Долоо хоногийн өрнийн зурхай

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.

Хоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 16-ний өдрүүдийн зурхайгаа шинжээрэй
.


ХОНИНЫ ОРД

Таны сонирхлыг өдөөж, уруу татаж мэдэх элдэв санал санаачилга таны харилцаанд сөргөөр нөлөөлж мэднэ. Тиймээс зөвхөн өөрийн сонирхлыг дагаж, амин хувиа хичээхээс зайлсхийхийг бодоорой. Учир нь бүх хүний сонирхол адилгүй шүү дээ. Тохиолдох саад бэрхшээл, элдэв асуудлын талаар хайртдаа, ханьдаа, дотны найздаа илэн далангуй хэлж, өөрийгөө стрессээс чөлөөлөөрэй. Ажлын хэргийн түнштэйгээ чухал уулзалт хийх, тушаал дэвших тухай яриа зэргээс татгалзахыг зөвлөе. Түүнчлэн үнэтэй эд зүйлс худалдаж авахаас зайлсхийгээрэй. Зайлшгүй шаардлагаар өндөр үнэтэй бараа авсан бол мөнгө төлсөн баримтаа хадгалаарай.

ҮХРИЙН ОРД


Үзэл бодол, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлснээр найз нөхөд, танилын хүрээнд байр сууриа бататгаж чадна. Тиймээс олон нийтийг хамарсан ажлын болон амины уулзалт, арга хэмжээнээс татгалзах хэрэггүй. Та бүхнийг гартаа авч чадна. Ер нь энэ долоо хоног танд алдаж болохгүй боломж цөөнгүй тохионо. Магадгүй удирдлагатайгаа ойлголцох тал дээр бэрхшээл үүсч болох хэдий ч ялалт таны талд ирнэ. Гэр бүлийн асуудалдаа анхаарал хандуул.

ИХРИЙН ОРД

Буд гаригийн нөлөөгөөр хоёрдугаар сард таны ажил үйлс хазайж болзошгүй. Тиймээс ажлын уулзалт, ярилцлага, шийдвэр гаргах төвшний чухал уулзалтаас зайлсхийхийг зөвлөе. Учир нь үр дүн төлөвлөснөөр тань гарахгүй бололтой. Ямар нэг төсөл, төлөвлөгөө боловсруулж байгаа бол шаардлагатай, чухал бичиг баримтаа нарийвчлан хянаж, няхуур хандаарай. Хэсэг хугацааны энэ өөрчлөлт танд таагүй санагдах хэдий ч удахгүй бүх зүйл сайнаар эргэх болно.

МЭЛХИЙН ОРД

Ажил албатай холбоотой гайхалтай мэдээ сонсч мэднэ. Та энэ долоо хоногт эрч хүч дүүрэн ажилласнаар ажлын бүтээмж тань мэдэгдэхүйц сайжирна. Тэр хэрээр удирдлагууддаа үнэлэгдэж, таны сайн талыг магтах болно. Чухал шийдвэр гаргахдаа сайн бодохыг зөвлөе. Сонголтын өмнө тулгамдаж, яаруу сандруу шийдвэр гаргавал хожим нь засч залруулж боломгүй алдаа дагуулж мэднэ шүү.

АРСЛАНГИЙН ОРД

Өнгөрсөн хугацаанд шийдэж чадахгүй байсан асуудлын тань гарц гэнэтхэн л нүдний тань зурайгаад гараад ирнэ. Мэдээж бүх зүйл таны хүссэнээр болохгүй ч эрсдэлээс айлгүй шийдвэр гаргаарай. Шийдвэр гаргахаас айж эмээж байсан асуудалд зүрх сэтгэлээ дага. Товчхондоо бол үнэхээр таны хүсч буй зүйл мөн эсэхийг баттай болгосны эцэст шийд. Учир нь зарим нэг зүйлийг хожим нь залруулах боломжгүй байдаг шүү дээ.

