Лондонгийн Эрүүгийн ерөнхий шүүхийн шүүгч Ванесса Барайтсер WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэхээс татгалзлаа. Шүүгч Ассанжийг АНУ-д шилжүүлснээр сэтгэцийн эрүүл мэнд нь доройтож, улмаар амиа хорлож болзошгүй гэж үзсэн тул ийм шийдвэр гаргажээ.
Лхагва гарагт (2021.01.06) шүүх Ассанжийг батлан даалтаар суллах эсэх тал дээр шийдвэр гаргах бол АНУ-ын тал шүүхийн энэ шийдвэрийг давж заалдана гэж мэдэгдэв.
Жулиан Ассанжийн сүйт бүсгүй Стелла Моррис АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт хандан Ассанжид өршөөл үзүүлэхийг хүсжээ.
Шүүхийн энэхүү шийдвэрийг дэлхийн улс орнуудад дэмжиж хүлээн авч байна. WikiLeaks сайтын ерөнхий редактор Кристинн Храфнссон энэхүү шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бол хүний эрхийн төлөөх “Amnesty International” мөн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж, хэвлэлийн эрх чөлөөнд халдах эрсдэл буйг сануулжээ.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллага Их Британийн эрх баригчдад хандан Жулиан Ассанжийг суллахыг шаардсан байна. Тус байгууллага Ассанжийг АНУ-д шилжүүлэхгүй болсонд баяртай буйгаа илэрхийлээд шүүх хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийг хамгаалах тал дээр хатуу байр суурь баримтлаагүйд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ.
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор түүнд улс төрийн орогнол санал болгожээ.
Сэтгэгдэл ( 0 )