АНУ-ын тусгай албад “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг хордуулах эсвэл хулгайлахыг төлөвлөж байжээ гэж “The Guardian” бичжээ.
Эл ажиллагааны талаар “UC Global” хувийн хамгаалалтын компанийн ажилтан асан дэлгэрэнгүй ярьсан байна. АНУ-ын тагнуулын алба тус компанитай дэлхийд алдаршаад буй сэтгүүлчийг хэрхэн зайлуулах тухай хэлэлцэж байсан бөгөөд тэрхүү ажилтан Ассанжийн хэрэгт гэрчээр оролцож байгаа аж.
Түүний хэлснээр, 2017 онд АНУ-ын тусгай албад “UC Global” компанийн тэргүүн Дэвид Моралест Ассанжийн талаар илүү хүндхэн арга хэмжээ авахыг санал болгосон гэнэ. “Эквадорын элчин сайдын яам руу нэвтрэхийн тулд үүдийг нь нээлттэй орхиж, Ассанжийг хордуулах эсвэл хулгайлахыг төлөвлөж байсан” гэж тэрбээр шүүхэд мэдүүлсэн байна.
Хамгаалалтын компанийн удирдлага ажилтандаа Ассанжийн орогнож байсан Эквадорын элчин сайдын яаманд шинэ камерууд байрлуулах замаар дуу болон дүрсний шууд бичлэг хийх үүрэг өгч байжээ. Ингэснээр АНУ-ын тусгай албаныхан бодит цагт элчин сайдын яаманд болж буйг үйл явдлыг харж, сонсох боломжтой болох байсан гэж Моралес тайлбарласан байна. Тус компанийн ажилтан асан энэ үүрэг даалгаврыг биелүүлэх боломжгүй гэж мэдэгдэхэд Моралес дэлгэрэнгүй зааварчилгаа өгсөн аж. Энэхүү зөөвөрчилгааг гуравдагч тал өгсөн байж болзошгүй бөгөөд гуравдагч тал нь АНУ-ын тагнуулын алба байсан гэж гэрч үзэж байгаа гэж Ассанжийн өмгөөлөгч Марк Саммерс шүүхэд мэдэгджээ. Гэрчийн нэрийг аюулгүй байдлын үүднээс нууцалсан байна.
Лондон хотноо “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэх эсэхийг шийдэх шүүх хурал үргэлжилж байна. АНУ-ын эрх баригчид түүнийг тагнасан болон нууц мэдээллийг задруулсан хэрэгт буруутгаад байгаа юм. Ассанжийг АНУ-д шилжүүлсэн тохиолдолд түүнийг 175 жил хүртэл хорих ял хүлээж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )