Жижиг улсууд ”ӨЛСГӨЛӨН БАР”-ын хоол болно

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 12

Их Британи улс Европын холбоон дахь эрх мэдлээ өргөжүүлж, илүү чөлөөтэй байх тохиролцоонд хүрсэн учраас энэ онд “Европын холбооноос гарах уу” гэдэг асуудлаар явуулах гэж байсан санал асуулгаа өнгөрсөн жилд болгон наашлуулж, агуулгыг нь “Европын холбоонд үлдэх үү” болгож өөрчилсөн билээ. Европын холбооноос “гарах уу”, “үлдэх үү” гэх асуулт өөр олон улсад тулгарч эхэлсэн нь тэрхүү үйл явдлын гол ач холбогдол болсон гэхэд болно. Евро парламентын тэргүүн Мартин Шульц “Европын холбоо дүрвэгчдийн хямралаас болж нэгдмэл байдлаа алдахад ойрхон байна. 10 жилийн дараа энэ бүтэц хадгалагдаж байх эсэхийг хэлэхэд хэцүү” гэсэн мэдэгдлийг хийсэн юм.      

Одоогоос таван жилийн өмнө, эдийн засгийн хямрал “хөгшин тив”-ийг хайр найргүй нэрвэж байх үед ХБНГУ, Итали, Франц зэрэг улсуудад анархист үзэл хүчээ авч, “Жижиг улсуудыг орхи, амиа бодоцгоое” гэх улстөрчдийн тоо борооны дараах мөөг шиг олширч байв. Хэрвээ тэр үед эдийн засгийн хувьд харьцангуй чадвартай улсууд нь амь амиа бодох бодлого баримталсан бол Грек, Словак зэрэг жижиг улсын аж үйлдвэрийн салбар өдийд Хятад, Энэтхэг зэрэг “өлсгөлөн бар”-ын идэш болж хоцрох байв. Бас дэлхийн эдийн засагт гүйцэтгэсээр ирсэн түүхэн үүргээ Ази тивд шилжүүлэх давхар үр дүн байсан учраас муу хэдийгээ гайгүйчүүд нь яаж ийгээд чирсээр бүрэн бүрэлдэхүүнээ хадгалж үлдсэн. Гэтэл хямралын үед ар, томчуудын өвөрт нь гарч “амь гарсан” жижгүүд эдүгээ дүрвэгчдийг хүлээж авахгүй хэмээн гэдэлзэж, энэ асуудлаар бие даасан бодлого баримтлахаа эхнээсээ зарлаж эхэлсэн нь М.Шульцийг тивийн холбооны төгсгөлийг зөгнөн муу амлахад хүргэжээ. 

Европын холбоо задрахаа хүрвэл тун амархан задарна гэж дүгнэгсэд шалтгаанаа бас нэг зүйлээр тайлбарлаж байгаа нь хөрөнгийн зах зээлтэй холбоотой. Европын холбоо хэдийгээр нэгдсэн мөнгөн тэмдэгттэй, эдийн засгийн хувьд биенээсээ харилцан хамааралтай ч хөрөнгийн зах зээлийн хувьд нэгдмэл болж чадаагүй нь салах шийдвэрийг илүү амар болгоно гэж тэд үзэж байна.    

Францын эдийн засагч, Европын комиссын дарга асан Жак Делор 1992 онд Европ тив нэгдсэн нэг зах зээлтэй байх ёстой гэсэн үзэл баримтлал дэвшүүлж тив даяар үйл ажиллагаа явуулж буй биржүүдийг цөөлөх, өөрөөр хэлбэл нэгтгэх санаа дэвшүүлсэн байдаг. Угтаа бол түүний энэ санаа Европын холбоог үүсгэх зарчмын асуудлуудад голлох “ад анги” болж орох ёстой байсан ч Европын холбоо байгуулагдаж, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болсон хэрнээ нэгдмэл зах зээлтэй болох түүний энэ санааг өдий болтол авалгүйгээр явж ирсэн ажээ. Одоогоос 20 жилийн өмнө анх бодож боловсруулчихсан энэ санааг ажил хэрэг болгосон тохиолдолд Европын холбоо ганхашгүй бат суурьтай, барыг ч өлхөн залгих “аварга мангас” болж хувирна гэх эдийн засагчид олон байдаг. Гэвч хэрэгжүүлээгүй нь холбоог үүсгэгчид анхнаасаа л нэг, нэгнээсээ тодорхой хэмжээний “зай барих”-аар тохиролцсоны шинж гэлтэй. Хэрвээ Европын холбоо задран унавал жижиг улсууд л хамгийн түрүүнд хохирно. Тэд том гүрнүүдийн идэш болох л зам үлдэнэ гэсэн үг юм.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(202.9.43.138) 2017 оны 04 сарын 12

mongol ch hyatadad ali hediin zalgiulchihsan uls

0  |  0
Top