АНУ одоо лидер биш

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 14

Улс төр судлаач, Доналд Трампын улс төрийн намтар “Хар хун”-г зохиогч Кирилл Бенедиктов ийнхүү үзэж байна.

Америк улс удирдагч байсаар дассан. Эхлээд “эрх чөлөөтэй ертөнц”-ийн лидер. Хүйтэн дайны дараа бүх дэлхийн лидер. Энэ нь таалагдсан, бас дургүй хүргэсэн. Бүр үзэн ядахад хүргэсэн. Гэхдээ АНУ, ЗСБНХУ хоёр бие биенийхээ эсрэг зогссон туйлт ертөнцийг халж Америк гэх нэг туйлт дэлхий гарч ирсэн. Үүнд хэн ч эргэлзэлгүй удлаа. Харин одоо Нэгдсэн улсын хамгийн тууштай эх орончид хүртэл үүнд эргэлзэж байна. Жишээ нь, Бүгд найрамдах намын гишүүн, Аризона мужийн сенатор Жон Сидни Маккейн.

Жон Маккейн Британийн “The Guardian” сонины сэтгүүлчдэд ярихдаа бухимдалтай нь аргагүй Обамагийн үед АНУ дэлхийд тэргүүлж байсныг хэлсэн билээ. Тэрбээр АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамптай нэг нам ч гэсэн Трамп бүгдийг доош татаж, АНУ-ын холбоотон болон найз нарыг түлхлээ гэж үзэж байна.

Зүүнтний сонин “The Guardian” Жон Маккейнд зүгээр ч нэг хандсан юм биш. Шалтгаан нь Трамп, Лондоны захирагч Садик Хан нарын дунд үүссэн маргаан. Бүх зүйл ингэж эхэлсэн. Лондон хотын анхны мусульман захирагч Садик Хан Боро-Маркетэд болсон террорист халдлагын талаар сэтгүүлчдэд ярихдаа “Санаа зовох зүйлгүй” гэж удаа дараа давтан хэлжээ. Харин үүнээс өмнө ч С.Ханд дургүй байсан исламчуудад дургүй Трамп “Twitter”-тээ “Террорист халдлагаар хамгийн цөөндөө 7 хүн нас баржээ. 48 хүн шархадсан байхад Лондоны мэр санаа зовох хэрэггүй гэж ярьж байна” гэж бичсэн байна. Тэгтэл Садик Ханы хэвлэлийн алба хотын даргын хэлсэн үг өөр байсан гэж мэдэгдсэн аж. Дараа өдөр нь Трамп Лондоны захирагчийн өрөвдмөөр шалтагууд хэвлэлээр нэг гарах болж гэсэн утгатай зүйл “жиргэсэн”-д Садик Ханы тэвчээр алдарчээ. “Зарим хүн биднийг хувааж, хагаралдуулахыг хүсч байна. Трамп ч бай, өөр хэн ч байлаа би үүнийг зөвшөөрөхгүй” гэж Лондон хотын дарга мэдэгдсэн байна. Гэхдээ тэдний зөрчил ингээд зогсоогүй. Цааш явсан нь Трампыг Их Британид айлчлахын эсрэг хийсэн Садик Ханы мэдэгдэл байлаа. “Бид АНУ-ын Ерөнхийлөгчийн өмнө улаан хивс дэвсэх ёстой гэж бодохгүй байна” гэсэн мэдэгдлийн дараа “The Guardian”-д зүүнтэн даргыг бүх л талаар дэмжсэн зүйлүүд гарсан байдаг.

Жон Маккейн тэргүүтэй эх орончид одоо Обамаг санагалзах болжээ. Түүний үед л удирдах чадвар гэх зүйл бүрэн хэрэгжиж байсан гэж тэд онцолж байна. Трамп сонгуульд ялж, АНУ-ын Ерөнхийлөгч болох үеэр Ж.Маккейн ба түүний нөхөд Обамаг буруутгаж “Түүний үед АНУ дэлхийн лидер байхаа больсон” гэж байсан билээ. Сирийн Засгийн газарт Башар Асад үлдсэн явдал, Оросын хакерууд Америкийн улс төрд оролцож байгаа, АНУ-ын нисгэгчгүй онгоцыг “барьцаалсан” хятадууд зэрэгт тэд Обамаг буруутгаж байсан юм. Обама эрх чөлөөтэй ертөнцийг хамгаалах үүргээ биелүүлээгүй, удирдагчийн чадваргүйг нь дээрх үйл явдал харуулж байна гэж байсан Жон Маккейн одоо Цагаан ордонд хар Ерөнхийлөгч  сууж байсан үеийг дурсч байна.

Ж.Маккейн настай, туршлагатай хүн гэдгийг бодолцож үзье. Вьетнамын шоронд олон жил байсан хүн. Магадгүй сэтгэл хөдлөл ихтэй байх. Гэхдээ л.

Энд бас нэгэн зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Жон Маккейн Барак Обамад үргэлж дургүй байсан. Энэ нь гайхмаар зүйл биш. Маккейн Бүгд найрамдах намынх. Обама ардчилагч. Иймээс тэдний дунд нөхөрлөл үүсэх магадлал бага. Маккейн 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Обамагийн өрсөлдөгч байсан. Тэр үедээ бол Обамагийн талаар сөрөг зүйл ярих нь мэдээж. Гэхдээ тэрбээр Обамаг хэт хатуу шүүмжилсэн нам нэгтнүүдээ дуугүй болгож байсан гэдэг. Маккейн сонгуульд ялагдахад Обама түүнийг оройн зоогонд урьж, ажил хэргийн хамтрагч болох дуртай байсан гэх яриа бий. Жон ч Обаматай ажиллахад бэлэн байсан аж. Гэхдээ Ерөнхийлөгчийгөө “эрх чөлөөтэй Укриан”-ыг бүтээх гэж гэм буруугүй олон хүнийг үхэлд хүргэсэнд Жон Маккейн дургүйцсэн байна. Обамагийн мөнхийн өрсөлдөгч байсан тэрбээр одоо ийнхүү Трампыг буруутгаж, хар Ерөнхийлөгчөө санагалзаж байгаа аж.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top