Коста Рика улс эдүгээ Латин Америкийн хамгийн тогтвортой, хурдацтай, цэцэглэн хөгжиж буй улсаар нэрлэгдэж байна. Гэтэл 20 гаруй жилийн өмнө энэ улсын эдийн засаг кофе, бананын худалдаан дээр арай гэж тогтож байсан гэдэг. Тухайн үед тус улс кофе ба бананаас экспортынхоо орлогын 80 хувийг олдог ч, 50 хувийг нь гадаадаас авсан өр зээлдээ шилжүүлдэг байжээ.
Бүр 1986 онд эдийн засаг нь элгээрээ мөлхөж, гадаадад тавьсан зээлээ төлж чадахгүйд хүрснээ зарлаж, бүсээ чангалжээ. Бүсээ чангалсан ч, тархиа ажиллуулж эдийн засгаа хөгжүүлэх олон хувилбар хэрэгжүүлсэний нэг нь “Чөлөөт бүс”-ийг чөлөөлөх санаачлага байсан юм. Тэд “Чөлөөт бүс” дотор үйлдвэрээ байгуулахыг гадаадын компаниудад уриалжээ.
“Чөлөөт бүс”-ийг асар том агуулахтай худалдааны лангуу төдий газар биш харин чөлөөтэй үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байдаг амьдрал буцалсан зах зээлийн талбар болгожээ. Ялангуяа "Интел", "Проктер&Гамбле" зэрэг дэлхийд алдартай үйлдвэрийн салбарууд байгуулагдсанаар экспортын бүтээгдэхүүний тоо ба чанарт огцом эргэлт гарсан аж. Тухайлбал, "Интел"-ийн микропроцессорийн үйлдвэрийн бүтээгдэхүүн тус улсын ДНБ-ий 5 хувь, экспортийн 20 хувийг дангаар эзэлж байсан удаатай.
“Чөлөөт бүс”-д байрших компаниуд аж ахуйн албан татвараас эхний 8 жилд 100 хувь, дараагийн 4 жилд 50 хувь чөлөөлөгдөх ба экспорт, импортийн болон бусад төрлийн татвар, хураамжаас тодорхой болзолтой хөнгөлөлт эдэлдэг аж. Харин өнөөдөр 4.9 сая хүнтэй энэ улсын ДНБ-ий нэг хүнд ноогдох орлого 15 мянга гаруй америк долларт хүрчээ.
Тус улс эдийн засгаа олон эх үүсвэрт тулгуурлан хөгжүүлсэнээр эрүүл мэнд ба эко-жуулчлалаас орох орлогоороо тэргүүлэх болов. Түүнчлэн эмнэлгийн тоног төхөөрөмж, электрон технологийн бараа бүтээгдэхүүнээр бүс нутгаа хангаж байна.
Эдүгээ Коста Рикачууд чөлөөт бүсэд дулдуйдсан эдийн засгаас ногоон эдийн засаг руу амжилттай шилжиж буй. Тус улс эрчим хүчнийхээ 90 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авах болсон ба 2021 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаас ангижирсан дэлхийн анхны улс болно гэдгээ зарлаад байна.
О.Туяа
Сэтгэгдэл ( 1 )
goe uimaa goe uim uhaalag udirdagchidtai uls