Дахиад л барилгын осол

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил олноор өрнөж байгаа. Үүнийг дагаад барилгын осол их гарч байна. Барилгын осол гэдэг нэр томьёо ч бараг бий болчихлоо.  Өнгөрсөн онд “Тэнгис” кино театрын  хажуугийн барилга дээрээс тулгуур төмөр унаснаас болж 19 настай залуу амиа алдсан  бол, Хан-Уул дүүрэгт мөн л хоёр хүн барилгын ослоор нэг нь бэртэж, нөгөө нь амь эрсдсэн. Гэхчлэн дурсаад байвал  хүний алтан амь үрэгдсэн эмгэнэлт түүх олон бий. Үүнээс  өмнө бас 12 настай охин  нас барсан.   Манай улсад жилдээ 100 гаруй хүн ийм  ослоор хорвоог орхидог гашуун түүх бий болжээ.  Дайн дажингүй энх тунх эрх чөлөөт амгалан тайван нийгэмд төрж, амьдарч байгаа цөөхөн монголчууд  бид нэгнийхээ хариуцлаггүй үйлдлээс болж цөөрсөөр байна.

Барилгын компаниуд хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрддөггүй, мөрдүүлэх гэж  хяналт тавьдаггүйн тод жишээ энэ. Гэсэн атал хэн ч үүнд  хариуцлага хүлээдэггүй. Мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд “Бид шаардлагаа тавьсан. Гэвч тэд ингэчихлээ” гээд сууж байдаг. Барилга дээр ажиллаж буй хүмүүсийн аюулгүй байдал, ажиллах нөхцөл, барилгын чанар, стандартад  анхаарахгүй юм. Хэзээ анхаардаг болж, гэмгүй иргэд барилга барьж буй талбайн ойрын замаар айдасгүй алхах вэ.

Барилгын ажилчид гэмтэл бэртэлгүй, эсэн мэнд бүтээн байгуулалтын ажлаа дуусгана гэдэгтээ эргэлздэг болсон хэцүү цаг нэгэнт ирсэн. Барилгын ажил улирлын чанартай. Газар гэсч дулаараагүй, барилгын ажил ид өрнөх болоогүй байхад л шил дараалан гардаг осол гараад эхэлчихлээ. Бүр сүүлдээ жилийн дөрвөн улирлын турш барилгын осол хөвөрдөг болох нь үүнд хэн хэзээ анхаарах юм бэ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вlue star" ХХК-ийн ажилтан барилга дээрээс унаж хүнд гэмтсэн байна. Тэрээр 26 настай эрэгтэй бөгөөд "Вlue star" компанийн туслах ажилтан юм байна. Тухайн үед "Тесо" компанийн хашаан  дотор барьж буй таван давхар сэндвичин барилга дээр ажиллаж байсан аж. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.

Н.Ганаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top