Иракийн олзны цэргүүдийг эрүүдэн шүүж, амь насыг нь хороосон, Хиллари Клинтон, Ардчилсан намын хуйвалдаан, АНУ-ын Тагнуулын төв газрын цахим мөрдлөг. Энэ бүхэн Жулиан Ассанжийн үүсгэн байгуулсан WikiLeaks сайтын ачаар олон нийтэд ил болж байлаа.
Австралийн сэтгүүлч Жулиан Ассанж Лондонгийн шүүхийн шийдвэрээр суллагдсан билээ. WikiLeaks сайтыг үүсгэн байгуулагч, 2019 оноос хойш Лондонгийн Белмарш хорих газарт хоригдож байв. Тэрбээр өмнө нь Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд хэдэн жилийг өнгөрүүлж, эцэст нь АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр Британийн цагдаа нарт баривчлагдаж байлаа.
WikiLeaks сайтын редакц сэтгүүлч Ассанж, АНУ-ын прокурорын газартай хэлцэл хийсэн тухай баталсан. Тэрбээр үндэсний батлан хамгаалахын нууц мэдээллийг хуйвалдааны аргаар олж авч, ил тод болгосон хэрэгт гэм буруугаа хүлээжээ. Зургаадугаар сарын 26-нд болсон АНУ-ын тойргийн шүүх түүнд 62 сар хорих ял оноосон ч хэлцлийн дагуу Лондонгийн хорих газарт таван жил хоригдсон хугацааг дүйцүүлэн тооцсон.
Жулиан Ассанж WikiLeaks сайтыг 2006 онд үүсгэн байгуулжээ. Тус цахим хуудас нууц мэдээлэл нийтэлдгээрээ алдартай. Түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн нь АНУ-д шилжүүлэх шалтаг юм хэмээн Ассанж өөрөө мэдэгдэж байв. WikiLeaks төслийн дуулиан тарьсан нийтлэлүүд нь АНУ-ын нууц баримт бичгүүдийг ил болгосонтой холбоотой юм.
Иракийн хавтаст хэрэг
2010 оны аравдугаар сард WikiLeaks АНУ-аас 2004-өөс 2009 оны хооронд Иракт явуулсан цэргийн ажиллагаатай холбоотой 392 мянган баримт бичгийг нийтэлсэн билээ. Нууцын зэрэглэлтэй тайланд холбоотны цэргүүдийн энгийн иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг багтаажээ. Үүнд энгийн иргэдийн амь насыг хөнөөх, эрүүдэн шүүх, хүчирхийлэх зэрэг гэмт хэргүүдийн талаарх мэдээлэл багтсан байна. Иракийн олзны цэргүүдийг эрүүдэн шүүж, гутаан доромжилж, улмаар амь насыг нь хөнөөх, бууж өгөхийг оролдсон Иракийн босогчдыг буудан хороох, агаарын цохилтоор Ройтерс агентлагийн сэтгүүлчдийн амийг хөнөөсөн /нисдэг тэрэгний нисгэгч телевизийн камерыг гранат шидэгчтэй андуурсан/ хэргийн талаарх мэдээлэл шуугиан дэгдээсэн билээ. Олон нийтэд ил тод болсон аймшигт хэргүүдийн ихэнхийг АНУ-ын эрх баригчид мөрдөн шалгаагүй байна.
Кэблгейт
Иракийн хавтаст хэрэгтэй холбоотой дуулиан, шуугиан намжиж амжаагүй байхад 2010 оны арваннэгдүгээр сард WikiLeaks дахин дуулиан дагуулсан мэдээлэл ил тод болгов. Тэр нь АНУ-ын Төрийн департаментын нууцын зэрэглэлтэй 250 мянган захидлыг нийтэллээ.
“Кэблгейт/ Cablegate” хэмээн нэрлэгдсэн дуулиант хэргийн материалаас АНУ-ын тусгай албад НҮБ-ын удирдлагыг мөрддөг болох, Турк улс “Аль Каида” бүлэглэлд зэвсэг нийлүүлсэн, Иран улс Оросын загвараар хийсэн орчин үеийн пуужинг Умард Солонгосоос авдаг байсныг дэлхийн нийт олж мэдсэн юм.
Үүний сацуу, нууцын зэрэглэлтэй захидлаас Европын улс орнуудын удирдагчдад янз бүрийн үнэлгээ өгдөг байсан нь ил болов. \
Тухайлбал, Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконийг “улс төрийн болон бие бялдрын хувьд сул дорой” ч сексийн асар их дур сонирхолтой хүн хэмээн тодорхойлсон бол Германы тухайн үеийн канцлер Ангела Мерекелийг “их зантай”, Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозийг “захирангуй, гомдомхой, бүдүүлэг” хэмээн тодорхойлсон байжээ. Оросын удирдагчдыг ч гэсэн тойроогүй байна. Дмитрий Медведевийг DC Comics киноны туслах дүр болох Робинтой зүйрлэж, “сул, эргэлзсэн” хэмээсэн бол Владимир Путиныг “альфа эрэгчин” гэж тодорхойлжээ. Оросын төрийн тогтолцоог бүхэлд нь “бараг мафижсан төр” хэмээн тодорхойлсон байна.
