Америкийн арлууд живж эхэлсэн ч иргэд нь нүүхийг хүсэхгүй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 16

Дэлхийн дулаарлаас болж хамгийн түрүүнд арлын улсууд хохирно гэж ойлгодог билээ. Тэр утгаараа Тайвань, Япон гэх мэт арлын улсуудыг өрөвдөлтэй нүдээр харцгаадаг нь нууц биш. Тэгвэл уур амьсгалын дулаарал арлын улс төдийгүй, газар нутагт нь арал багтдаг эх газрын улсад ч хохирол учруулах нь тодорхой байна. 2013 оны хар салхины дараа эх газар руу нүүхээр болж, “Уур амьсгалын өөрчлөлтийн анхны золиос, анхны дүрвэгчид” хэмээн цоллуулж байсан Кивалина тосгоны оршин суугчид энэ удаа дахин анхаарлын төвд гарч ирлээ. Өнгөрсөн намар болсон шуурганы үеэр тус аралд онцгой нөхцөл байдал үүсч, иргэдийн аюулгүй байдлын хангах асуудал холбооны улсын хэмжээнд яригдаж эхэлжээ.  

Кивалина тосгон гэхээр дэлхийд байтугай АНУ-д мэдэх хүн цөөхөн болов уу. Цөөхөн хүн амтай ч АНУ-ын засаг захиргааны нэгжийн газрын зурагт багтсан энэ тосгон Аляска муж, Берингийн тэнгисийн эрэг орчимд байдаг. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирэх 10 жилийн дотор живж үгүй болно хэмээн бичигдэж байгаа арал дээр оршдог юм.

Арлын суурь нь тэнгисээс ил гарч ирсэн өчүүхэн зурвас газар. Хөрс нь элсэрхэг. Урьд нь энд юм бүхэн жамаараа байсан ч дэлхийн дулаарлын улмаас сүүлийн 20 жилд хойд мөсөн далайгаас тасарсан аварга мөсөн уулнуудын “довтолгоонд байнга өртөх болсон байна. Эргийн эмзэг элсэн хөрс энэ бүхэнд эмтрэн, арлын зай талбай улам багссаар ирсэн байна. АНУ-ын Армийн Инженерийн анги салбар арлын эргийг хамгаалах байгууламжуудыг 2008 онд байгуулсан ч тэр нь цаг нөхцөөх л ажил болоод өнгөрчээ.

Уугуул оршин суугчид болох 400 орчим инуит ястан ижил загвараар баригдсан тосгондоо аж төрж, загас агнуурын аж ахуй эрхэлдэг. Ашиг орлого нь далай тэнгис өгөөжөө хайрлах эсэхээс шалтгаалдаг өнө эртний байдал хадгалагдсан хэвээр. Байгалиас хамааралтай амьдрал, мөн мэдээж, дэлхийн дулаарлаас болоод хүмүүс нь сүүлийн үед бүр ч багасах төлөв ажиглагдаж эхэлсэн ч одоо болтол төрөлх тосгондоо амьдран суусаар байгаа юм.  

Аляска мужийн амбан захирагчийн орлогч Вайрон Маллот, Аляскийн Үндэсний хамгаалалтын албаны төлөөлөгчид өнгөрсөн пүрэв гарагт тус аралд очиж, тосгоны ахлагчтай уулзалт яриа хэлэлцээ хийжээ. Гол сэдэв нь урьдын адил, оршин суугчдыг эх газар руу нүүлгэх, нүүн шилжих ажиллагааг зохион байгуулах сургалт зохион байгуулах асуудал байсан байна. Өнгөрсөн намар болсон далайн хар шуурганы үеэр тосгоны оршин суугчид арлаа орхин нүүсэн. Гэвч дараа нь буцаад ирчихжээ. Эргэж буцаж байгаа анхны тохиолдол нь ч энэ бус. Тэд 2011, 2013 оны хар салхины дараа эх газар руу нүүж, “Дэлхийн цаг урын анхны дүрвэгчид” гэгдэж байсан юм. Гэвч хэсэг хугацааны дараа буцаад л тосгондоо ирчихжээ. Үүнээс хойш эрх баригчид “Нүүгээч” гэж гуйдаг, оршин суугчид нөхөн төлбөр шаарддаг байдалтай он цагийг улираасаар байгаа аж.   

2006 онд болсон далайн шуурганы үеэр Кивалина тосгоны оршин суугчдыг анх удаа түр хугацаагаар нүүлгэн шилжүүлсэн. Хоёр жилийн дараа арлыг тойруулан далан барьсан гэдгийг дээр хэлсэн. Тэгвэл уг даланг барьсан инженерүүд ажлаа дуусгасныхаа дараа “2025 он гэхэд арлыг далайд живэхээс бурхан ч аварч чадахгүй” гэсэн дүгнэлт гаргаж байжээ.

Хамгийн эмгэнэлтэй нь Кивалина нь ойрын ирээдүйд далайн ёроолд одох ганц газар биш ажээ. Аляска мужийн Арктикийн хэсэг дэлхийн дулааралд бусад газраас хоёр дахин ихээр өртөж байгаа гэсэн дүгнэлт гарсан байна. Гэтэл зөвхөн Кивалинагийн оршин суугчдыг ойролцоох эх газарт шилжүүлэхэд 400  сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. 

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top