ОХИНЫ ОРД

Айсуй долоо хоногийн эхлэл охиныхны хувьд тааламжтай байх болно. Ялангуяа нийгмийн харилцаанд идэвхтэй байж, нэр хүндээ өсгөж чадна. Таны төсөөлж ч байгаагүй хүнээс, эсвэл өвөрмөц сонирхолтой арга хэмжээний урилга хүлээн авах болно. Хайр дурлалын харилцаа бага зэрэг ээдрээтэй байх болно. Түргэдэж буруу шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Сэтгэл дотроо та эргэлзэж байвал найз нөхөд, ойр дотны хүмүүсээс зөвлөгөө аваарай.

ЖИНЛҮҮРИЙН ОРД


Энэ долоо хоногт харилцааны асуудал тун эмзэг байна. Цагаа олоогүй үйлдэл, үгнээсээ болж алдаа гаргах вий. Та эртнээс ямар нэг өөрчлөлт, шинэчлэл хүлээж байсан ч одоо цаг нь биш гэдгийг санаарай. Төлөвлөж байснаасаа эсрэг зүгт нүүдэл хийж болзошгүй байгаа тул харзнахыг зөвлөе. Жаахан хүлээж чадвал илүү сайхан боломж олдох болно.

ХИЛЭНЦИЙН ОРД

Урсгалыг сөрөх бус дагах долоо хоног. Таны романтик мэдрэмж гойд сэргэх тул шинэхэн харилцаандаа ахиц гаргах бололтой. Бусад асуудалд таны тэвчээрийг шалгасан үе байх болно. Тааламжгүй санагдсан аливаа зүйлд маргаад хэрэггүй, огтхон ч амжилтад хүрэхгүй. Тиймээс элдэв зүйл бодож, санаашралгүй хэд хоног сайхан амарч яагаад болохгүй гэж??? Яарвал даарна гэдэг биз дээ.

НУМЫН ОРД


Таны “дайснууд” гэнэтхэн сайн талын дүр болон хувирч, танд боломж олгохын зэрэгцээ баяр баясгалан мэдрүүлэх болно. Гэхдээ нууцаа хэн хүнд дэлгэж болохгүй гэдгийг санаарай. Хэрэв та хайр дурлалын ээдрээтэй харилцаагаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй байгаа бол зоригтойгоор дараагийн шат руу шилж. Бүгдийг дахин эхлэх боломж олдсон бо л бүү алд. Учир нь та үргэлж ямар ч эрсдэлтэй зүйлд бэлэн байдаг шүү дээ.

МАТРЫН ОРД

Савлагаатай долоо хоног. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хожим нь харамсч магадгүй тул анхааралтай байхыг од эрхэс танд сануулж байна. “Вирус эсрэг программ”-аа сайн ажиллуулаад, чухал шаардлагатай гэсэн “баримтууд”-аа хадгалж аваарай. Сэтгэлийн амар амгаланг мэдрэхийн тулд уран зургийн галерейд очиж, нам гүм бариа засал хийлгэсэн ч болно.

ХУМХЫН ОРД

Танд болон бусдад тус болох олон шилдэг санааг та үйлдвэрлэх шиг л болно. Та гайхалтай гэмээр эрч хүчтэй байх тул ямар ч төвөгтэй асуудлыг хялбархан шийдэж чадна. Ядаж л оньсого тааврын ээдрээтэй хариуг амархан олж, гарцгүй хонгилоос төвөггүй мултарч чадах чадварыг тань удирдлагууд чинь үнэлэх болно. Гэр бүлийн харилцаанд тань сэргээш хэрэгтэй болсон мэт санагдвал тэдэндээ тусгайлан цаг зав гаргаж, амралтын өдрүүдийг салхинд гарч, гадуур хооллож, дотно өнгөрүүл. Санхүүгийн асуудалдаа хянуур байгаарай.

ЗАГАСНЫ ОРД


Урлаг соёлын арга хэмжээнд оролцоход таатай үе тохиож байна. Кино үзэх, ном унших зэргээс та амьдралд тань эерэг нөлөө үзүүлэхүйц нэг бус зүйлийг олж мэдэх болно. Дэлгүүр хэсч, тансаг эдлэл худалдаж авмаар санагдах бололтой. Гэхдээ түрийвчнийхээ нимгэн, зузааныг санаж зөв худалдан авалт хийхийг зөвлөе. Сэтгэлээ сэргээх гэсэн зорилго төдийхнөөр хэтэвчээ сэгсрэх нь тийм ч зөв алхам биш гэдгийг санаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top