Музей доторх МУИС

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

МУИС-ийн дэд захирал, МУИС- ийн музей байгуулах ажлын хэсгийн дарга, доктор, профессор Ч.УНДРАМ: СУРГУУЛИАРАА БАХАРХАХ, ӨМНӨХ ҮЕЭСЭЭ ҮЛГЭРЛЭХ ЗЭРЭГ ОЛОН ЗҮЙЛИЙГ МЭДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР МУЗЕЙ БАЙГУУЛЖ БАЙНА

-МУИС түүхэн замналаа танилцуулсан музей байгуулж байгаа гэсэн. Анхны ууган их сургуулийг байгуулах үеийн түүхэн нөхцөл байдал болон музей байгуулах болсон үндэслэлийн талаар та юуг онцлон дурдах вэ?

-Их сургууль байгуулна гэдэг үнэхээр том ажил. 1939 оны Халхын голын дайн, өмнөхөн нь их хэлмэгдүүлэлтийн жилүүд гээд хүнд нөхцөл байдал бүрэн арилаагүй үед буюу дэлхийн II дайны хүнд жилүүдэд 1942 онд. МУИС-ийг анх байгуулж байсан. Маш хүнд нөхцөл байдлын дунд Монгол Улсын анхны их сургууль байгуулагдаж байсан түүхтэй. Тэр цагаас эхлүүлээд түүхэн цаг үеийг бүхэлд нь дэлгэн харуулсан музейтэй болохыг бид зорьж байгаа. Орчин үеийн бүхий л шаардлагад нийцсэн музей байгуулж 75 жилийн ойдоо бэлэг барьж байгаадаа баяртай байна.

-Музей хаана байрлаж байгаа вэ?

-Шинэ номын сандаа түшиглэж музейн байршлаа сонгосон. Аливаа сургуулийн оршин тогтнохын гол гурван үндэс нь багш, оюутан, номын сан гэдэг шүү дээ. Оршин тогтнож ирсэн түүхэн замналыг харин музейгээс харна. Шинэхэн музейн маань анхны үзэгчид нь мэдээж тус сургуулийн үе үеийн төгсөгчид, багш нар, алдартнууд өнөөдрийн оюутнууд байна. Сургуулиараа бахархах, өмнөх үеэсээ үлгэрлэх зэрэг олон зүйлийг мэдрүүлэх зорилгоор музейг байгуусан. Нөгөөтэйгүүр 75 жилийн түүх гэдэг үнэхээр арвин баялаг түүх. Анхны их сургууль дэргэдээ музейтэй байх нь зайлшгүй зүйл л дээ.

-Музейн сан хөмрөг ховор нандин олон үзмэрээс бүрдэж байгаа гэж сонссон. Тэдгээрээс дурдвал?

-Тус сургуулийг байгуулах болсон Сайд нарын Зөвлөлийн тогтоол шийдвэрийг Улсын архивын газраас авч ирээд байна. Мөн тус сургуулийг анх байгуулалцан, анхны захирлаар нь ажиллаж байсан Гэгээрлийн яамны сайд асан Т.Машлай, анхны багш нар, оюутнуудын зураг хөрөг, анхны төгсөгч оюутны сурлагын дэвтэр гээд маш ховор зураг олон бий. Ер нь түүхэндээ 13 захирлаар дараалан удирдуулсан байдаг юм. Тухайлбал академич Б.Ширэндэв, УИХ-ын дарга асан С.Төмөр- Очир, Гавьяат багш академич О.Шагдарсүрэн нарын олны танил, алдар хүндтэй хүмүүс МУИС-ийг удирдаж иржээ. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд МУИС геологи, археологийн ангиудтай. Тэдний түүхэн олдвор зэрэг зүйл музейн үзмэрт багтаагүй. Учир нь сургуулийн үүсэл хөгжлийг харуулсан түүхэн музей гэдэг утгаараа гэрэл зураг, бичиг баримтууд давамгай байгаа.

-Танд баярлалаа.

Монгол улс анхныхаа дээд сургууль байгуулахад тэр үеийн нам төрийн удирдагчид чухал үүрэг гүйцэтгэжээ. Маршал Х.Чойбалсан Сургуулийн нээлтэн дээр хэлсэн үгэндээ Манай улс дээд зэргийн боловсролтой хүмүүсээр онц дутагдаж байгаа тул, ийм боловсон хүчнийг улсдаа бий болгон өгөхөд суралцагчид, багш нар хүчин чадлаа хайрлахгүй ажиллана гэж би итгэж байна.

МУЗЕЙ ДОТОРХ МУИС

Шил толь болон гялалзсан шинэхэн, мөн ганган түүхэн музейн үзмэрүүдийг сонирхохоор МУИС- ийн Сургалтын нэгдсэн албаны мэргэжилтэн ХШУИС-ийн зөвлөх доктор, профессор С.Шаарийбуу багшийг зорьж хүрэв. Музейн ажил хараахан цэгцрээгүй аж. Зураг сэлт өлгөхөөс бусад ажил нь ч уг нь жин тан болжээ. МУИС-ийн шинэ Номын сангийн байрны зүүн жигүүрийн томоохон зайг эзлэх тус түүхэн музейн үүдийг өнөө маргаашгүй нээх гэнэ. Гэвч сэтгүүлийн хэвлэгдэх өдөр тулсан тул музейд тавихаар зэхсэн үзмэрүүдийг сонирхохоос өөр боломж үлдсэнгүй. МУИС- ийн түүхийг өөрийн намтар шигээ мэдэх тэрээр, тус сургуулийг байгуулсан түүхээс яриагаа эхлэн үзмэрийг танилцууллаа. Дайны хүнд жилүүдэд их сургууль байгуулахаар зориглосон нь үнэхээр гайхалтай алхам байсан гэдгийг тэрээр тодотгов. Энэхүү музейн үзмэрийн түүхэн зургийг цуглуулах, байршуулах эрхэм үүргийг тэр хүлээжээ.

