Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Улсын онцгой комиссын Ажлын хэсэг хуралдлаа. Халдварт өвчний тархалт нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаагийн дээр тус аймгийн Түвшинширээ сумын нутаг Майхантын бор толгой гэдэг газраас зүүн тийш 10 км-т мөн 10 гаруй үхэрт шүлхийн шинж тэмдэг илэрчээ.
Үүнтэй холбоотойгоор Түвшинширээ сумтай хил залгаа Хэнтий болон Дорноговь аймгийн сумдад анхаарал хандуулж ажиллахаар болсон байна. Түүнчлэн хил дагуу өвчилсөн зээр, тухайн өвчний шинж тэмдэг бүхий хариулгагүй 100 орчим мал байгааг тогтоожээ. Ер нь халдварт өвчин нэлээд газар авах шинжтэй байгааг албаныхан онцолж байна.
Халдварын голомт бүхий таван багийн 64 өрхийн нийт 34.400 толгой малаас шүлхийгээр өвчилсөн 143 үхрийг устгалд оруулаад байгаа талаар мэдээлэв. Өвчин гарсантай холбоотойгоор энэ сарын 1-нээс голомтод буй 34.100 малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулжээ. Энэ нь урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдвал зохих нийт малын 16 хувь нь юм байна. Улсын хэмжээнд байгаа урьдчилан сэргийлэх тарилгын нийт нөөцөөр тус аймгийн долоон сумын малыг л бүрэн хамруулах боломжтой гэнэ. Тиймээс урьдчилан сэргийлэх тарилгын шууд худалдан авалт хийх, эсвэл хязгаарлагдмал сонгон шалгаруулалт зарлах шаардлага гарч байгаа аж. Энэ жилийн хувьд зургаан сая тун вакцин авахад зориулж 2.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, сонгон шалгаруулалтыг энэ сарын 20-нд зарлахаар төлөвлөжээ. Гэвч үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор яаралтай арга хэмжээ авлаа гэхэд 60-90 хоногийн дараа ОХУ-аас вакцин орж ирэх гэнэ.
Мөн Хонконгийн талтай ярилцаж, 300 мянган тун вакцин авахаар болсон ч дөнгөж дөрөвдүгээр сарын 10-нд эхний ээлж нь Монголд газардахаар байгаа аж. Түүнээс гадна аймгийн хэмжээнд нийт 180 мянга гаруй малд эмнэл зүйн тандалт хийжээ. Одоогийн байдлаар халдварын голомтод 376 хүн, 68 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм байна. Цаашид ариутгал, халдварг үйтлийн бодис, багаж хэрэгслийн хэрэгцээ шаардлага нэмэгдэхээр байгааг ч онцолж байлаа. Халдварт өвчний эсрэг үйл ажиллагааны зардлыг аймаг, орон нутгийн төсвөөс гаргаж байгаа бөгөөд 940.2 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдаж байгаа гэв. Энэ үеэр Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн шуурхай бүлэг цаг алдаж ажилласан талаар Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагвад дуулгасан.
Мөн хөл хорио тогтоосон бүсээс 218 хүнийг 35 тээврийн хэрэгслээр, 80 хүнийг хоёр автобусаар зохион байгуулалттайгаар гаргасан тухай мэдээллийг ч өгөв. Шүлхий өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанд байдлыг танилцуулж, нэмэлт арга хэмжээ авахаа Комиссын дарга Д.Тэрбишдагва мэдээлсэн. Мөн хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж чанд хатуу мөрдөж ажиллахыг үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 0 )