Найруулагч Ален Корногийн бүтээсэн “Шинэ ертөнц” (1995) гэдэг кино бий. Киноны үйл явдал 1959 оны Францын Орлеан хот, Леруа голын эрэг дээр өрнөнө. Хотын оролцоо байрлах Умард Атлантын цэргийн эвслийн баазын нөлөөгөөр Гаал муж эрчимтэй өөрчлөгдөж байв. Америкчууд хуучин тивд Умард Атлантын цэргийн эвсэлд нийлүүлэх зэр зэвсгээс гадна “зөөлөн хүч” болох поп хөгжим, бохь, соёлоо хуучин тивд эрчимтэй нийлүүлж байсан тэр үе юм.
Дэлхийн дайн ид үргэлжлж байхад жаахан байсан, оюун ухаанд нь дайны тусгасан сүүдэр арилж амжаагүй яваа өсвөр насны франц хүү Патрикийн амьдралыг санаандгүй танилцсан америк офицер Уилл Каберра хэрхэн өөрчилж байгааг энэ кинонд харуулдаг. Доль цохисон америк эр залуу хүүд түс тас, за гэвэл ёогүй, бас ч нударга зөрүүлэхээс буцахгүй америк маягийн байдлаараа сэтгэгдэл төрүүлж, улмаар “Рок н ролл”-оор дамжуулан америк соёлын жинхэнэ шүтэн бишрэгч болгоод зогсохгүй охинтойгоо гэрлэхийг ч зөвшөөрдөг. Энэ бүхэн жаалхүүгийн нүдийг нээж, шинэ ертөнц нээсэн мэт болох ч энэ хооронд хайртай бүсгүй нь сэтгэлийн хагацалд унаж, гэр бүл нь холдсоныг анзаарахгүй. Эцэст нь, харийн соёлын нөлөөнд автаж явж хайртай бүхнээ алдсан гэдгээ ухаарч, ямар ч зүйлд үнэ төлдөг гэдгийг ойлгон гэмшдэг.
Киноны гол санаа, амин сүнс нь Уилл, Патрик гэх хоёр хувь хүний харилцаа мэтээр Умард Атлантын цэргийн эвсэл хэмээх ашиг сонирхлоор бэхлэгдсэн Европ, Америкийн байдлыг харуулсанд оршино. Үнэхээр ч АНУ эвслээр түрий барин Европ руу нэг гараараа сөнөөгч, бөмбөгдөгч онгоцууд, нөгөө гараараа жинсэн өмд, үлээдэг бохь, жааз, рок н ролл хөгжмийн пянз зөөж байсан юм. АНУ Европт байр сууриа бэхжүүлж байв. Тэд Баруун Европыг нацист Германы эрхшээлд орохыг нь зөвшөөрсөн 1920-иод оны алдаагаа давтахгүйн тулд Баруун Европт хууль дээдлэх ёс, ардчилал, зах зээлийн эдийн засаг, чөлөөт худалдааг багтаасан “Нийтлэг үнэт зүйлс” гэх ойлголтыг бий болгож, үүнийгээ хамгаалах ёстой гэж ухуулж байв. АНУ-ыг бүтээсэн эрхмүүд (Гарри Трумэн, Дин Ачесон, Жорж Маршалл, Дуайт Эйзенхауэр) болон тэдний Европ хамтрагчид дор бүрнээ энэ холбооноос гаргах ашгаа сайтар тооцож байлаа.
1945 оны намар Японыг буулгаж авснаасаа хойш Вашингтон Номхон далайн бүс нутагт мөн УАЦЭ-тэй төстэй эвсэл байгуулахыг эрмэлзэж байсан юм. НҮБ, ОУВС, Дэлхийн банк энэ төлөвлөгөөг идэвхитэй дэмжиж байв. Харин Европт Жорж Маршаллын төлөвлөгөөний дагуу тивийн нэгдмэл байдлыг тууштай дэмжиж, УАЦЭ-ээр дамжуулан нэгдмэл зах зээлтэй болхоос нь эхлээд Европын холбоо байгуулагдах хүртэл нь дэмжсэн билээ. Харин Номхон далайд байгуулсан эвсэл Япон, БНСУ-ыг тивдээ тэргүүлэх чинээлэг улс болгосныг бид мэднэ. АНУ-Баруун Европ, АНУ-БНСУ-Япон гэсэн ашиг сонирхлын энэ тогтолцоо 70 жил оршин тогтносны эцэст одоо нурах цаг нь ойртжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон дэлхийн шинэ дэг журам удахгүй үгүй болно. Ингэж ёрлогчид дэг журмын мөхөл ирсэн өдрийг 2016 оны арваннэгдүгээр сарын 8 хэмээн яг таг хэлж байгаа юм. Энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Д.Трамп ялсан билээ.
