Амралтын өдрүүдэд багтаж зургаан аймгийн цахилгааныг холбоно

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

 Энэ сарын 28-ны орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурга гарч, аянга, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгууд цахилгаангүй болж, 20 гаруй айлын гэр, хашаа нурж, нэг айл усанд автан, 800 гаруй мал хорогдсон байгалийн гамшигт үзэгдэл болсон.

Цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан мэдээлэл авч Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон, 24 цагийн турш ажиллаж, цахилгаангүй байгаа аймгуудыг яаралтай эрчим хүчинд холбохоор газар дээр нь ажиллаж  сэргээн засварлах ажил шуурхай хийгдэж байгаа юм.

 Энэ талаар Эрчим хүчний яамны хэвлэл мэдээллийн ажилтан Д.Доржмаагаас тодрууллаа.  

Хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас цахилгаан дамжуулах шугамууд унаж, олон аймаг, сум цахилгаангүй болсон. Цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварлах ажил хэр явж байгаа бэ?

Одоогийн байдлаар засварын ажил 50 хувьтай явж байна. Нийтдээ 14 цахилгааны тулгуур төмөр унасан. Үүнээс 6 – 7 төмөр тулгуурыг нь шинээр суулгаж дууссан байна. Энэ шугамууд унасан газраас зургаан аймаг цахилгаан дамждаг. Аймгуудын цахилгаан дамжуулах уулзвар шугамууд дээр хүчтэй мөндөр, аянга бууснаас шугамууд унаж, цахилгаан тасарсан. Цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг бетон тулгуур гэхэд 26 метрийн урттай, 5.5 тонн жинтэй юм байна. Тулгуур төмрүүдийг бүгдийг нь Улаанбаатараас Булган аймгийн чиглэлд зөөж байгаа учраас хугацаа ордог. Зориулалтын автомашинаар зөөж байгаа.

Цахилгааны шугамуудыг босгох, засварлах ажилд хэчнээн хүн ажиллаж байна бэ?

Нийт 75 инженер техникийн ажилтан газар дээр нь ажиллаж байна. Хамгийн гол нь манай ажилчид хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тус газарт өвдөгнөөс дээш гарсан мөндөр орсон. Намаг шалбааг маш ихтэй. Автомашин зорчиход төвөгтэй хүнд нөхцөлтэй байгаа. Газар дээр нь 70 гаруй хүн ажиллаж байна. Цахилгааныг холбох ажилд заавал мэргэжлийн хүмүүс байх шаардлагатай байдаг. Зүгээр нэг хүмүүсийг дайчлаад оруулчихож болдоггүй. монтёр гэхэд энэ чиглэлд 26 метрт гарах хүнийг тусгай бэлддэг юм байна лээ. Тэгэхээр яг салбарын хүмүүс ажиллаж байна. Тиймээс хүч түрээд “Гал түймэрт яв” гээд хүмүүсийг аваад явдаг шиг ажиллуулж болдоггүй. Дандаа мэргэжлийн боловсон хүчин ажлуулдаг учраас хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Цай, хоолгүй өдөр, шөнөгүй манай хүмүүс ажиллаж байна.

Шугамуудыг хэзээ босгож, цахилгааныг холбож дуусгах бол?

 Өнөөдөр оройны 19:00 цагийн байдлаар яг хэдийд цахилгааныг холбох талаар ажлын хэсгийнхэн тодорхой мэдээлэл хэлэх байх. Өнөө шөнө цахилгааныг холбох уу, маргааш холбох уу гэдгийг тодорхой болгоно. Ерөөсөө хугацаа алдахгүйгээр цахилгааныг холбохоор ажиллаж байна. Маргаашдаа багтаж цахилгааныг холбочих болов уу гэж найдаж байна.

 Эрчим хүчний яам дээрх мэдээллийг өглөө. Бетонон тулгуурыг 32 м/с хурдтай салхинд тэсвэртэй байхаар тооцоолон суурилуулж байгаа учраас засварын ажилд багагүй цаг,хугацаа шаардагдаж байгаа аж. Байгалийн гамшигт өртөж, хугарч унасан төмөр бетон тулгууруудыг анх 1980 онд суурилуулсан бөгөөд нийтдээ 37 жил ашиглагдаж, хуучирч муудсан тулгуурууд байсан байна. Иймээс хүчтэй салхины ая даагаагүй бололтой. Эрчим хүчний яамныхан түргэн хугацаанд цахилгааныг холбохоор шуурхай ажиллаж байгаа юм байна.


Т.Амараа

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top