Клинтоны захидлууд
АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө WikiLeaks нэр дэвшигч Хиллари Клинтоны хувийн цахим шуудангийн хаягаас явуулсан 30 мянган захидлыг ил болгов. Эдгээр захидал нь Хиллари Клинтоны АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байх үе буюу 2010-2014 онд хамаарчээ. Клинтон нууцын дээд зэрэглэлд хамаарах баримт бичигтэй ажиллахдаа маш муу хамгаалалттай сервер ашигладаг байсан нь тогтоогдов. Өөрөөр хэлбэл Төрийн департаментын дүрмийг бүдүүлгээр зөрчсөн байна. Холбооны мөрдөх товчоо энэхүү хэргийг шалгасан ч ерөнхий прокурор Лоретта Линч, Клинтоны эсрэг хэрэг үүсгэхгүй байх шийдвэр гаргаж байжээ.
Үүний дараа WikiLeaks Хиллари Клинтоны Ардчилсан намын Үндэсний хорооны гишүүд болон сонгуулийн штабынхаа тэргүүн Жон Подестатай харьцсан захидлуудыг нийтэд ил болгосон байна. Захидлуудаас үзвэл Үндэсний хороо төвийг сахих зарчмыг зөрчин, сонгуулийн урьдчилсан сунгааны явцад Хиллари Клинтоны дэмжсэн болох нь тодорхой болжээ.
WikiLeaks сайтын нийтлэлтэй холбоотой дуулиан Хиллари Клинтонд өрсөлдөгч Доналд Трампад ялагдахад хүргэсэн гэж Клинтон өөрөө үздэг байна. “Жеймс Комигийн захидал болон миний төлөө санал өгөхөд бэлэн байсан хүмүүст эргэлзээ төрүүлсэн Оросын WikiLeaks-ийн нийтлэл байгаагүй бол би ялах байсан” гэж хожим нь Клинтон ярьжээ. Тухайн үед Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс Коби нууц баримт бичигтэй ажиллах дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоох мөрдөн шалгалт явуулахыг шаардаж байжээ.
Орос, WikiLeaks, Доналд Трамп хамтран Хиллари Клинтоны сонгуулийн сурталчилгааг нураасан эсэхийг шалгах үүргийг АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер хүлээж байлаа.
“Vault 7”
2017 онд WikiLeaks АНУ-ын Тагнуулын төв газрын хакерын хөтөлбөрийн талаарх нууцын зэрэглэлтэй цуврал материалыг нийтэллээ. Мэдээллийг Тагнуулын төв газрын Виржиниа мужийн Лэнгли дэх Кибер тагнуулын төвийн дотоод сүлжээнээс авсан гэх. Хавтаст материалуудыг “Vault 7 /орогнох байр/” гэж нэрлэжээ.
Баримт бичиг хөтөлбөрийн цар хүрээ хэр том болох төсөөллийг өгдөг. Кибер тагнуулын төвийн системд цахим мөрдлөг, халдлага үйлдэх хөтөлбөр дээр ажилладаг 5000 гаруй хэрэглэгч бүртгэгдсэн байжээ. Тэдгээрийн дунд нууц үг, дуу, дүрс барих, мэдээлэл устгах, антивирус программыг устгах модуль цуглуулагчид байжээ. Тагнуулын төв газрын тагнаж, чагнасан мэдээллийг хадгалдаг нууц серверийг “Халаасны Путин (PoсketPutin)” хэмээн нэрлэдэг болох нь ил болов.
Тагнуулын үйл ажиллагааны хүрээнд iOS, Android, Windows зэрэг түгээмэл үйлдлийн системийг эвдэх аргуудыг боловсруулж, ахуйн цахилгаан хэрэгсэл, тухайлбал “Samsung” зэрэг зурагтад яриа бичих функц суулгаж, мэдээллийг Тагнуулын төв газарт илгээдэг байжээ. Автомашины компьютерыг хүртэл хакерддаг байсан нь Тагнуулын төв газар золгүй ослыг зохион байгуулдаг байж магадгүй гэх хардлагыг төрүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
this gay is terrorist helper
АНУ үнэндээ ийм л улс
muu novshiig nasaar ni horih heregtei baisiin. zalihai novsh.