Т.Баатар: Өөр аймагт шүлхий гарвал вакцин хүрэлцэхгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Сүхбаатар аймагт шүлхий гарсантай холбогдуулан нийслэлийн Онцгой комисс нийслэлд шүлхий өвчин гарахаас сэргийлж, автотехникийн шалган бүртгэх товчоо, түүхий эдийн болон хүнсний захад тавих хяналт шалгалтыг чангатгаж, нийслэлийн малд үзлэг тандалт явуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Одоогоор Онгон сумтай хил залгаа нутгийн адуунаас бусад малд үзлэг, тандалт хийж байгаа аж. 100 үхэр өвчилснөөс 92-ыг нь устгасан. Өнөөдрийн мэдээллээр Наран, Баяндэлгэр, Дарьганга сумын үхэрт шүлхий халдсан шинж мөн илрээд байгаа аж.

Өнгөрсөн жилийн арав, арваннэгдүгээр сард тус аймагт болон зүүн аймгуудад шүлхийгээс сэргийлэх вакцин хийсэн. Сүхбаатар аймагт шүлхий гарсантай холбогдуулан, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт вакцинд нийт малын хэдэн хувийг хамруулсныг судлах үүрэг өгч ажиллаж байгаа юм байна. Тус шүлхий өвчний талаар Мал, эмнэлэг үржлийн газрын дэд дарга, малын ерөнхий эмч Т.Баатар хэлэхдээ “Одоогийн байдлаар 14 мянган мал вакцинжуулаад байгаа. Үүнээс гадна Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Асгат, Халзан, Эрдэнэцагаан сумын 1.1 сая гаруй малыг вакцинжуулахаар болсон. Улсын хэмжээнд байгаа вакцины нөөц энэ хэдэн сумын малыг вакцинжуулахад хүрэлцэнэ. Цаашид шүлхий өвчин өөр аймагт гарвал вакцин байхгүй. 2014 оны төлөвл өгөөт вакцинжуулалтыг тендерээр нийлүүлэх юм” гэсэн хариултыг өгсөн байна.
Сүхбаатар аймгийн нөөцөд байсан 205 литр вакциныг шүлхий гарсан гурван сумын адуунаас бусад малд тарьж эхэлжээ.

Үүнээс гадна тус аймгийн урд талын долоон сумын салаа туурайт малыг вакцинжуулахад 1.8 тн вакцин шаардлагатай байгаа тухай тус аймгийн Мал эмнэлгийн албанаас мэдээлсэн байна. Сүхбаатар аймгийн нөөцөд байсан ариутгалын бодисыг шавхаж, шүлхийн голомтыг ариутгаж халдваргүйжүүлэхэд зарцуулж байгаа гэнэ. Онгон, Дарьганга, Наран суманд ариутгалын хэсэг болон өвчтэй мал устгах дөрвөн цэг байгуулж, 130 орчим хүн дайчлан ажиллуулж байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top