Машинаараа гадаадад маш хямдхан аялах боломжууд

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 08

Урин дулааны цаг ирж хүн болгон аялал зугаалгын бэлтгэлээ хангаж буй. Хэрэв хямд төсөр өртгөөр хөрш орнууд руугаа аялахыг хүсэж буй бол танд өөрийн автомашинаараа Манжуур болон Улаан-Үд хотуудад аялахыг санал болгож байна. Мөн Улаан-Үд хот руу галт тэргээр, Манжуур хот руу онгоцоор явах боломжтой бөгөөд хүсвэл аяллын компаниар зуучлуулан нэгдсэн үйл ажиллагаанд хамрагдан аялах боломжтой юм.

Улаан-Үдийн аялал

Улаан-Үдийн аялал зурган илэрцүүд

Машинаар аялах- Хувийн бэлтгэл, машины аюулгүй байдлыг сайтар хангаад Дархан хотын хүртэл 210 км замыг засмал замаар, цаашлаад Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот хүртэл 130 км, эндээс 22 км яваад хилийн Алтанбулаг боомт хүрнэ. Алтанбулагийн боомт хоногийн 24 цагаар ажилладаг. Алтанбулаг боомтоос 260 км яваад Улан-Удэ хотод хүрнэ. Хэрэв та Байгаль нуурт аялахыг хүсвэл Улан-Удэ хотоос цааш 230 км замыг ахин туулах хэрэг гарна.

Манжуурыг бодвол энд машинтайгаа зорчиход мөрдөх хэд хэдэн анхаарууштай зүйл бийг сануулъя. Өөрийн болон цуг яваа хүний аюулгүй байдлыг ханган суудлын бүс заавал зүүх, өдөр шөнийн алинд ч гэрлээ асааж зорчих, даатгалд хамрагдсан байх, машин өөрийн нэр дээр байх (өөр хүн болон албан байгууллагын нэр дээр байдаг бол итгэмжлэх бичүүлээд баталгаажуулаад орчуулсан байх шаардлагатай), машины урд болон хажуугийн цонхны тен 25 хувиас илүү бууралтгүй байх.

Улан-Удэд та Дэлхийн хамгийн том толгой буюу В.И.Лениний толгой хөшөө, "Иволгийн дацан" дахь Итгэлт хамбад мөргөж, Арабын гудамжинд дэлхийн алдартай брэндүүдийн дэлгүүр байх бөгөөд эндээс худалдаа хийж болно.

Аяллын компаниар зуучлуулан аялах

Улаан-Удэ хот руу аялалд зуучилдаг компаниуд дунджаар 3 хэрэв байгаль нуур хүртэлх аялах бол 4-6 хоногийн аялал санал болгоно. Ингэж зуучлуулан явахад  та ойролцоогоор 300 мянгаас 500 мянган төгрөгийн төлбөр төлнө. Энэ үнэд галт тэрэгний билетийн үнэ, буудлын мөнгө багтсан байдаг бөгөөд хоол хүнс, худалдаа үйлчилгээний зардлыг та өрөө хариуцах юм. Ингэж явснаар та мөн л аяллын компанийн санал болгосон маршрутын дагуу аялна.

Манжуурын аялал

Манжуурын аялал зурган илэрцүүд

Машинаар аялах- Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төв Чингис хаан хот хүртэл засмал замаар явна. Эндээс цааш явах Чингис хаан-Чойбалсан чиглэлийн 323 км шороон зам болон Чингис хаан-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн 685 км засмал замаар явах сонголт бий. Хил нэвтрэх албан бичгийг Чойбалсан хотоос авдаг бөгөөд энэ бичгийг авахын тулд өөрийн иргэний үнэмлэх болон машинд холбогдох бичиг баримтын хуулбар хэрэг болно.

Манжуур хотод очихын тулд Хавиргын боомтоор гарах бөгөөд  Чойбалсан хотоос Хавиргын боомт хүртэл 124 км замыг туулна. Боомтоор хил гарахдаа машинаа бүртгүүлээд “биржийн ногоон бичиг”-ийг авна. “Биржийн ногоон бичиг” Хятадын хилээр нэвтрэхэд шаардагдана. Ингээд БНХАУ-ын Ар Хашаат боомтоор орж 205 км замыг засмал замаар туулан Манжуур хотод хүрнэ.

Манжуур нь Хятад улсын хот хэдий ч Европ маягийн барилга ихтэй. Нэг сая гаруй хүн амтай тус хотод Монгол болон Оросын иргэд хамгийн ихээр жуулчилдаг. Жуулчин их ирдэг учир энд зочид буудал ихтэй. Буудлууд нь зэрэглэлээсээ хамаараад 40-500 юань ханштай.  Манжуур хот замын нэг чигийн хөдөлгөөнтэй учир энд байх хугацаандаа замын тэмдэглэгээг анхааралтай хараарай.

Манжуурт аялснаар та Матрешка цогцолбор, Манжуур толгой, Европ хэв маяг бүхий барилга, Зааны ясан хөшөө цогцолбор, Нүүрсний 3D уурхай музей зэргийг үзнэ. Мөн та дөрвөн улирлын турш ажилладаг цанын баазад тэшүүр, цанаар хүссэнээрээ гулгаж болно. Энд жуулчид ихэвчлэн худалдаа наймаа хийх гэж ирдэг бөгөөд хамгийн эрэлттэй бараа нь булган шуба.

 

Аяллын компаниар зуучлуулан аялах

Манжуур хот руу аялалд зуучилдаг компаниуд дунджаар дөрөв хоногийн аялал санал болгодог бөгөөд ойролцоогоор 550 мянган төгрөгийн төлбөр төлнө. Тэгэхдээ энэ үнэд зөвхөн  онгоцны тийз, буудлын мөнгө багтсан байдаг бөгөөд хоол хүнс, худалдаа үйлчилгээний зардлыг та өрөө хариуцах юм. Ингэж явснаар та зөвхөн аяллын компанийн санал болгосон маршрутын дагуу аялна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top