Нийтийн тээврийн тасалбарын үнийг нэгдүгээр сарын 23-наас эхлэн 500 төгрөг болгохоор шийдвэрлэж, тогтоосон. Учир нь нийтийн тээврийн дөрвөн компани дээр эдийн засгийн тооцоо судалгаа хийж, нэг хүнийг тээвэрлэхэд гарч буй алдагдлыг тооцож гаргажээ. Төрөөс тухайн сард нь эсвэл жилд гарах алдагдлын зөрүүг татаас хэлбэрээр олгоогүй учир 2009-2013 оныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн аж ахуй нэгжүүд нийт 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Тиймээс энэ онд алдагдал багатай ажиллахын тулд ийнхүү үнээ нэмж иргэд ч энэ үнээр үйлчлүүлээд бараг гурван долоо хонож байна. Гэтэл автобусны тасалбарын үнэ нь 500 төгрөг боловч тасалбар нь 400 төгрөг хэвээрээ байгаа юм. Нэг ёсондоо бид 500 төгрөг төлөөд 400 төгрөгний тасалбар авч байна. Харин зарим автобусны кондуктор 400 төгрөгний тасалбар дээр 200 төгрөгний тасалбарыг дундуур нь хувааж өгөөд 500 -н төгрөгний тасалбар болгож байгаа юм.
Энэ талаар нийтийн тээврийн газраас тодруулахад “500 төгрөгний шинэ тасалбар хэвлэгдэж гараагүй. Энэ сарын дундуур хэвлэлтнээс гарчих байх. Тэр болтол хуучин тасалбараа ашиглахаас өөр аргагүй байгаа юм. Тэгэхээр кондуктартайгаа 400 төгрөгний тасалбарыг 500 төгрөгөөр үнэлж тооцоо хийж байгаа” гэсэн юм. Билет үнэ тасалбар хоёрын зөрүүнд иргэд нэлээдгүй дургүйцэж байгаа. Харин одоо шинэ билет хэвлэлтээс гартал энэ хэвээр байх нь. Автобусны билет хэвлүүлэхэд нэлээд хугацаа ордог бололтой.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )