Номхон далайн бүс дэх ГЕОПОЛИТИК

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 14

Ази Номхон далайн бүс нутагт АНУ ашиг сонирхлоо өргөжүүлэх болсон нь Их Британи болон БНХАУ-ыг түгшээж байна. АНУ энэ бүс нутгийн хувь заяаг шийдэхэд голлох үүрэгтэй оролцсон хэвээрээ байх бодлого баримталж байгаа аж. Түүнчлэн АНУ-ын цэргийн ажиллагаа Ирак, Афганистанаас хөндийрч байгаа явдал Ази руу анхаарлаа хандуулах боломж олгож байгаа гэнэ. Ялангуяа Зүүн өмнөд Азид ихээхэн анхаарал хандуулж, бүс нутгийн тэнцвэрийг хадгалахад тодорхой үүрэг гүйцэтгэхээр чармайх болжээ. Тэдний зүгээс БНХАУ-тай эдийн засаг болон бусад чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэж мэдэгдэж байгаа ч хүний эрх болон жилд таван триллион ам.долларын худалдаа дамжин өнгөрдөг Өмнөд Хятадын тэнгисийн аюулгүй байдлын асуудлаар нээлттэй ярилцах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсээр байгаа юм.

Харин БНХАУ-ын хэвлэлүүд АНУ бүс нутгийн асуудалд хошуу дүрснээр Номхон далайн бүс дэх олон улстай харилцаагаа хүйтрүүлэх болно гэж дүгнэжээ. БНХАУ тэнгисийг бүхлээр нь эзэмшихээр санаархаж байгаа бол Зүүн Азийн бусад улсууд өөр өөрсдийн улсад ойр хэсгийг эзэмшинэ хэмээн тэмцэлдсээр ирсэн юм.

Вьетнам улс өнгөрсөн онд Өмнөд Хятадын тэнгисээс болоод БНХАУ-тай зөрчилдөж, жагсаал цуглаан хийж байсан билээ. Энэ үеэр иргэдийн амнаас АНУ-аас тусламж гуйя гэсэн санаа ч цухалзаж байсан. Энэ асуудлыг ч АНУ зүгээр орхихгүй нь тодорхой болов. Дарвин баазаас Өмнөд Хятадын тэнгис хүртэл 1000 гаруй километр зайтай бол Вьетнам бүр дэргэд нь байдаг билээ. Индонезийн хувьд Өмнөд Хятадын Тэнгисийн төлөөх тэмцэлд ялагдах төлөвтэй байгаа ч хоёр их гүрний дунд “хоёр үзүүртэй” байхаас өөр аргагүй байсан бололтой. Филиппиний төлөөлөгч тэнгисийн асуудалд АНУ орж ирж байгаа нь зүйтэй гэж дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Бразилийн Сангийн сайд Гуидо Мантега “Их гүрнүүдийн хооронд явагдаж байгаа валютын дайн ирээдүйд худалдааны дайн болж өргөжинө” хэмээн дүгнэснээс үзэхэд Өмнөд Хятадын тэнгист хяналт тогтоохын ач холбогдол тодорхой биз ээ.    

Австрали улсын хувьд Энэтхэгт уран нийлүүлэхийн тулд тусгаар байдлаа улам лавшруулах шаардлага тулгарсан гэхэд болно. Тус улс өмнө нь Энэтхэгт уран нийлүүлдэг байсан ч хэдэн жилийн өмнөөс больсон юм. АНУ болон Их Британийн холбоотнууд Пакистаныг турхирах байдлаар Энэтхэгийг хазаарлах бодлого баримталж байсан билээ. Гэтэл энэ бодлогоо өөрчилсөнийг одоо бид мэднэ. Пакистан цөмийн маш хүчирхэг зэвсэг хийх төсөл хэрэгжүүлж байгаад АНУ-ын тагнуулуудад мэдэгдсэн юм байна. Түүгээр ч барахгүй уг зэвсгийг бүтээхэд зайлшгүй шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг Пакистанаас хурааж авсан.

БНХАУ, Пакистан одоо маш зузаан холбоотнууд болж хувирсан учир АНУ Энэтхэгийг дэмжихээс өөр аргагүй болжээ. Геополитикчид сүүлийн үед БНХАУ Пакистантай хамтран АНУ-тай дайтна гэсэн таамаглалыг хийх болсон билээ. АНУ, Энэтхэг улсууд цөмийн салбарт нягт хамтран ажиллах гэрээнд саяхан гарын үсэг зурсан бөгөөд гэрээ ёсоор Энэтхэг ОУЦЭХА-ын шинжээчдийг цөмийн байгууламжууддаа нэвтрүүлэх, АНУ тус улстай цөмийн эрчим хүчийг иргэний зорилгоор ашиглах салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх үүрэг хүлээсэн билээ. Австрали улс Энэтхэгт уран нийлүүлснээр Хятад Пакистаны аюулаас АНУ, Их Британийг хамгаалах үйлсэд тусалж байна гэсэн үг юм. Австралийн Ерөнхий сайд “Их Британийн хатан хаан Елизаветаг нас барсны дараа түшмэг (вассал) улс байхаа болж, бүрэн тусгаар тогтноно” гэсэн шуугиант мэдэгдлийг хийж байсан. Тэрбээр мэдэгдлийнхээ төгсгөлд тухайн үед 84 настай байсан хатан хааныг эрүүл энх байгаасай гэж хүсдэг хэмээн нэмсэн нь Их Британичуудыг улс төрийн эвгүй байдалд оруулж байсан юм. Их Британийн колони байгаад 1901 оноос автономит эрхтэй болсон Австрали улсын төрийн эрхийг Ерөнхий сайд барьдаг бөгөөд Их Британийн хаан (хатан хаан) албан ёсны төрийн тэргүүнд тооцогдсоор ирсэн билээ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top