөө үүр хаяарах цагаас хойш олон хүн цуглаж, хурал номын дараалал болон ном даган баясах хүмүүс олон байсан юм.
Чин сүжигт эмээд мөргөлийн тавцан хэрэгтэй байна
Сүсэгтнүүд Жанрайсэг бурханд зул өргөн, мөргөж байхаас гадна олны анхаарлыг эрхгүй татсан нэгэн үйл явлал болсон нь 60 гаруй насны нэгэн эмээ хүйтэн, хөлдүү шалан дээр сунаж мөргөсөн явдал байлаа. Хэр баргийн хүмүүс Жанрайсэгт, тэр тусмаа олны хөлийн тоос шороонд дарагдсан шалан дээр нь сунаж мөргөөд байдаггүй. Гэтэл эдгээр “асуудал”-ыг үл тоон сэтгэлээсээ сүжиглэн мөргөсөн эмээд мөргөлийн тавцан хэрэгтэй байгааг шар нөмрөгтөнүүд анзаараа болов уу.
“Засуулч” Хувраг хүү
Энэ өдөр буяныг түгээж буй сүсэгтнүүд мөнхийн харанхуйг гийгүүлэх буяны зулыг зай завсаргүй өргөлөө. Тэдгээр хүмүүсийн дунд нэгэн хувраг хүү “ажиллах” бөгөөд тэрбээр хүмүүсийн өргөж байгаа зулыг засаж янзлахаас гадна жаргаж буй зулын голтыг цэвэрлэх дахин зул өргөх гээд тун чиг завгүй байгаа харагдсан.
Монголчууд “Зулын 25”-ны өдрийг эрт дээр үеэс тэмдэглэн ирсэн байдаг ч эл өдрийн үүсэл, түүхийн талаар сүсэгтэнүүдээс асуухад “Мэдэхгүй” гэсэн хариултыг өгч байсан юм.
Сүсэгтэн: О.Нансал:
Энэ жилийн “Зулын 25”–ний өдөр өргөн дэлгэр сайхан болж байна. Ер нь өтгөс буурлууд төдийгүй залуус ихээр ирж зул өргөж байгаа нь сайхан санагдаж байна. Мөн хуучны хүмүүс “Буян хийхгүй явах тусам хойч үед нь их зовлон учирдаг. Тиймээс байнга буян үйлдэх хэрэгтэй” гэж хэлж зааж байдаг. Тиймдээ ч одоо үр ач нартаа зул өргөж байхыг сургаж байгаа.
Зулын 25-ний өдрийн түүхийг та мэдэх үү?
-Сайн мэдэхгүй ээ. Гэхдээ жил болгон энэ өдөр махан хоол идэхгүй мацаг барьж, зул өргөх ёстойг л мэдэх юм байна. Ер үүслийг нь тэр болгон асууж байгаагүй юм байна.
Ийм хариултыг Гандантэгчилэн хийд дээр явах хүмүүс хэлж байсан юм. Иймээс өнөөдөр сэтгэл зүрхнээсээ бус “Зүгээр л зул өргөх ёстой доо” гэх иргэд олон болж. Тэр ч атугай цагаан хоол идэх ёстой энэ өдөр зарим айл өрх махан хоол идчих явдал олон байдаг.
Зул өргөх ёслол болон энэхүү буяны цар хүрээ, сүүлийн үед хүмүүс тус өдрийн үнэ цэнийн талаар Бадма-ёга хийдийн Ловон лам, гавж Гүнчин-Иш энэ өдрийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

-Энэхүү өдрийг жил болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймдээ ч их цар хүрээг хамардаг. Ер нь 1357 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэндэлж 61 нас хүртлээ гагцхүү Бурханы номыг судлах, бясалгах, хийд орон, хурал ном тогтоох үйлээр бүхий л насаа өнгөрөөсөн. 61 насныхаа гахай жил буюу 1419 онд таалал төгсөж. Таалал төгссөн өдөр нь өвлийн тэргүүн сарын 25-ны өдөр тохиосон юм байна. Иймээс төрсөн, өөд болсон сар, өдөр нь нэг байсан нь уг өдрийг тэмдэглэхэд хүрсэн түүхтэй.
-Энэ өдөр цагаан хоол идэхийн ач тусын тухайд?
Цагаан хоол идэх нь буяныг нэмж, биеийг ариусгадаг. Тиймээс цагаан хоол идэх хэрэгтэй. Зарим айл махан хоол идэх үе байдаг ч тэр нь тухайн айл өрхийн хэр их сүсэгтэйг нь харуулж байгаа гэсэн үг. Жилдээ ганц удаа болдог уг өдөр цагаан хоол идвэл буян үйлдсэнээс өөрцгүй сайн тул цагаан хоол их идэх хэрэгтэй.
Р.Бадамсүрэн
Сэтгэгдэл ( 2 )
dandaa mah idej bdag manaihan gants odot tsagaan hool idehed yu ni byryydah ve.harin ch zygeer.bas gants odor zyl orgood sain saihniig hyseed eroogoodongoorohdod byh l ymand sterstej yvdag ter ch baitygai arhi dars bilj heryyl shyygian boldog hymyys nag odor ch gesen teriige tevcheed ongorohod yu ni bolohgyi gej..myy yiliig tevch gej bgaa shvv dee.iim arga hemjeenyydiig niigemiinhee sain saihan irgediinhee eryyl orchlon saihan bgahad chiglyylvel zygeer.
Za daa owlogdood bh ni haashaa yum ooroo l zow bodoltoi baiwal zaawal shashingeed bhgui l bh mongoliin shashin bvr zvgeer l huwiin aj ahui shig bolsom shashin gagaad 1 ih hogjihgui bhaa muharaar dagaad yaah yum zow yum bgaa teriig bol vguisgehgui mongoliin shariin shashin arai oor argaar shinleg yum hiihgui bol dagan baysah hvmvvn oldohgui boloh wii