Он гарсаар барилгын ослоор таван хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

Сүүлийн үед гарч буй барилгын осол болоод өвлийн улиралд барилгын ажил эрхэлж буй компаниуд, "Эко констракшн" ХХК-ийн барьсан орон сууцнуудад хийсэн хяналт шалгалтын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж мэдээлэл хийлээ. Түүний мэдээлж буйгаар он гарсаар нийслэл хотын хэмжээнд таван хүн амиа алджээ. Тухайлбал, СБД-т барилгын ажил явуулж буй "Өндөрбуянт" ХКК, "Цаст констракшн" ХХК-уудын барилга дээр тус тус нэг хүн, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй "Макс-Өргөө" ХКК-ний барилга дээрээс төмөр унасны улмаас нэг хүн, ХУД-т үйл ажил ажиллагаа явуулж буй "Актив констракшн", БГД-т барилгын ажил явуулж буй "Тайгам Алтай" зэрэг ХХК-уудын барилгын талбай дээр тус бүр нэг хүн цахилгаан шатны хонгил руу унаж нас барсан байна. Дээрх ослууд нь бүгд барилгын материалын чанарын стандарт хангаагүй, барилгын горим журмыг мөрдөөгүйн улмаас үүдэлтэй аж.

Ийн барилгын осол эндэгдэл буурахгүй байгаа тул өвлийн улиралд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй , нэгж байгууллагуудад МХЕГ-аас шалгалт явуулжээ. Шалгалтаар нийслэлийн хэмжээнд барилгын 45 нэгж объект нийт 164 аж ахуйн нэгж байгууллага ажиллаж байгаа нь тогтоогдсон байна. Эдгээр байгууллагуудын 135 нь буюу 82.3 хувь нь үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж ажилладаггүй, 88 нь буюу 53.6 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, шатны хаалт бүрэн хийгээгүй, захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч компаниуд нь тусгай зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулан ажиллаж байгаа зэрэг зөрчил илэрчээ.

Мөн Шадар сайд Д.Тэрбишдагвын нэр дээрх "Эко констракшн" компанийн барилгуудад иргэдээс ирсэн гомдол хүсэлтийн дагуу шалгалт явуулсан байна. Шалгалтын явцад иргэдээс ирсэн гомдол, шүүмжлэл үнэн болохыг баталсан аж. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд "Эко констракшн"-ы шинэ барилгууд чанар муутай, дулаан муу байна, мөөгөнцөр үүсч байна гэх зэрэг гомдол гарч байсан юм. Үүний дагуу шалгалт хийхэд дээрх нийт шалгалтад хамрагдсан орон сууцнуудын 67 лифтнээс 59 лифт хэвийн ажиллагаатай бусад нь ямарваа асуудалтай, зарим барилгууд өмнө нь илэрсэн зөрчлөө гүйцэт арилгаагүй байсан байна. Түүнчлэн иргэдээс ирсэн гомдлууд үнэний ортой байгааг М.Баасандорж онцолж байсан юм. Тиймээс иргэдээс ирсэн гомдол зөрчлийг бүрэн гүйцэт арилгаж, засвар хийтэл тус компанийг шинээр барилга барих, тендерт оролцохгүй байх тал дээр арга хэмжээ авна хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top