Мөнхийн нөхөрлөл гэж үгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий
Д.Трамп сонгогдохоосоо өмнө л УАЦЭ үүргээ гүйцэтгэж чадахаа больсон, Япон, БНСУ-ыг хамгаалахаа болино, чөлөөт худалдааны гэрээг цуцална гэж ил тод хэлж байсан ч хүмүүс түүнийг сонгосон. Яагаад вэ. Бас тэр АНУ-ын урьд өмнөх ерөнхийлөгчдийн нөр их хөдөлмөрөөр босгосон тогтолцоог юуны учир ухамсартайгаар нураах болов.
Умард Атлантын цэргийн эвсэл бол Вашингтоны хувьд Европт нөлөөгөө тогтоох замаар гол өрсөлдөгч ЗХУ-ыг “хазаарлах” боломж байсан. Япон, БНСУ-ын арыг даасан нь Хятадад өндийлгөхгүй гэсэн санаа. Харин 1945 онд байгуулагдсан Худалдааг тарифын аргаар зохицуулах Ерөнхий гэрээ (Сүүлд Дэлхийн худалдааны байгууллага болж өргөжсөн) нь аж үйлдвэржсэн орнуудыг хамгаалах тогтолцоо байлаа. ДХБ-ын гишүүн орнууд бие, биедээ нэн тааламжтай үндэстний нөхцлийг харилцан олгодог бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой. Мөн дотоодод үйлдвэрлэдэг ижил төрлийн үйлдвэрлэлийг дэмжихдээ зөвхөн тарифын зарчмыг баримтлах үүрэг хүлээдэг. Энэ зарчим нь аж үйлдвэр хөгжсөн, бүтээгдэхүүнийг өртөг багатай үйлдвэрлэдэг улсуудад л ашигтай. Гэрээ батлах үед энэ нөхцөл нь аж үйлдвэр өндөр хөгжсөн баруун Европын улсууд, мөн мэдээж хэрэг АНУ-д ашигтай, Ази, Өмнөд Америкийн хөгжил дорой улсуудад ээлгүй байв. Гэтэл одоо БНХАУ тэргүүтэй улсууд АНУ, Европын орнуудад маш чанартай барааг хямд үнээр санал болгон зах зээлийг нь эзэлж эхэлсэн. Барууныхан санаачилсан зүйлдээ эргээд боомилуулж байна.
70 жилийн турш ажиллаж, өнөөгийн дэлхийг бүрэлдахэд үүргээ гүйцэтгэсэн, зарим нэг хүн “Дэлхийн дэг журмыг тогтоон барьж байсан” гэж нотлохыг оролдоод байгаа энэ бүтэц суларч байгаагийн учир нь үүнтэй холбоотой.
Д.Трамп Европын холбоонд дургүй. Харин ч задраасай гэж боддог. Өнгөрсөн сарын 16-нд Английн “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Европын холбоо задрах эсэх нь АНУ-д ямар ч хамаагүй” гэж ярих мөртөө “Брексит”-ийг дэмжигч гол хүн, Тусгаар тогтнолын намын дарга Найжел Фаражтай дотны найз гэж өгүүлсэн. Европын холбоо цагаачдын талаар нээлттэй байр суурь баримталж байгаагаас болж Британийг алдсан. Яг энэ асуудлаас болж цаашдаа олон улс холбооноос гарах байх. Тиймээс тэртэй тэргүй задарч байгаа холбоог тогтоон барих гэж хүчлэх шаардлагагүй гэж Д.Трамп үзэж байна.
Харин Япон, БНСУ-тай үүсгэсэн харилцаагаа Д.Трамп цэвэр бизнесмэн хүний нүдээр харж буй. “Мөнгөө төлчихвол үргэлжлүүлээд хамгаалахад бэлэн” гэснээс нь харагдана. Чөлөөт худалдааны гэрээ ч адилхан. Энэ тогтолцоо одоо БНХАУ, Азийн орнуудад ашигтай болж, АНУ алдагдал хүлээх болсон. Азийн орнууд өөрсдийнх нь мөнгөөр өсч дэвжиж байхад тэд худалдаж аваад зүгээр суухаас өөр аргагүй байдалд орсон учраас Вашингтон хэзээ нэгэн цагт чөлөөт худалдааны гэрээнээс гарах нь ойлгомжтой байсан гэдгийг эдийн засагчид урьдчилан хэлж байв. БНХАУ хэт томрох нь АНУ-д аюултай.
