Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн, сайд, хууль тогтооч, дипломат зэрэг нийт 160 гаруй нөлөө бүхий улстөрч “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг өмөөрөн, Их Британийн эрх баригчдад хандан захидал ирүүлжээ.
Захидалд дэлхийн удирдагчид Их Британийн эрх баригчдыг үндэсний болон олон улсын хууль тогтоомж, хүний эрх болон хуулийн засаглалыг сахиж, Жулиан Ассанжийг шилжүүлэх эсэх хэргийг шүүх хурлыг төгсгөж, эртнээс авах ёстой байсан эрх чөлөөг нь олгож, эрүүдэн шүүгдэх, улс төрийн мөрдлөг хавчлагаас ангижруулахыг уриалжээ.
Энэхүү захидлыг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, хууль зүйн сайд Роберт Бакланд, гадаад хэргийн сайд Доминик Рааб, дотоод хэргийн сайд Прити Пателд хаягласан байна. Захидалд Ассанжийг АНУ-д шилжүүлэх аваас шударга бус шүүх хүлээж байна гэж онцлоод түүнийг улс төрийн учир шалтгаанаар мөрдөж буй талаар дурджээ. Захидалд Испанийн Ерөнхий сайд асан Хосе Запатеро, Аргентины Ерөнхийлөгч Алберто Фернанедес, Бразилын Ерөнхийлөгч асан Луис Лула да Силва, Австралийн Ерөнхий сайд асан Кэвин Радд зэрэг улстөрчид гарын үсэг зуржээ.
Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэх эсэх шүүх хурал Лондон хотноо 2019 оны тавдугаар сарын 2-нд эхэлсэн. Нууц мэдээлэл задруулсан, тагнасан хэрэгт буруутгагдаж буй Ассанжийг АНУ-д шилжүүлбэл түүнд 175 жил хорих ял оноож болзошгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )