“Стрингс”, “Санко”, “Турбо” диско баарнууд хууль зөрчжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 07

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчиж цагийн хуваарь хэтрүүлэн үйл ажиллагаа явуулдаг диско баарнуудын архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, үйл ажиллагаа явуулж буй тухайн хаягт дахин зөвшөөрөл олгохгүй байх арга хэмжээг авахуулах саналыг хүргүүллээ. Тус дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг С.Мөнхбат захиралтай “Стрингс”, 14 дүгээр хороо М.Аривжих захиралтай “Санко”, 19 дүгээр хороо А.Сааралдай захиралтай “Турбо” диско баарууд удаа дараа хууль зөрчин, цагийн хуваарь хэтрүүлэн ажиллаж байна. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс он гарснаас хойш “Стрингс” диско бааранд дөрөв, “Санко”-д тав, “Турбо” диско бааранд хоёр удаа торгуулын арга хэмжээ авч, зөрчлөө арилгахыг даалгасан ч тус газрууд одоог хүртэл хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажилласаар байгаа юм. Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй диско бааруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн захирагчийн албанд хүргүүлээд байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлэлийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэм журмыг хамгаалах гэсэн гурван үүрэгтэй ажиллаж байгаа. Энэ үүргийнхээ дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг борлуулдаг хэсэг аж ахуй нэгж байгууллагад хяналт тавьж ажиллдаг. Үүнийхээ хүрээнд хугацаанаасаа хэтэрсэн байгуллагуудыг хуулийн дагуу илрүүлж зохих арга хэмжээг авч ажилладаг байна. Цагийн хуваариа хэтрүүлэн ажилласан газруудыг 250 мянган төгрөгөөр торгох мөн үйл ажиллагааг цуцлах хүсэлтийг  Нийслэлийн захирагчын албанд явуулж ажилладаг. Архидан согтуурах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд цагийн хуваарийн дагуу явуулбал гэмт хэргийн гаралт буурдаг” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(182.160.43.112) 2025 оны 03 сарын 13

bolj bolj

1  |  0
Top