АЛСЫН ХАРАА
Түүний үйлдлүүдэд түлхэц өгсөн, шинжээчдийн нэрлэж байгаа өөр шалтгаанууд бий. Нэг нь дүрвэгсдийн хямрал. Дүрвэгсдийн хямралыг өдөөсөн гол буруутан нь АНУ. Ирак, Ливид ардчилал мандуулах гээд балласан тэднийг “Хор хутгагч” гэдгийг дэлхий нийтээрээ мэдчихсэн. 2003 онд Ирак руу довтолсноороо нэгэнт тогтоод байсан дэлхийн дэг журмыг аажмаар эвдэж эхэлсэн.
Тиймээс дүрвэгсдээс улсаа хамгаалахаас өөр сонголт үлдээгүй. Ингэхийн тулд “Нээлттэй хаалга”-гы бодлого баримталдаг Европын холбооноос нүүрээ буруулж, “Лалын улс“-ыг ОХУ-тай нийж нам дарах нь илүү зөв харагдана. ОХУ-тай ойртох нь тэдний хувьд араас нь эрчимтэй нэхэж буй БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг сааруулах учиртай. Эрчим хүчний асар их нөөцтэй, эрчим хүчээр өлсгөлөн хоёр улс нийлбэл юу болох вэ.
Тэр улс төрийн зөвлөхөөрөө хэт барууны үзэлтэн, Европын холбоог эрс эсэргүүцэгч Стив Бэнноныг тавьсан. С.Бэннон бол Европын холбоо, нэгдсэн улсыг ч зогсоо чөлөөгүй шүүмжилж, В.Путиныг магтан дуулдаг “Breitbart News” цахим хуудсанд нийтлэл бичдэг байсан хүн.Ингэснээр ОХУ-АНУ, гэсэн холбоо үүснэ. Цаашдын үйл явц нь харин яаж өрнөх боломжтой. ЗХУ хүчирхэг байх үед тэд Европыг тойглож байсан бол одоо БНХАУ-ыг хазаарлахын тулд ОХУ-ыг тойглох нь. Үүний тулд тэд В.Путины санааг зовоосон гол асуудал болох УАЦЭ-ийг задална. Орос хариуд нь БНХАУ-аас хөндийрнө. Ашиг гэхээсээ алдагдал авчрах болсон УАЦЭ-ээс сална, дүрвэгчдийн асуудлыг ч яаж ийгээд шийдчихнэ. Гүрний зовлон АНУ-д ч бий. Швейцарьт болж өнгөрсөн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад ”3000 шахам төлөөлөгч оролцож дээд амжилт тогтоолоо” гэж шуугисан ч учир мэдэх хүмүүс “Даяарших үзлийн төгсгөл ирж байна” хэмээн огт өөрийг ярьсан. Баруун Европын улсуудад тэжээгчээ алдсан мэт санагдан бачимдаж байгаа хэрэг.
АНУ 2003 оны гуравдугаар сард Иракт цэрэг оруулахад түүхч Тони Жадт “The New York Review of Books”-д одоо ихэд алдартай болсон нийтлэлээ хэвлүүлсэн юм. Тэрхүү нийтлэлд “Ирак руу довтолж, Абу Грейб, Гуантанамогийн шоронг байгуулан эрүүдэн шүүлт тулгаснаараа тэд дэлхийн дэг журмыг бага, багаар эвдэж болно гэдгийг зөвшөөрсөн. Бид бүхэн маш тодорхойгүй цаг үед амьдарч байна. Ирээдүйд дэлхий ертөнц ямар болох, Англи саксон хэв загвар ноёрхож буй одоо үед бидэнд хамгийн төгс хувилбар гэж санагдаж байгаа зах зээлийн эдийн засаг цаашдаа оршин тогтнох эсэхийг ч урьдчилан таах боломжгүй байна. Либерал ардчилал үүргээ гүйцэтгэх хүчгүй болж, хүмүүс, зах зээлийг аврах тухай шинэ аргуудыг туршина гээд төсөөлөөд үз дээ” хэмээн тодорхойлсон байдаг.
Хэрвээ энэ үнэн бол Д.Трамп гэнэт гарч ирээд дэлхийн дэг журмыг өөрчилчихсөн хэрэг биш, харин өнгөрсөн 70 жилд хуримтлагдсан үйлийн үрийн бүтээгдэхүүн байж таарна. А.Корногийн кинонд ч үүнийг л үзүүлсэн хэрэг.
Б.Цогт-Ирээдүй
Сэтгэгдэл ( 4 )
Fashizm bol har uhaanaar undesherheg uzel
Kadafiin surgaaliin zarimiin n sergelen hun sonsood hetruuleg gej ineeheer surgaal
Neg aldaa n globalchilaliig ustgaj amerikiig dahin nomer neg fashizm
bid mash todorhoigui tsag ued amidar ch bin ....