Улс төрийн намын гишүүдийн менежментийг сайжруулах сургалт боллоо

2018 оны 05 сарын 15

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Германы Социал Демократ Нам /ГСДН/-ын Удирдах Зөвлөлийн дэргэдэх намын сургуулийн захирал Клаус Тобар болон Сургагч багш Селина Шерик нар Монгол улсад айлчилж буй юм. Айлчлалын хүрээнд Монгол Ардын Намын шат шатны удирдлагуудад зориулсан Улс төрийн намын гишүүдийн менежментийг хэрхэн сайжруулах талаар сургалт зохион байгууллаа. Сургалтаар ГСДН-ын гишүүдийн менежментийн талаар мэдээлэл хийж, харилцан туршлага солилцов. 

Монгол Ардын Нам 2018 оныг намын анхан шатны байгууллагыг идэвхжүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд Германы Социал демократ намтай хамтран намын анхан шатны байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр сургалт зохион байгуулж буй нь энэ юм. “Цаашид намын анхан шатны байгууллагуудын зохион байгуулалтыг сайжруулах сургалт зөвлөмжийг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ Удирдах зөвлөл анхан шатны нэгжүүдтэйгээ нягт хамтран ажиллана” гэдгийг намын удирдлагууд онцоллоо.

Монгол Ардын Нам, Германы Социал Демократ нам 1991 оноос хойш найрсаг хамтын ажиллагаатай байж ирсэн бөгөөд энэ нь Фридрих Эбертийн сан  Монголд үйл ажиллагаагаа явуулснаар эхэлсэн гэж үздэг байна.

Германы Социал Демократ Нам нь 450 мянган гаруй гишүүнтэй ХБНГУ-ын улс төрийн томоохон хүчнүүдийн нэг юм. Намын удирдах зөвлөл 45 гишүүнтэйгээс 25 гишүүн нь намын дэргэдэх сургууль төгссөн байдаг ажээ. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top