Музейн танхимд, МУИС-ийн анхны ректор, Гавьяат багш Т.Машлай, ректор Гавьяат багш, академич О.Шагдарсүрэн, Гавьяат багш, профессор Д.Дорж, Гавьяат багш, профессор С.Төмөр-Очир, МУИС-ийн проректор байсан: Хөдөлмөрийн Баатар, профессор Т.Дашцэдэн, Ардын багш, академич Ч.Авдай, Ардын багш, профессор С.Галсан, Гавьяат багш, академич А.Мекей, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн профессор Т.Дорж, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч, шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, академич, МУИС- ийн профессор О.Төмөртогоо, Гавьяат хуульч, МУИС-ийн Хүндэт профессор С.Жалан-Аажав, Нэрт соён гэгээрүүлэгч, Хөдөлмөрийн Баатар Л.Түдэв, АБЯ-ны сайд байсан, МУИС-ийн профессор Р.Санжаасүрэн... нарын алдар хүндэтнүүдийн зургийг эрэмбэ дараагаар байршуулах ажээ. Тус сургуулийг анх байгуулагдахад Монгол Улсын хэмжээнд дээд боловсрол эзэмшсэн гуравхан хүн байсан гэдэг. Тэр тухай академич Б.Ширэндэв гуай “...энэ үед дээд сургууль төгссөн хүн гурав байсан.

Ю.Цэдэнбал, Багшийн сургуулийн Даш, нэг нь би...” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Дайны хүнд жил, Монголд их, дээд сургуулийн мэдлэг боловсролын тухай ойлголт тун дорой байсан тэр цаг үед 90 гаруй оюутан цуглуулж хичээл зааж, танхимд суулгана гэдэг бэрх. Тэрхүү бэрх хэцүүг үл зүрхшээж хичээлээ эхлүүлсэн гэнэ. Дайны талбараас шархтай сургагч багш хүртэл ирж МУИС-ийн анхны багш нарын тоонд багтсаныг бахдан өгүүлэв.

МУИС-ийг байгуулах СнЗ-ийн тогтоол гаргасан түүхэн хүний хувьд МУИС-ийг Х.Чойбалсангийн нэрэмжит болгох санаачилга шийдвэрийг Ю.Цэдэнбал гаргасан нь ахмад үеийн нэр төртэй зүтгэлтнийг хүндэтгэх, гавьяат үйлсийг нь бодитой үнэлэх үзэл бодлын нь илрэл байсан гэлтэй. Өнгө толигор, үзмэр чимгээр дүүрэн музейн танхимын шийдэл цаанаа л өөр. Өнөө цагийн шилэн ганган хийцэт жааз, хоргон доторх 75 жилийн тэртээд эхэлсэн түүхэн үнэнийг тэнд байршуулна. Хулжсан он цагийн гэрчээр гэрэл зураг болоод, тухайн цагийг өгүүлсэн түүхэн тэмдэглэл, баримт сэлт л хоцордог гэлтэй. Барьж байгуулагдаад удаагүй МУИС- ийн номын сангийн барилга ч шил болон гялалзсан ганган байр сав аж. Музейн үзмэр МУИС-ийн 75 жилийн хугацаан дахь хувирал, хөгжил, анхны 90 гаруйхан оюутны гаргасан жим мөр хэрхэн өргөжин тэлж, хэчнээн мянгаар тоологдох болсныг харуулсан түүхэн дарааллыг харуулжээ. МУИС-ийн “үр хүүхэд” болох МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, ХИС, Ховд ИС гээд олон сургуулийн дүр зураг музейд байрлах аж.

Тоолшгүй олон түүхэн гавьяат хүмүүс тус сургуулийн босгыг элээжээ. Алдарт Цэндийн Дамдинсүрэн, Хөдөөгийн Пэрлээ гээд л эхлэх дурдаад баршгүй эрдмийн их оргилуудын нэр зурайна. Арга ч үгүй биз ээ. Тусгаар тогтносон улсын хүн зоны оюуны чиг зүг болсон их сургуулийн түүхэн зам мөр гэдэг аугаа. Үнэндээ МУИС нэгэн байшингийн нэгээхэн хэсэгт бүү хэл хэд хэдэн байр байшинд багтахааргүй үүх түүх, үзмэр цуглуулгатай гэдэг нь тодорхой буй за. Зөвхөн түүхэн замналыг харуулах зорилгоор байгуулж буй үзмэрүүд нь л тэнд тавигдах юм байна. Өдөр дунд эхэлсэн бидний уулзалт нар хэвийхэд үзмэрүүдтэй нэг мөр танилцаж дууссан билээ. МУИС- ийн түүхэн замналыг харуулсан гэрэл зураг, үзмэрээс дээжлэн уншигчдадаа толилуулья.

Бэлтгэсэн: Л.Ганзул

2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.120.235.80) 2019 оны 05 сарын 28

Энэ авгай өөртөө Фэйсбүүк хуудас энэ тэр нээчихсэн. Аминдаа л өөрийгөө рекламдаад өрөвдөлтэй ч юм даа

0  |  0
molor erdene(103.212.118.180) 2018 оны 03 сарын 24

HOTSROGDSON SURGUULIIG TATAN BUULGAH BAITAL MUZEI BAIGUULAH YUM

0  |  0
erden(66.181.186.52) 2018 оны 03 сарын 23

Eneg avgai zàiluuldaa chadal daanch baihgui ajil hiideg arga ni oooriigoo surtachlah yum bilee ydarsan emegtei

0  |  0
Top